Цар тахлын сүүдэрт дайруулсан эдийн засгийн үнэн төрх

Улс төр

Цар тахлын улмаас улс орнууд хатуу хөл хорионд шилжиж, хилээ хааснаар хамгийн түрүүнд аялал жуулчлал, үйлчилгээний салбарууд цохилтод өртсөн. 2020 оны эхний хагас жилд дэлхийн хэмжээнд 195 сая гаруй хүн ажлын байргүй болсон гэх тооцоо бий. Араас нь газрын тосны үнийн уналт бий болж, хөл хорионы улмаас жижиг дунд бизнесүүд хаалгаа барихаас өөр сонголтгүй болов. Улмаар цар тахлаас улбаатай эдийн засгийн хямрал 2020 оны хоёрдугаар сар гэхэд дэлхий нийтийг нөмөрч, хүн төрөлхтөн 1929 оны Их хямралаас хойших хамгийн гүн эдийн засгийн уналттай нүүр тулсан.

Засгийн газрууд хямралыг гарз багатай даван туулах зорилгоор зах зээлд их хэмжээний бэлэн мөнгөний нийлүүлэлт хийж, түүхэнд байгаагүй өндөр дүнтэй халамжийн хөтөлбөрүүдийг ар араасаа баталсан. Үр дүнд нь валютын ханш унаж, инфляцын өсөлт цар тахлаас дутуугүй сорилт болж хувирсан билээ.

Ийнхүү улс орнууд эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах эсвэл эдийн засгаа аврах гэсэн хоёр сонголттой тулсан. Гэвч хоёр фронтод зэрэг тулалдах ямар ч боломжгүй болох нь олон орны туршлагаар нотлогдсон. Тиймээс өнөөдөр дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралыг цар тахлын хэмжээнд хүргэчихгүй байхын төлөө зорьж байна.

Хатуу хөл хорио хэрэгжүүлсэн цар тахлын эхэн үе буюу 2020 онд Монгол Улсын ДНБ оны эхний хагас жилд 9 хувь, оны эцсийн байдлаар 4.6 хувиар агшсан. Тэгвэл эдийн засгаа хамгаалах бодлого хэрэгжүүлж эхэлсэн 2021 оны эхний улиралд манай улсын ДНБ 15.7 хувь өсөв. ДНБ-ий өсөлтөд эзлэх хувиар уул уурхай, олборлох салбар 56.5 хувь, аж үйлдвэр, бүтээгдэхүүний цэвэр татвар 49.9 хувь, барилгын салбар 18.7 хувь тус тус өссөн нь гол нөлөөг үзүүлсэн.

Гэвч манай улсад цар тахлын нөхцөл байдал хүндэрч, экспорт саарснаар 2021 оны хоёрдугаар улиралд ДНБ-ий өсөлт 5.1 хувиар буурч, 13.6 хувьд хүрсэн. Хэдий энэ нь өмнөх оны эхний хагас жилтэй харьцуулахад 6.3 хувиар өссөн үзүүлэлт ч үнэндээ бид өнгөрсөн хугацаанд ашиглаж болох маш их боломжоо алдсан. Тэгвэл цар тахлын хямралыг цаашид хохирол багатай давахын тулд  алдсан болон ашиглаж чадсан болом­жууддаа дүгнэлт хийх нь зүйтэй.   

Төгрөгийн ханш

Цар тахлын хямрал эхэлсэн 2020 оны хоёрдугаар сараас хойш ам.долларын валютын индекс 9.2 хувиар буурсан. Гэвч энэ хугацаанд ам.доллартой харьцах төгрөгийн ханш 2756-гаас 2850 болж суларчээ.

Өрхийн орлого ба инфляц

Өрхийн нийт орлого 2021 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 мянган төг­рө­гөөр нэмэгдсэн. Үүнд тэт­гэ­вэр, тэтгэмж 190 мянган төгрөгөөр нэ­мэгд­сэн нь гол нөлөөг үзүүлсэн. Тэт­гэ­вэр, тэтгэмж нэмэгдсэн нь ир­гэн бүрд олгосон 300 мянган төг­рөг, цалингийн зээлгүй ахма­дуу­дад олгох нэг сая төгрөг зэрэгтэй холбоотой. Гэвч өрхийн цалингийн орлого оны эхний хагас жилд 101 мянган төгрөгөөр буурчээ.

Хэдий өрхийн орлого нэмэгдсэн ч оны эхний хагас жилд инфляц 4 пунктээр өсөж, 7.4 хувьд хүрсэн. Инфляцын өсөлтөд хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 47.7 хувь, тээврийн хөлс 23.3 хувь өссөн нь гол нөлөөг үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, өрхийн орлого өссөн ч инфляц нэмэгдсэн нь амьжиргааг бууруулав.   

Ажилгүйдлийн түвшин

Эдийн засгийг дэмжих 10 их наяд төгрөгийн цогц хөтөлбөрийн хүрээнд 24 мянга гаруй аж ахуй нэгжид гурван хувийн хүүтэй зээл олгосон. Мэдээж хөнгөлөлттэй зээлийн ачаар олон мянган ажлын байр хадгалж, бий болгож чадсан. Үр дүнд нь ажилгүйдлийн түвшин 2021 оны хоёрдугаар улиралд өмнөх улиралтай харьцуулахад 0.4 хувиар буурч, 8.4 хувь болсон.

Нүүрсний экспорт

Дэлхийн түүхий эдийн зах зээлд өнгөрсөн жил хагасын хугацаанд манай улсын экспортын орлогын гол хэсгийг бүрдүүлдэг нүүрсний ханш 140.8 хувь өссөн. Хятадын зах зээлд коксжих нүүрсний ханш тонн тутамд 620 ам.долларт хүрээд байна. Түүнчлэн Бээжин өнгөрөгч онд Австралийн нүүрсэнд хориг тогтоож, манай улс урд хөршийн коксжих нүүрсний импортын зах зээлд ноёрхох боломж бүрдсэн. Улмаар бид энэ онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Гэвч 2021 оны эхний долоон сарын байдлаар ердөө 10.3 сая тонн нүүрс экспортлоод байна.

Хэдий нүүрсний гол тээвэр явагддаг Шивээхүрэн, Гашуунсухайт боомтууд дээр чингэлэг тээврийн терминал байгуулсан ч өнөөдөр бодит байдал дээр өнгөрсөн жилийн хатуу хөл хорионы үед экспортолсон 28.6 сая тоннд ч хүрэх боломжгүй харагдаж байгаа юм.

Зэсийн экспорт

Харин зэсийн хувьд боломжийг харьцангуй ашигласан гэж хэлж болохоор. Тухайлбал, 2020 оны хоёрдугаар сараас хойш дэлхийн зах зээлд зэсийн ханш 58.4 хувь өссөн. Манай улс 2020 онд 1.39 сая тонн зэсийн баяжмал экспортолсон бол энэ оны эхний долоон сарын байдлаар 747.5 мянган тонн экспортлоод байна. Өөрөөр хэлбэл, ханшийн өсөлтөөс хамаарч экспортын гүйцэтгэл 53.7 хувьтай байгаа ч экспортын орлого өнгөрсөн оны нийт дүнд хүрээд байгаа юм. Мөн нүүрсний тээвэр саатаж байгаа ч зэсийн экспорт хэвийн үргэлжилсээр байна.

Үл хөдлөх хөрөнгийн үнэ

Эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд импотекийн зээлийн хүүг зургаан хувь болгон бууруулсан. Улмаар банкны зээлийн төвүүдэд импотекийн зээлийн авах хүсэлтэй иргэдийн уртаас урт дараалал үүссэн.   

Харамсалтай нь, Замын-Үүд боомтод ачаалал үүсэж, барилгын материалын тээвэрлэлт саатсан явдал нь үл хөдлөх хөрөнгийн ханш бүсчлэлээс хамаарч 20-30 хувь өсөхөд нөлөөлжээ. Мөн нөгөө талдаа шинэ байрны эрэлт өндөр, шинээр ашиглалтад орох болон зарах байрны нийлүүлэлт бага байгаагийн дээр барилгын салбарт зээл олголт хангалтгүй байгаа нь үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтөд ихээр нөлөөлж байна. Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын мэдээлж байгаагаар улмаар шинэ барилгын метр квадратын үнэ долоо хоног тутамд 20-50 мянган төгрөгөөр өсөж байгаа аж.

 

#МонголынМэдээСонин #ХөндөхСэдэв

2021 оны есдүгээр сарын 17. Баасан. №118 (5523)