Д.Бат-Эрдэнэ: Цагаан морин жилд л МАХН-ыг тараах байсан юм

Улс төр

Олон улсын Ардчиллын өдрийг тохиолдуулан МоАХ-ны анхдагчдын нэг Донжоогийн Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Ардчилсан хувьсгалыг залуучууд  анх хэрхэн хүлээж авч, дэмжиж байв. Жагсаал, цуглаанаа хэрхэн зохион байгуулж байв?

-Юуны өмнө олон улсын ардчиллын өдрийг тохиолдуулан, ардчиллын төлөө сэтгэлтэй, ардчилсан холбооны  гишүүд, нийт иргэддээ баярын мэнд хүргэе.

  Монгол Улсад ардчиллын салхи сэвэлзсэн тэр өдрүүдэд   хөгшин, залуу гэлтгүй   бүх хүн ирээдүй, хойч үеийнхээ сайн сайхан амьдралын  төлөө  ардчиллыг дэмжин жанжин Сүхийн талбайд цугларч, жагсаал цуглаанд нэг нэгний албадлагагүйгээр  оролцож байв.  Жагсагчдын  олонхи нь залуучууд байсан гэдгийг энд онцлох  ёстой.  Бид  дэлхий дахинаа  өрнөж буй социалист нийгмийн уналтыг харж, өөрчлөлт шинэчлэлтийг хүлээн зөвшөөрч, тэдэнтэй эв санаагаа нэгтгэн  БНАМАУ-ыг  социалист хүнд сурталтай нийгмээс чөлөөлөхийн  төлөө дуу хоолойгоо өргөсөн. Тэртээ 1989 оны арваннэгдүгээр сард Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар чуулган болсон юм.  Чуулган залуучуудад  үгээ чөлөөтэй хэлэх боломж олгон жинхэнэ ардчилсан зарчмаар явагдсан. Энэ үеэр  ардчиллыг Монголд өрнүүлэх тухай яриа нэлээд өргөн хүрээнд яригдсан. Тэгээд анх 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд  буюу Хүний эрхийн тунхаглал баталсан  өдрөөр анхныхаа жагсаалыг СТӨ-ний өмнө  талбайд  зохион байгуулж,  тэр өдрөө МоАХ  ТББ байгуулж байгаагаа зарлаж байлаа. Тун удалгүй 1990 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатарын талбайд жагсаал  болж, дараахан нь гуравдугаар сард нь хэдэн  залуу улс төрийн өлсгөлөн зарлаж, тэр үеийн Улс төрийн товчооныхонтой хэлэлцээрийн ширээнд анх удаа суусан түүхтэй.  Хэлэлцээрийн үр дүнд  тухайн үеийн төрийн эрх баригчид хэд, хэдэн буулт хийж, өлсгөлөнг  зогсоохын тулд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэсэн  шийдвэрт хүрсэн билээ.   

 -   Жагсаал цуглаанд оролцогчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байсан. Цаг  үе нь хатуу байсан ч залуучууд юунаас ч айгаагүй.  Тэгвэл өнөөдөр жагсаалыг мөнгөөр зохион байгуулах болж?

 

-Дэлхийн  улс орнуудад өөрчлөлт, шинэчлэлт эрчимтэй өрнөж, коммунист дэглэмийн эсрэг жагсаал цуглаан хаа сайгүй болж байсан үе л дээ. Нийгмийн тэр үзэгдэл манайд нөлөөлсөн хэрэг.  Залуучууд маш зөв зүйтэй гэж хүлээж авснаар  жагсаал, цуглаан  эрчээ авч олныг хамарч чадсан гэж боддог. Бид  социалист нийгмийн бүхий л хүнд суртал, идэж уудаг байдал, болж бүтэхгүй болгоны эсрэг хүчтэй тэмцэл явуулснаар  УТТ-г түлхэн унагаасан.

-Ардчилсан хувьсгалын хөдөлгөгч хүч, гол чиглүүлэгч нь хэн байв?

-Гол хөдөлгөгч хүч нь  мэдээж залуучууд. Харин гол чиглүүлэгч, зангидаж авч явсан хүн нь бол ардчиллын анхдагчдын нэг, талийгаач С.Зориг агсан байсан юм шүү дээ.

-С.Зориг агсан  жагсагч залуучуудад ямар  үлгэр дуурайллыг  үзүүлж  байв?

-Талийгаач С.Зориг  тэр үед багш байсан учраас  залуучууд түүнийг  дэмжсэн. Би  гэхэд хүүхдээрээ дөнгөж 17 настай байлаа. Сонин, ухуулах хуудас тараах, наах  тиймэрхүү зүйлд л голлон  оролцож явлаа.

 

- Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэгийн хувьд яг өнөөдрийн нийгмийн байгаа байдлыг  хүсэн хүлээгээгүй нь мэдээж.   Манайд ардчилал яагаад ингэж гуйвж,  дайвж жинхэнэ ардчиллын байр сууринаасаа  ухрах болов. Бид хаана алдав?

-Нийгмийг дахин өөрчлөгдөх хэрэгтэй гэж бодож байна. Төр, засаг тэр чигээрээ дандаа коммунистуудын гарт орсон  байна шүү дээ. Нэг намын тогтолцоо руу эргээд орчихлоо. Хамгийн гол нь ардчиллын үнэт зүйлийн нэг нь сонгууль. Гэтэл манайд сонгуулиа хэрхэн явуулж байна. Ард түмнийхээ хүслээр биш хар машиныг ашиглах, луйвар хийх, мөнгө тараах  зэргээр ард түмний саналыг худалдаж авдаг болсон.  Энэ нь иргэний  үзэл бодлоо илэрхийлэх нөхцлийг хааж байна гэсэн үг. Улс эх орныхоо,  үнэнч шударга ёсны төлөө тэмцэх хэрэгтэй. Нийгмийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх цаг болсон. Ардчилсан хувьсгалд оролцож явсан нөхдүүдийн  олонхи нь луйварчид болсон байна.  Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад   тэр үед л  МАХН-ыг тараах байж. Тараагаагүйн гайг өнөөдөр ингэж амсч явна.  Эрх баригч МАН бүх цаг үед  мөнгөний  сонгууль хийсээр ирсэн.  Мөнгөтэй хүн албан тушаалын шатаар алхаж байна, мөнгөтэй сонгох сонгогдох эрхээ эдэлж байна.  Би Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нарыг мөнгөнд идэгдсэн гэж  боддог.  Ардчиллын 13 гэж байдаг.  Ер нь бол  300  гаруй хүн хуралдаад, 15 хүнийг нэр дэвшүүлсэн. Сонинд 13 хүний нэр бичигдээд “Анхны 13” гэдэг тодотголтой  болчихсон.  Үнэн хэрэгтээ салбаруудыг хариуцах 15 хүнийг нэр дэвшүүлж, зохицуулалтад оролцуулсан юм шүү дээ.   

-Ардчилсан нийгэм рүү шилжсэний   үр дүн байхгүй  болж  байна уу  даа?

-Ардчилсан үзэл бодол, үзэл бодлоо илэрхийлэх  тал дээр  иргэд  боогдмол байдалд   орчихлоо. Сэтгүүлч байна уу, энгийн хүн ч байна уу барьж хориод л. Сая сонгуулиас болж У.Хүрэлсүхийг  муулсан  гээд Баасан ламын   эхнэр,  охин хоёрыг баривчлаад сар гаруй боллоо. Тэгэхэд ардчиллынхнаас нэг нь ч үгээ хэлсэнгүй. Түрүүчийн долоо хоногт  дахиад 30 хоног сунгачихлаа.  Хэлмэгдүүлэлт болоод байгаа юм уу яагаад байгаа юм бэ. Өмгөөлөгч Батбаяртай тэр охин нь ярилцлага хийсэн байдаг. Тэрийг нь сонгуулийн өмнө ил гаргасан.  Би  Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөх гээд Ардчилсан Холбооноос хөлтэй цэцэг аваад очтол зөвхөн төрийн тэргүүн л хөлтэй цэцэг тавина, бусад нь сагстай цэцэг тавина гэсэн журамтай болж.  Хуучин социалист  нийгэмдээ орох гээд байна уу даа гэж бодоод байна. Залуучууд тэмцэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, нээлттэй байх хэрэгтэй. Ихэнх нь мөнгөөр жагсдаг болж дээ. Би зургадугаар сард жагсаал хийх гэж зарлахад  40 гаруй  Төрийн бус байгууллага оролцоно гэсэн.  Тэр үед  МАН мөнгө тараасан. Тэгээд л жагсч  чадаагүй. Мөнгөөр л зохицуулдаг болчихсон.   Ер нь одоо ардчилал байх уу, байхгүй юу гэдэг дээр л ирээд, ардчилал үнэхээр нураад байна.

#МонголынМэдээСонин #ЯрилцахТанхим

2021 оны есдүгээр сарын 15. Лхагва. №116 (5521)