Орон сууцны контор, СӨХ гэх хоёр байгууллага итгэл, сэтгэл нэг байж өвлийг өнтэй давах учиртай

Нийгэм, Эдийн засаг

Т.Энхзул

 

Хэдийгээр налгар намар болж хүн, мал сэтгэл амар, зоо тэнэгэр байгаа ч  өвлийн улирал хаяанд тулаад ирчихлээ.  Хүүхэд байхад өдийд гэр орноо дулаалах, малын пүнз саравчаа янзлах , хадлангаа хадах гээд их ажлын үе ид үргэлжлээд цаанаа л нэг сайхан байдагсан. Дулаан байвал мянган лан гэдэгчлэн бүх л ажлаа жин тан болгож аваад л сэтгэл амар суудагсан. Харин одоо хот суурин газарт  олон жил болж, паартай байшин, паалантай жорлон хэрэглээд нэлээд цаг хугацааг үджээ. Хотод оршин суугаа орон сууцны иргэд бид төвөөс өгөх нэгдсэн дулаанаа дөнгөж хүлээж аваад байна. Орон сууцны контор, СӨХ гэх хоёр байгууллага итгэл, сэтгэл нэг байж өвлийг өнтэй давах учиртай. Эс тэгбээс халаалт тасалдаж, иргэд өвлийн ид хүйтэн цагаар тав тух алдан гэртээ суух энүүхэнд. Тийм учраас  энэ талаар сонирхохоор Сүхбаатар дүүргийн хэд хэдэн СӨХ-оор орж байдал ямар байгааг сонирхсон юм. Бид СӨХ-ны ажилтнуудын хамт харъяалагддаг орон сууцны конторыг нь зорьж очсон боловч тэдэнтэй уулзаж чадсангүй. Нэлээд хүлээлгэсний эцэст ирсэн боловч тэдэнтэй уулзаж үйлчилгээ авах  гэсэн иргэдийн өмнүүр орж чадсангүй,зүрх ч хүрсэнгүй  хүлээх цаг байхгүй тул буцсан юм. Жилийн жилд өдийд орон сууцны конторууд хөлд дарагдаастай байдаг гэнэ, учир юу гэвээс шинээр оршин сууж буй иргэд гэрээ байгуулан үйлчилгээ авах ёстой байдаг тэр л уламжлалаараа ийнхүү бужигнаж байгаа юм байна.   СӨХ-ныхноос  “ Танайхан өвлийн цасан шуурга, хүйтэн өдрүүдийг ажралгүй давах бэлтгэлээ  бүрэн хангасан уу. Танай байр  дулаанаа авсан уу, ер нь ямар байна.  Өвөлдөө хэр дулаан өвөлжиж байна мөн танайхыг хариуцдаг орон сууцны контор хэр ажиллаж байна, ажлын уялдаа холбоо байна уу” гэх мэтчлэн зүйлүүдийг сонирхон асууж тодруулсан юм. Тэд бидэнд өөрсдөдөө тохиолдож байгаа зүйлүүдээ учирлан, зарим нэг зүйлүүдийг хүмүүс ойлгохгүй дайрч давшилдаг тухай ч ярьж байлаа.  

 

Хоймор өргөө СӨХ-ны гүйцэтгэх захирал Ж.Оюунчимэг

 

Манай СӨХ байгуулагдаад нэг жил гаруй л болж байна, дөрвөн орон сууц харъяалагддаг. Дулаанаа аваад хоёр хонож байна. Бид яг температур нь тэд байна гээд шууд хэлж чадахгүй л дээ. Гэхдээ ер нь дөнгөн данган бүлээн л байна. Энэ мэдээж цаг агаарт сайхан байгаа болохоор тийм байж болох талтай ч ноднин өвлийн хувьд халууцахаар халуун, хөлдөхөөр хүйтэн байгаагүй дундаж л байсан.  Манайх “Тэлмүүн орд ” орон сууцны конторт харъяалагддаг. Конторууд нь хувийн , хувьсгалын гэж хоёр байдаг гэсэн гэвч ус , цахилгааны тал дээр улсын чанартай нь арай дээр үйлчилгээ үзүүлдэг юм шиг ээ. Гэхдээ аливаа зүйл хоёр талтай. Хувийн конторын нэг давуу тал нь нөөцийн усны савтай ус тасрах эрсдэл арай бага байдаг. ”Одоо дулаан ирэх нь, одоо дулаан хаагдах нь” гэж  мэдэгддэггүй бид өөрсдөө хөөцөлдөж явж л ойр зуурын юм хийлгэдэг дээ. Хэрэглэгч бид мөнгөө төлж  байгаа юм чинь чанартай үйлчилгээ авах эрхтэй шүү дээ. Бидний зүгээс хамгийн их дулаан алддаг цонх, хаалгандаа анхаарч орох, гарах хаалга, давхрын  цонхнуудаа ямартаа ч дулаан алдаж байгаа эсэхийг сайн шалгаж, засвар үйлчилгээг хийгээд явдаг. Манай байрны оршин суугчид ямагт бидний ажлыг ойлгон хүлээн авч хүндэтгэлтэй ханддаг.  

 

“Гурван Эрдэнэ ” СӨХ-ны байцаагч С.Пүрэвдорж

 

Бид ОСНААУГ-ын ХҮТ-5 орон сууцны контороор үйлчлүүлдэг. Дулаанаа аваад хоёр, гурав л хонож байна. Яг одоогоор дулаан ирсэн гэдгийг мэдрэх юм алга, зөвхөн хүрч үзэхэд бүлээн төдий байгаа болохоор л дулаан ирсэн л юм байна гэж мэдэж байгаа. Цаанаасаа автомат тохиргоотой байдаг гэж сонссон юм байна, цаг агаарын нөхцөл байдалтай уялдаад халдаг хөрдөг гэж. Манай байрны хувьд харин ид хүйтэнд бол ярих юмгүй сайн халдаг шүү. Сайн юмыг бас сайн гэж хэлэх хэрэгтэй. Ажлын уялдаа холбооны хувьд яахав бие биендээ хэлээд, шаардаад явж л байна. Өөрсдөөсөө  шалтгаалах ажлуудаа бид цаг тухайд нь хийчихдэг. 

 

“Заяа”СӨХ-ны дарга Ч.Баясгалан

 

Хангай хотхон, ОСНААУГ-ын ХҮТ-5 гэсэн хоёр конторт харъяалагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манай СӨХ-ийн хувьд найман орон сууцтай. Дулаанаа аваад л байж байна, ганц нэг байранд ус алдах асуудал гарч байна. Дулааны хувьд одоогоор тийм ч халуун биш л байна, ганц нэг хоногоос жигдрэх байх. Гэвч асуудлуудаа дор нь шийдээд л явж байна даа. Хаа очиж манайхыг хариуцдаг хоёр конторын үйл  ажиллагаа нь боломжийн шүү. Бид хоорондоо сайн зохицож ажилладаг. Урд нь манай СӨХ нэг хувийн орон сууцны конторт харъяалагдаэ ажиллаж байсан юм, тэгэхэд үнэхээр хэцүү, үргэлж л хэл ам дагуулна. Тэднээс үүсэлтэй аливаа асуудалд байнга л СӨХ-г оршин суугчид буруутгана. Бидний ажлын чиг хуваарь ийм шүү гэж хэлэвч ойлгох нэгэн  байхад ойлгохгүй нэгэн ч  бас бий. Тэд тог цахилгаан, усны мөнгөө төлөхгүй л бол шууд л таслана, энэ чинь нэг ёсондоо хүний эрх зөрчигдөөд байгаа юм шүү дээ. Ингэх бүрт л оршин суугчид биднийг хийсэн мэтээр аашилна. Сүүлийн үеийн барилгууд бүгд доороо ус шахдаг насостой, цахилгаан тасарсан тохиолдолд  шууд л ус тасарна, энэ нь бас их хүндрэлтэй байдаг.  Тийм болохоор эрчим хүчнийхэн  тог цахилгаан таслахыг сайн бо­дож үзэх хэрэгтэй санагддаг, та бү­хэн минь энийг л сайн хэ­лээд өгөө­рэй.  Харин орон сууц­ны кон­торын тухайд  тэд цаа­наас ирж байгаа ус, дулааныг л  би­дэнд дамжуулж, тэр үед гарч бай­гаа аливаа эвдрэл, гэмтэл, саат­лыг засч янзлах үүрэгтэй гэж хардаг.

#МонголынМэдээСонин #ДугаарынСурвалжилга

2021 оны есдүгээр сарын 17. Баасан. №118 (5523)