Үнэ өсгөж инфляц сумласан шатахуун импортлогчдоос Онцгой албан татвараа авая

Улс төр

Бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ өсч иргэдийн түрийвчийг гөвж эхлэв. Өнөөдөр 10 мянган төгрөгтэй хүн үмх мах, атга гурил авч чадахгүй шахуу байдалд хүрчээ. Тодруулбал, хонины нэг кг ястай мах 10500, нэг кг гурил 1600 төгрөгийн үнэтэй байна. Иймд сарын 500 мянган төгрөгийн цалинтай хүн зөвхөн  хүнсний сарын хэрэгцээний хүнсээ базааж чадахгүйд хүрч байгаа аж. Эдийн засагчдын судалгаагаар дээрх хэмжээний цалинтай хүн сард хүнсэндээ орлогынхоо 80 хувийг зарцуулдаг. Иймд бусад хэрэглээгээ хангах боломжгүй хэмээн үзсэн байдаг.  

Тэгвэл  Монголбанк энэ  оны    инфляц 9.1 хувьд хүрч өссөн талаар мэдээлэв. Эдийн засагчид цаашдаа ч инфляц өснө хэмээн таамаглаж буй билээ. Учир нь импортын барааны татан авалт гацаж мэдэх аюул бий. Манай улсад “Ковид-19” цар тахлын халдварын  өдөрт бүртгэгдэж буй тохиолдол, нас баралт нэмэгдсэн. Халдварын хоёр давлагаа эхэлсэн гэж эрдэмтдийн зөвлөл мэдэгдсэн. Иймд цар тахлын халдвар өндөр байгаа нь хоёр хөрш хилээ хааж импортын барааны татан авалт экспортын худалдаа зогсох хэмжээнд хүрч болзошгүй юм. Тэгэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт гэсэн “хадны мангаа” ойрхон байна гэсэн үг.  Инфляц өсч бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд хэд хэдэн хүчин зүйл шууд нөлөөлсөн. Нэгдүгээрт Замын-Үүд боомтод үүссэн нөхцөл байдал орно. Энэ боомтоор орж ирэх ёстой ачаа “түгжирч” ачаа тээврийн үнэ хөлс огцом нэмэгдсэн билээ. Тодруулбал, нэг тонн ачаа БНХАУ-ын Эрээн хотоос Замын-Үүд боомтод оруулж ирэхэд өмнө нь 3-5  мянган төгрөг байж. Гэтэл урд хөрш хил нэвтрүүлэх машинд хязгаарлалт тогтоож өдөрт 100 орчим машинд зөвшөөрөл олгох болсон. Энэ үед ачаа тээврийн дээрх үнэ 16 мянган төгрөгт хүрч огцом нэмэгдсэн удаатай. Тээврийн  зардлын өсөлт нь бараа бүтээгдэхүүний үнийг шууд өсгөх нь тодорхой. Хоёрдугаарт бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх бас нэг гэнэтийн цохилт болсон. Шатахууны үнэ литр тутамдаа 350 төгрөгөөр нэмэгдэж манай эдийн засаг, иргэдийн түрийвчийг хоослоход хүргэв. Цаашдаа ч шатахууны үнэ литр тутамдаа дахиад 300 төгрөгөөр нэмэгдэх эрсдэл бий. Учир нь шатахуун импортлогчид үнэ нэмсэн шалтгаанаа “Дэлхийн зах зээл дээр газрын тос, шатахууны үнэ нэмэгдсэн. Бид литр тутамдаа 600 төгрөгийн алдагдал хүлээж байна” хэмээсэн. Тэгэхээр үнийн өсөлт зогсох болоогүй аж. Уг нь Засгийн газар 2018 онд шатахуун импортлогчдийг үнэ нэмэхгүй байхыг сануулж АИ-80, АИ-92 бензины онцгой албан татварыг тэглэсэн. Энэ арга хэмжээ өнөөдрийг хүртэл хэвээр үргэлжилж байгаа. Гэтэл шатахуун импортлогчид нийгмийн хариуцлагаа биелүүлэлгүй шатахууны үнийг нэмчихлээ. Цаашдаа ч нэмж магадгүй болсон. Тэгэхээр  үнэ нэмэгдсэн тул төр засаг татварын хөнгөлөлтөө цуцалж Онцгой албан татвараа авч ядарсан төсөвтөө нэмэр болох нь зүйн хэрэг болж хувирлаа. Шатахуун импортлогчид үнэ нэмэхдээ дэлхийн зах зээлийн нөхцөл байдлыг дурддаг. Тэгвэл дэлхийн зах зээл дээр газрын тос, шатахууны үнэ унасан үед дагаад нэг литр шатахууны үнийг хямдруулдаггүй зантай. Мөн л алдагдалтай ажиллаж буйгаа яриад сууж байдаг. Хэрэв тэгж их алдагдалтай ажилладаг юм бол шатахууны бизнес эрхлэх шаардлага байхгүй биз дээ. Иймд үнэ өсгөж инфляц сумласан шатахуун импортлогчид хариуцлагаа хүлээх цаг нь болсон. Төр засагч дорвитой, шийдэмгий арга авах нь зүйтэй болов уу.

#МонголынМэдээСонин #Дугаарын60мөр

2021 оны есдүгээр сарын 17. Баасан. №118 (5523)