Олигархиуд бол доройтсон ардчиллын бүтээгдэхүүн

Улс төр

Ардчилал буюу “демократ” гэдэг нь  эртний грек хэлний “ард түмэн” (демос, δημος), “засаглал” (кратос, κρατος) гэсэн хоёр хэллэгээс гаралтай “ард түмний засаглал” гэсэн утгатай юм.

Ардчилал гэдгийг шууд юм уу  төлөөллөөр ард түмэн төрийн хэ­рэгт  оролцох ба түүний тулд са­нал эрмэлзлээ чөлөөтэй илэр­хийлэх эрх бүхий төрийн хэл­бэр хэмээн тодорхойлсон бай­даг. Өөрөөр хэлбэл,  өргөн ол­ны эрх ашгийг хангах аливаа хамт олон буюу байгууллагын үйл ажиллагааны арга барил юм.

Улс орон, орон нутагт өөрсдийн амьдралд нөлөөлөх үйлийг иргэд, ард түмэн нь тэгш эрхтэйгээр өөрсдөө шийдвэрлэхийг  засаглал гэж ойлгож болно. 

Улс орон, тухайн орон нутагт улс төр, эдийн засаг, соёлын болон бусад амьдралын орчинд хэм хэмжээ, зүй тогтол, хууль, дүрэм, журам гаргах, боловсронгуй болгох, хэвшүүлэхэд иргэд  чөлөөтэйгээр, тэгш оролцоно гэсэн үг юм.

Ардчилсан тогтолцоо нь хуульзүйн, улс төр, нийгмийн тэгш байдал, эрх чөлөө,  өөрөө удирдах эрх, хүний эрх гэсэн үнэт зүйлстэй байна. 

Британийн нэр бүхий “Economist Intelligence Unit” компани  “ардчиллын индекс”-ээр дэлхийн 167 улсыг чөлөөт сонгууль, иргэний эрх чөлөө, засгийн газрын үйл ажиллагаа, улс төрийн амьдрал иргэдийн оролцоо,  улс төрийн соёлын хөгжил зэргээр үнэлж гаргаж. Өнгөрсөн 2020 онд гаргасан  үнэлгээгээр хамгийн Швейцарь, Австрали, Канад, Дани, Ирланд, Финлянд, Шинэ Зеланд, Швед, Исланд, Норвеги улсууд хамгийн өндөр оноо авч эхний аравт оржээ. 

Өнөөдөр дэлхийн улс орнуудыг засаглалын хэлбэрийг бүрэн буюу либерал ардчилалтай,  төгс бус ардчилалтай, уян хатан ардчилалтай, дарангуйлал бүхий хэмээн ангилан авч үзэж байна.

Тодруулбал, дэлхий дахина бүрэн ардчилал төгс хэлбэржээгүй, улс орнууд ард түмэн олон нийт болон улс төрийн намууд, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд янз бүрээр хандаж байна л гэсэн үг. 

Уян хатан дэглэм гэхэд л сонгуулийн үеэр янз бүрийн зөрчил гардаг, шүүх засаглал нь бие даан шийдвэр гаргаж чадахгүй, төрийн бүх шатны байгууллага нь авилгад идэгдсэн, хүн ард олоннийт нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжгүй улс төрийн соёл дутмаг, улстөрийн бодлого, төрийн байгууллагын шийдвэрт  ард иргэд чөлөөтэй оролцох эрх нь хангалтгүй байх жишээний. 

Ийм дэглэм нь  аажимдаа дарангуйлал тогтохын эхлэл  болдог төдийгүй  хүний эрх, эрх чөлөө бүрэн хязгаарлагдана гэсэн үг. 

 

Монголын ардчилал хаана явна вэ

 

Монгол Улс 2021 оны судалгаагаар ардчиллын түвшингээрээ 10 онооноос 6.5 оноо авч Лесото, Домниканы ард, Румыны өмнө 61 дүгээрт  орсон байна. Гэхдээ манай улсын  засаглалд өмнө дурдсан хэлбэрүүдийн гурав дахь буюу уян хатан засаглалын шинж хэдийнэ тодорчихоод байгаа гэвэл үнэнд нийцэх болов уу. 

 

Олигархиуд бол доройтсон ардчиллын бүтээгдэхүүн

 

Сүүлийн үед энэ үгийг хэн дуртай нь нэг их бодолгүйгээр хэлэх дуртай болчихоод байгаа нь үнэн. Ер нь шулуухан хэлэхэд, “баячуудын засаглал” гэж ойлгож болно. 

Монгол Улс өнгөрсөн зууны 70 жилийг хүний эрх, эрх чөлөө хязгаарлагдмал, сонгуулийн ардчилал огт байхгүй, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг эрх баригч нам хатуу хянадаг Зөвлөлт маягийг  хуулбарлан байгуулсан нэг намын дарангуйлал дор туулж өнгөрүүлсэн. 

Энэ бүхий л хугацаанд иргэд сонгуульд саналаа чөлөөтэй илэрхийлж өгөх, нам төрийн бодлогыг шүүмжлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэвлэл сонин гаргах эрхгүй зөвхөн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн хязгаарлагдмал хүрээнд ажиллаж амьдарсаар ирсэн.  Улс орон ч дэлхийн улс орнуудтай эрх тэгш чөлөөтэй харилцаж худалдаа хийх  эрхгүй, зөвхөн Зөвлөлт холбоот улсын “зөвшөөрсөн” улс орнуудтай харилцах, тэгэхдээ Зөвлөлт холбоот улсын Коммунист намын зааж чиглүүлсний дагуу ярих төдийгөөр харилцаж байлаа. 

Харин 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгал л Монгол Улсыг  дэлхий дахины хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болгож, дэлхийн аль ч улс оронтой эрх тэгш харилцах  боломж олгосон юм. Шинэ Үндсэн хуулиа баталснаар Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг жинхэнэ ёсоор баталгаажуулан, чөлөөт зах зээлийн тогтолцоог тунхаглаж ардчилсан тогтолцоонд шилжсэн юм

 

Монголын ардчилал өнөөдөр ямар түвшинд байна вэ

 

Өнгөрсөн 30 жилд нэг удаагийн сонгуулийн хугацаанаас бусдад нь хуучны коммунист МАХН буюу МАН засаглаж, ардчиллыг гажуудуулан,  төрийн эрх мэдэл, албан тушаалыг  хувийн эрх ашиг сонирхлоо биелүүлэх хэрэгсэл болгосон төдийгүй намынх  удирдлагууд  намаа  албан тушаал ахих шат болгон ашигладаг болсныг үгүйсгэх хүн гарахгүй л болов уу.  

 Монгол Улс олон намны тогтолцоотой гэгддэг ч зөвхөн Үндсэн хуульдаа нэг өгүүлбэр төдийхнөөр тусгагдаж   эрх баригч МАН,  намын   даргынх нь  эрх мэдэл хэмжээлшгүй, парламентын ардчилал үгүй болж, намын даргын дохио зангаа асуудлыг  шийддэг болсон нь нууц биш. Нэг үгээр хэлэхэд, олонхийн засаглал аажмаар нэг намын, цаашлаад нэг хүний дарангуйлал, эрх мэдэл рүү гулсан орж байна. 

Ингэхдээ зөвхөн намын, эрх баригчдын төлөө л шийдвэр гаргахаас бус, улс орон ард түмэн олон нийтийг бодох нь тун ховор. 

Энэ нь өмнө дурдсан олигархын буюу хэсэг баячуудын засаглал тогтоод, ардчилал улам бүр хумигдсаар байгаагийн нотолгоо юм. 

Өнгөрсөн олон зууны туршид хүн төрөлхтөн ардчиллыг гажуудуулах янз бүрийн хэлбэрүүдтэй тулгарч байсан боловч Францын хувьсгалын дараанаас  ардчиллын зарчим жинхэнэ ардчилал, шууд парламентаризмаас аль болох холдсон. Дэлхийн өнцөг булан бүрт ардчилал ямар нэгэн байдлаар, гаж хэлбэрийн засаглалыг халхавчлах өнгөлөн далдлалт болоод байна. Ардын ардчилал гэж нэрлэгддэг, шууд ардчилал, фашизм, социализмын ардчилсан зарчим, хоёр намын тогтолцоо шууд хуурамчаар үйлдсэн барууны орнуудын ардчиллын хуурмаг байдал - энэ бүхэн бидэнд ардчилал  хямралд орж байгааг харуулж  байна. 

Гэхдээ ардчилсан болон язгууртны бүгд найрамдах засаглалын доройтлын хамгийн ноцтой, хамгийн аюултай хэлбэр бол олигархийн засаглал. Олигархиуд  эрт дээр үед ч байсаар ирсэн. Энэ нь Эртний Дорнод, Грекийн муж, колони, Финикийн хот-мужуудад байсан.

Өнөөдөр манайд нэгэнт төгс хэлбэрээрээ төлөвшөөд байгаа Олигархын буюу баячуудын засаглал нь ардчиллын нэрээр, ардчилсан сонгуулийг ашиглан, луйврын аргаар ялж, өөрсдийн эрх мэдлээ баталгаажуулдаг жишээ олон. 

Германы засгийн эрхэнд Адольф Гитлер хэрхэн гарч ирсэн билээ. Түүний тэргүүлсэн Үндэсний ардчилсан социалист нам 1930 онд болсон олон намын оролцсон ардчилсан сонгуулиар 18.9 хувийн санал авч хоёрдугаарт орсон.  Улмаар Гитлер 1932 оны хавар ерөнхийлөгчийн сонгуульд оролцож мөн л хоёрдугаарт орлоо.Энэ бүхэн Үндэсний ардчилсан социалист нам энэ улсад тэргүүлэх хүчин болсныг харуулж немцийн томоохон үйлдвэрлэгчид Гитлертэй яриа хэлэлцээ хийж намыг нь санхүүжүүлж эхэлснээр түүний засгийн эрхэнд гарах зам нээлттэй болсон. Энэ нь германы ард түмэнд төдийгүй, дэлхий дахинд ямар гамшиг авчирсан билээ. 

Монголын ардчилалын өнөөгийн байдал үүнтэй адил биш байна гэж үү. Монголд ардчилсан  сонгууль болж байна уу гэвэл болж байгаа. Олон нам оролцсон, олон хүн нэр дэвшсэн, чөлөөт ардчилсан сонгуулийн дүр төрхтэй.  Гэвч эцсийн  үр  дүн нь эрх баригчдын талд гардаг.  Төрийн ардчилсан тогтолцоотой, чөлөөт зах зээлийн эдийн засагтай, иргэд нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй энэ нийгэмд ард түмэн, сонгогчид 100 хувь нэг, тэгэх тэгэхдээ хуучны коммунист намыг дэмжлээ гэж үү. Ингэхээр ардчилал, ардчилсан сонгууль нь энэ намын байр сууриа бэхжүүлэх, олигархиудыг засгийн эрхэнд гарах хэрэгсэл, өнгөлөн далдлалт болж байгаагаас биш жинхэнэ шударга сонгууль, жинхэнэ ардчилал улам бүр хумигдсаар байгааг харуулж байна. 

Ард түмэн улам ядуурч бараг модоо барьж байхад төр, засгийн эрхэнд гарсан, төрийн бүхий л институт, бүх шатны байгууллагад алба хашсан хүн бүр тэрбумтан болж байгаа нь үүний тод жишээ биш үү. 

Засаглал нь ардчилсан, хүн ам нь чинээлэг Герман улсын канцлер Ангела Меркель тэртээ 1960-аад онд эцэг эхийн нь барьсан зуслангийн ганц байшин /харш биш/ нийтийн орон сууцанд хэдэн өрөө байртай амьдарч байхад өдрөөс өдөрт хүн ам нь ядуурсаар байгаа  Монгол Улсын  Засгийн газар тэргүүлсэн хүн бүр нь  долларын саятан болж байдаг нь сонин. 

Н.Багабанди, С.Батболд, Ц.Элбэгдорж, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ гээд олон хүнийг энд нэрлэж болно. Энэ хүмүүс чухам хэний төлөө ажиллаж төрд зүтгэсэн болж байна вэ.

“Улс орныг хөрөнгөтнүүд биш Ард түмэн удирдах ёстой.  Хөрөнгөтнүүд өөрийн капиталыг өсгөхийг бодохоос Ард түмнийг боддоггүй юм” хэмээн  В.И.Ленин хэлсэн гэх пост олон нийтийн сүлжээгээр яваад байсан. Чухам  ард түмний цусаар гараа угааж, дарангуйлагч коммунист нийгэм байгуулсан Ленин ингэж хэлсэн  ч юмуу, үгүй ч юм уу хэн мэдлээ. 

Гэхдээ энэ үг юутай үнэн. Манай эрх баригчид, ялангуяа МАН-ын олигархиуд ердөө л яг ийм бодлого баримталсаар өнөө хүрч байгаа. Оюутолгой, Гашуун сухайт, Замын-Үүдийн боомтод энэ эрх баригчдын баримталж байгаа бодлого яг л ийм замаар явж байна.

Энэ бүхний дотроос хамгийн аймшигтай нь МАН-ын олонхи болж засгийн  эрх барьсан сүүлийн хэдэн жилд хүний эрх, эрх чөлөө өдөр тутам улам хумигдаж  үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрх нь улам бүр хаагдсаар байна. МАН-ын эрх баригчдын баталсан Зөрчлийн тухай хууль  үүний тод жишээ. 

Энэ бүхэн юуг хэлээд, хаашаа яваад байгааг тодорхойлоод байгаа  юм биш үү. 

#МонголынМэдээСонин #ЯрилцахТанхим

2021 оны есдүгээр сарын 15. Лхагва. №116 (5521)