Гуравдугаар тунд 199 мянган хүн хамрагдаад байна

Нийгэм, Эдийн засаг

Эрүүл мэндийн сайдын тушаалаар хариу арга хэмжээний буюу онцгой, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад “АстраЗенека” вакцины гурав дахь тунг наймдугаар сарын 25-наас хийж эхэлсэн. Гурав дахь тунг үнэ төлбөргүй, иргэдийн сайн дурын үндсэн дээр хийж байгаа.

Манай улсад нэг, хоёрдугаар тунгийн вакцинжуулалт нийт иргэдийн 65 хувьд хүрсэн бол гуравдугаар тунд 199 мянган хүн хамрагдаад байна. Оноос өмнө зорилтод бүлгийн иргэдийн 60 хувийг гуравдугаар тунд хамруулах зорилт тавиад байгааг Ерөнхий сайд дуулгасан юм. 

Есдүгээр сарын 13 буюу өнөөдрөөс эхлэн 18-аас дээш насны иргэдийг нэмэлт гурав дахь тунгаар вакцинжуулахаар болсон. Эрүүл мэндийн сайдын тушаалд зааснаар нэмэлт тун хийлгэх иргэнд коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шалгуур тавьж байгаа юм. Шалгуурт нийцсэн иргэнийг Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийлгэж, дархлаа сэргээх тунгаар вакцинжуулна.

Дархлаа сэргээх нэмэлт тунг хийлгэх иргэд харьяа дүүргийнхээ дархлаажуулалтын цэгт очиж, вакцинжуулалтад хамрагдах боломжтой.