Г.Занданшатар: Төр бол хэн нэгэн буюу хэсэг бүлэгт оногдсон эрх мэдэл, хүч чадал биш

Улс төр

Монгол Улс  байнгын ажиллагаатай парламенттай болсон 31 жилийн ой өчигдөр /2021.09.13/ тохиов. Тэртээ 1990 оны Цагаан Морин жил БНМАУ-д  Ардчилсан хувьсгал ялж олон улсын жишгээр төрийн эрх барих, хууль ёс тогтоох  дээд байгууллага буюу байнгын ажиллагаатай парламенттай болсон түүхтэй. Энэ үеэс хойш Монгол Улс хэмээн албан ёсоор нэрлэж ирсэн түүхтэй.  Ингээд 1992 оны Ардчилсан Үндсэн хуульдаа   “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална. Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” хэмээн  заасан. /Монгол Улсын Үндсэн хуульийн 20, 21 дүгээр зүйл. 1992.01.13./

Энэ Үндсэн хуулийг Цагаан Морин жилийн Ардчилсан хувьсгал ялж 1990 онд байгуулагдсан БНМАУ-ын Бага  Хурал баталжээ. Бага Хурал 1990-1992 онд бүрэн эрхээ хэрэгжүүлж Монгол Улс Ардчилсан Үндсэн хуулиа  баталсан.  Өөрөөр хэлбэл нийгэм журмын зохицуулалт шал өөр ертөнцөд орсон гэдгээ тунхагласан гэсэн үг. 

Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болсон өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар  мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр “Монголынхоо нийт ард түмэнд, үе үеийн парламентчиддаа Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийн баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Парламентын засаглалыг монгол түмэн өөрийн цэцэн оюун, чин эрмэлзэл, гүн хүндэтгэлийг шингээж, Үндсэн хуулиараа сонгон тунхагласан учраас Парламентын өдөр бол Монголын нийт ард түмний баярын өдөр юм.

1990 онд явагдсан бүх ард түмний чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнгээр монголчууд түүхэндээ анх удаа байнгын ажиллагаатай парламент буюу Улсын Бага Хурлыг байгуулж, 1990 оны есдүгээр сарын 13-ны өдөр анхдугаар чуулганаа зарлан хуралдуулсны 31 дэх жилийн ой өнөөдөр тохиож байна.

Өнгөрсөн гурван арванд Улсын Их Хурлыг сонгох найман удаагийн сонгууль болж, монголчууд “засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх” Үндсэн хуулиар тунхагласан эрхээ эдэлж, чө­лөөт сонголтын үндсэн дээр өөрс­дий­гөө төлөөлж төрийн эрх барих дээд бай­гууллагаа бүрдүүлэн ажиллуулж ирлээ.

2020 оны сонгуулиар байгуулагдсан 8 дахь удаагийн парламент Үндсэн хуульдаа оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу эрх зүйн хувьсгалт шинэтгэл хийж, засаглалын харилцан хяналт-тэнцлийг хангах, гүйцэтгэх засаглалын бие даасан байдлыг бэхжүүлэх, парламентат ёсыг улам төгөлдөржүүлэх, хараат бус, шударга шүүхтэй болох, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох шинэ зорилтоо амилуулан хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна.

Энэ зорилтыг хангаснаар зөвхөн шударга ёс, хууль засагладаг нийгэм, ардчилал, хүний эрхийг бүрэн утгаар нь дээдэлсэн төр, сэргэн мандаж, хөгжин цэцэглэсэн шинэ Монголыг цогцлоох ард түмний маань хүсэмжлэл биеллээ олох болно.

Төр бол хэн нэгэн буюу хэсэг бүлэгт оногдсон эрх мэдэл, хүч чадал биш билээ. Харин “Төр бол хууль юм” гэсэн үг бий. Тиймээс эх орныхоо, ард түмнийхээ эрх ашгийг дээдэлсэн хуулийг тогтоож, иргэдтэйгээ хамтран түүнээ ягштал хэрэгжүүлж, хэлбэрэлтгүй сахиулж чаддаг байх нь улс үндэстэн, парламентат ёс тогтвортой оршин тогтнохын үндсэн дархлаа юм.

Монголын төр мөнх оршиж, монгол айл өрх, хүн бүрийн амьдрал дүүрэн жаргалтай байх болтугай” гэлээ.

 

Монгол Улсын Бага Хурал:

-Монгол Улсад 1989 оны сүүлчээс нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтийн үйл явц өрнөж, Ардчилсан хүчний эвлэл, холбоод үүсч байгуулагдан улс төрийн олон намын тогтолцооны эхлэл тавигдсан билээ. Үүний үр дүнд манай оронд нэг намын тогтолцоог халж, ардчилсан чөлөөт сонгуулийг 1990 оны  долдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулсан түүхтэй.  

1990 оны есдүгээр сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улс /БНМАУ/-ын Ардын Их Хурлын депута­туу­­дын 12 дахь удаагийн сон­гуу­лийн анх­ду­гаар чуулган ажлаа эхэлж, БНМАУ-ын Ерөнхийлөгч, Дэд Ерөн­хий­лөг­чийг сон­гох, Улсын Бага Хурлыг бай­гуу­лах, Зас­гийн газрын бүрэн эрхийг дуус­га­вар бол­гон шилжүүлэх, Ерөнхий сай­дыг то­ми­лох зэрэг бусад асуудлуудыг хэлэлцэв.  

Ардын Их Хурлын анхдугаар чуулганаар БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр П.Очирбат, БНМАУ-ын Дэд Ерөнхий­лөгч, Улсын Бага Хурлын даргаар Р.Гончигдорж, Улсын Бага Хурлын орлогч даргаар К.Зардыхан, Улсын Бага Хурлын нарийн бичгийн даргаар Б.Чимидийг тус тус сонгожээ.  

 БНМАУ-ын Ардын Их Хурлын 1990 оны есдүгээр сарын 09-ний өдрийн 16 тоот тогтоолоор УБХ-ыг 50 гишүүний бүрэлдэхүүнтэй сонгосон байна. Үүнд, МАХН-аас 31, МоАН-аас 13, МҮДН-аас 3, МСДН-аас 3 депутат тус тус сонгогдсон бөгөөд нөхөн сонгуулиар 9 гишүүнийг сонгожээ.  1990-1992 оны Улсын Бага Хурал нь бүтцийн хувьд 5 байнгын хороотой үйл ажиллагаагаа явуулав.  

Үүнд:  

1.Төрийн байгуулалтын байнгын хороо,  

2.Хууль зүйн байнгын хороо,  

3.Эдийн засгийн байнгын хороо,  

4.Нийгмийн бодлогын байнгын хороо,  

5.Эмэгтэйчүүд, хүүхэд, залуучуудын асуудлын байнгын хороо.  

Улсын Бага Хурлын анхдугаар чуулган 1990 оны есдүгээр сарын 13-нд болж, Улсын Бага Хурлын дарга, БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч Р.Гончигдорж чуулганыг нээж, Ерөнхийлөгч П.Очирбат үг хэллээ. Тэрбээр, Монголын нийгмийг шинэ маягаар эмхлэн төвхнүүлэх, хууль цаазат төрийг төлөвшүүлэх их үйлсийг БНМАУ-ын Бага Хурал гардан хариуцаж, шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх учиртайг онцлон тэмдэглэжээ.  

Улсын Бага Хурал нь таван жилийн бүрэн эрхийн хугацаатай байгуулагдсан ч шинэ Үндсэн хуулиа нэн даруй хэрэгжүүлэх дээд зорилгоо эрхэмлэн үлдсэн гурван жилийн бүрэн эрхээ эдлэлгүйгээр Монгол Улсын Их Хуралд шилжүүлэн өгсөн нь монгол төрийн түүхэнд онцлог нэгэн явдал болж тэмдэглэгддэг билээ. 

Монгол Улсын Их Хурал /1992-1996/

Монгол Улсын Их Хурлыг сонгох анхдугаар сонгуулиар байгуулагдсан 1992-1996 оны Улсын Их Хурал нь монголын парламентын хөгжлийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуульд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн баталгаажуулсны дагуу манай улс нэг танхимтай парламентын тогтолцоонд шилжсэн билээ.  Энэ парламентын үед зах зээлийн эдийн засгийн харилцааны тулгуур хуулиудыг баталсан. Тухайлбал, Улсын төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэл, Татварын багц хууль, Онцгой албан татвар, Гаалийн болон Гаалийн тарифын тухай, Гадаадын хөрөнгө оруу­лалтын тухай хуулиудыг дурдаж болно.

 

Үүнээс өмнө Монгол Улс бас парламентын тогтолцоотой байсан гэж хэлж болно. Түүх сөхөж үзье. 

 

Их хуралдай

1206 онд Онон мөрний эхэнд монголын язгууртан дээдсийн их чуулган хуралдаж Их Монгол улс байгуулагдсаныг даяар олонд тунхаглан зарлаж, Тэмүүжинг Чингис хаанд өргөмжлөв. Чингис хааныг Хамаг Монголын хаанд өргөмжлөхөд Монгол овог аймгийн язгууртнууд цуглан Их Хуралдай хийж шийдвэрлэсэн нь анхны парламентын хэлбэр байжээ. Монголчуудын их хуралдайгаар хааныг сонгох, дайн ба энхийн асуудлыг шийдвэрлэдэг байв.

1914.04.12

Улсын Дээд, Доод хурал байгуулагдав. 1915 оны арванхоёрдугаар сар хүртэл оршин тогтосон Улсын хурлын газар төрийн бүтцэд тодорхой газарт суурь эзэлж, Богд Жибзүндбамба /Жавзандамба/ хутагт хаан ба Засгийн газарт зөвлөхийн зэрэгцээ цөөнгүй асуудлаар төрийн яаманд үүрэг даалгавар өгч ажилладаг зөвлөх эрх бүхий хурлын байгууллага байв. Аливаа асуудлыг Улсын хурлын Дээд хурал, Доод хурал гэсэн хоёр танхимаараа дамжуулан хэлэлцэх ба шийдвэрийг Дээд хурал гарган эрх зүйн харилцааг зохицуулсан дүрэм, журмыг хэлэлцэн батлах үндсэн үүргээ биелүүлж байв.

1924.11.08

Улсын Анхдугаар хурал нээгдэв. 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Анхдугаар Их Хурлаар 6 бүлэг, 50 зүйл бүхий анхны Үндсэн хуулийг баталжээ. Тус Үндсэн хуульд “БНМАУ-ын дээд эрх Их Хуралд хадгалах бөгөөд мөн хурлын чөлөөт цагт Улсын Бага Хурал, Улсын Бага Хурлын чөлөөт цагт Бага Хурлын Тэргүүлэгчид ба Засгийн газарт улсын дээд эрхийг хадгалуулбал зохино” гэж заажээ. Ийнхүү Улсын Бага Хурлыг 30 гишүүнтэй, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийг 5 гишүүнтэйгээр сонго байгуулсан түүхтэй.

1940 он 6-р сар

Улсын VIII Их Хурал хуралдаж, Монгол Улсын хоёр дахь Үндсэн хуулийг батлав. БНМАУ-ын засгийн дээд эрхийг барих газар нь Улсын Их Хурал болно. Улсын Их Хурал бол хот ба аймгийн хурлуудаар хүн амын 1500 хүн тутмаас нэг төлөөлөгчөөр сонгогдсон хот, аймгийн хөдөлмөрчин ард олон ба ардын хувьсгалт цэргийн албан хаагчдын төлөөлөгчдөөс байгуулагдана. Улсын Их Хурлыг Улсын Бага Хурлаас гурван жилд нэгэн удаа зарлан хуралдуулна.

1960.07.13

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын гурав дахь Үндсэн хуулийг батлав. БНМАУ-ын төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал мөн. БНМАУ-д гагцхүү Ардын Их Хурал хууль тогтоох эрхтэй байна. БНМАУ-ын Ардын Их Хурлын байнгын комисс, Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөл, БНМАУ-ын Дээд шүүх, Ардын Их Хурлын депутатууд хуулийн төсөл боловсруулж оруулах эрхтэй гэсэн байдаг.

#МонголынМэдээСонин #Чуулган

2021 оны есдүгээр сарын 15. Лхагва. №116 (5521)