Талибаны удирдагчдын дунд хагарал үүсч эхэлжээ

Дэлхийн мэдээ

Афганистаны засгийн эрхийг аваад байгаа “Талибан” хө­дөл­гөөний удирдагчдын дунд хурц сөргөлдөөн үүсээд байна гэж тус хөдөлгөөний өндөр ал­ба­ны эх сурвалжаас авснаа Би-би-си агентлаг дамжуулсан байна. 

Ерөнхийлөгчийн ордонд бол­сон зөвлөгөөн дээр “Талибан” хөдөлгөөнийг үндэс­лэг­чийн нэг, ерөнхий сайдын орлогч Абдул Гани Барадар, Дүр­вэгс­дийн асуудал эрхэлсэн сайд Халил Рахман Хаккани хоёр муу­далц­сан гэнэ. Хаккани бол “Хакканийн сүлжээ”  хэмээдэг бүлэг­лэлийн нөлөө бүхий нэгэн. 

Тэд бие бие рүүгээ бүдүүлэг үг шидэлцсэнээр Засгийн газар дахь аль аль талынхан нь  хөндлөнгөөс оролцож сөргөлдөөн ширүүсчээ. 

Тэдний маргаан талибуудын ялалтын гол архитектор нь хэн бэ гэдгээс үүдсэн гэнэ. Барадар болохоор талибууд засгийн эрхэнд гарсан нь дипломатуудтай хэлэлцээр хийсний үр дүн, тэр хүмүүсийн нэг нь би гэсэн юм байна. 

Харин “Хакканийн сүлжээ”-нийхэн болохоор өндөр албаны талибуудын удирдсан цэргийн ажиллагааны амжилт гэжээ. 

Үнэндээ Барадар бол АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай 2020 онд утсаар ярьж, талибуудын түүхэн дэх америкийн ерөнхийлөгчтэй шууд хэлэлцээр хийсэн анхны өндөр албаны төлөөлөгч. Энэ хүртлээ тэрбээр Афганистанаас америкийн цэргийг гаргах асуудлыг зөвшөөрсөн Дохагийн хэлэлцээрт бас гарын үсэг зурсан хүн. 

“Хакканийн сүлжээ” бол сүүлийн жилүүдэд Афганистаны зэвсэгт хүчин болоод барууны холбоотны хүчин рүү удаа дараа дайрсан хамгийн цус асгаруулагч хүчин юм. Ийм ч болоод АНУ, Орос зэрэг орнууд  “Хакканийн сүлжээ”-г террорист байгууллага гэж үздэг. 

“Хакканийн сүлжээ” байгууллагын тэргүүн Хаккани Сиражуддиныг Афганистаны засгийн газарт Дотоод хэргийн сайдаар томилсон юм.

#МонголынМэдээСонин #Дэлхий

2021 оны есдүгээр сарын 17. Баасан. №118 (5523)