Монгол Улсын иргэн Э.Буяа: Мөнгөгүй хүн өвдөх эрхгүй цаг болж дээ

Улс төр

Техник, технологийн эрин зуунд амьдарч байгаа атал манай улсын эрүүл мэндийн салбар, ялангуяа улсын эмнэлгийн тусламж үйлчилгээ бүтэн нэг зуунаар хоцрогдсон хэвээр олон жилийг үдлээ. Өнөөдөр улсын эмнэлэгт үзүүлэх гэж цахимаар цаг авахын тулд мянгуужингийн адал явдал лугаа ээдрээтэй зам туулах шаардлагатай болов. Өвчин хүн бүрд хэлж биш хийсч ирдэг гэдэг. Тиймээс аливаа өвчнийг эрт үед нь илрүүлж, оношлох нь хамгаас чухал. Үүний тулд жил бүр шинжилгээ өгч байхыг эмч, мэргэжилтнүүд байнга зөвлөдөг. Гэсэн ч өнөөдөр улсын эмнэлэгт урьдчилан сэргийлэх шинжилгээ өгөх нь бүү хэл, эмчид яаралтай үзүүлэх цаг авахад ч тун бэрх боллоо. Нэг үеэ бодвол эрт босож, цаг авч чадвал басхүү учиртай болсон гэж ахмадууд ярьж байна. Нээрэн л тийм. Улсын эмнэлгийн ачаалал үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл ямар байгаа талаар сурвалжилгаа бэлтгэхээр Хавдар судлалын үндэсний төвд (ХСҮТ) очлоо. Гадна талбайд сууж байгаа хүмүүсийг  харахад л энэ эмнэлэгт өдөрт хэр ачаалалтай байгааг мэдэж болдно. Үүдээр нь ороход бусад эмнэлгийн адил халуун хэмжих төхөөрөмж, гар ариутгагч байрлуулжээ. Түүгээр цааш нэвтэрсний дараа угтах үйлчилгээний хэсэгт ирэхэд  үзлэгийн цаг, шинжилгээ хариу авах зэргээр тус тусын байрандаа дугаарлан зогсох хүн олон харагдана.   Эхлээд эмнэлгийн дээд, доод давхраар явж аль хэсэгт илүү иргэд үйлчлүүлэхээр дугаарлан  байгааг харах нь зөв гэж бодлоо. Ингэж явсаар туяа эмчилгээний хавдар судлалын тасагт үйлчлүүлэгч  олон байв. Тиймээс энэ тасгийн үйл ажиллагаа, ачааллын ХСҮТ поликлиникийн эрхлэгч Н.Батсанаагаас тодрууллаа.

-Манай эмнэлэгт 21 аймаг есөн дүүргийн 700-800 хүн өдөрт дунджаар үйлчлүүлдэг үүнээс амбулаторийн үзлэг шинжилгээнд 500 хүн, түү­нээсээ 200-250 нь лабораторийн шинжилгээ үйлчилгээг авдаг. Мөн дээр нь манай өвчтөнүүд онцлог хүмүүс байдаг болохоор тэдгээр хүмүүсийг заавал 1-2 хүн заримдаа таван хүн ч дагаж явах тохиолдол бий. Үүнээс болж ачаалал үүсэх бас нэгэн шалтгаан болдог. Нэгэн зүйлийг энд онцолж хэлэхэд эмнэлгийн байгууллага бүр өөрийн гэсэн дүрэм журамтай, үйлчилгээ үзүүлэх дараалал гэж байдаг. Гэтэл иргэд маан тэр журмыг огт дагадаггүй заавал намайг үзэх ёстой гэдэг хандлага их гаргадаг. Манай эмнэлгийн хамгийн өндөр ачаалалтай хэсэг нь химийн туяа эмчилгээний кабинетууд байдаг. Яагаад ийм ачаалал оочир ихтэй байгаа гэхээр туяа эмчилгээг зөвхөн ХСҮТ хийдэг, хими эмчилгээг мөн ХСҮТ хийдэг байсан одоо бол хоёр хувийн эмнэлэгт хийж эхэлсэн. Дүүргүүдийн хавдрын эмч нар хими эмчилгээ хийх ёстой боловч иргэд хийлгэхийг хүсдэггүй. Бидний зүгээс энэхүү ачаалал хүлээгдлийг арилгах боломж нь дүүргийн эмнэлгүүд нийслэл хотын иргэддээ үйлчилж манай эмнэлэг зөвхөн орон нутгийн иргэдийг хүлээж авдаг болбол энэ хүлээгдэл буурна. Жишээ нь хамгийн хол аймаг болох Баян-Өлгийгөөс ирсэн иргэнийг цагт нь эмчлэх боломжтой. Дээр нь хөдөө орон нутгаас ирсэн иргэд зочид буудал хөлсөлж, хамаатан садан, хүүхдүүдтэйгээ оюутны байранд хүртэл байх тохиолдлууд их гардаг. Хүн бүр л хурдан үзүүлээд буцахыг бодно шүү дээ тиймээс дүүрэг, аймгийн эмнэлгүүд энэ хими, туяан эмчилгээг хийж эхэлбэл чирэгдэл, хүлээлт бага болно. Иргэдийн сэтгэл ханамжийг унагаагаад байгаа нэг зүйл бол яах аргагүй хүлээлт ачаалал болж байгаа нь үнэн.

Цахим цаг авсан иргэд цагаасаа эрт эсвэл хоцорч ирчхээд чирэгдэл хүндрэлийг үүсгэдэг. Жишээ нь өдрийн 15:00 цагт үзүүлэх эрх авсан хүн  08:30 ирээд би түрүүлж ирсэн болохоор биеэ үзүүлнэ би л болж байвал бусад нь хамаагүй мэт аашилдаг. Эсвэл үзлэгийн цагаасаа хоёр гурван цагийн дараа ирээд мөн л адил олон шалтаг тоочдог ийнхүү иргэд цагаасаа барихгүй дээр өөрөөсөө шалтгаалах зүйлсийг эмнэлгийн буруу мэт ойлгодог. Түүнчлэн кабинетуудын үзлэгийн хугацаа янз бүр байдаг хэрэв өнөөдөр үзүүлээд дахиад 14 хоногийн дараа ирж үзлэгт орно шүү гэхэд нэг иргэн 2-3 удаа цаг авч тэр өдрөө ирэлгүй эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлж хий хүлээгдэл үүсгэдэг. Энэ мэт зүйл цахим цаг авах хэсэгт гардаг учир эмч нар тус өвчтөний карт дээр нь тодорхой цаг зааж өгдөг болсон гэв.  

 

Үүний дараагаар тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдээс санал сэтгэгдлийг нь авахад ийн ярилаа.

 

Хан-Уул дүүргийн иргэн Э.Буяа: 

 

-Энэ долоо хоног эмнэлгээр нааш цаашаа явж байна. Нэг дор бүх шинжилгээгээ өгмөөр байвч тийм боломж байхгүй заавал цаг авна 2-3 цаг хүлээх болдог. Манай гэр бүлийн хүн хувийн эмнэлэгт үзүүлэхэд ходоодны хавдартай гэсэн. Дүүрэг улсын эмнэлгээр үйлчлүүлэхээр цаг их алддаг тиймээс зарим шинжилгээгээ хувийн эмнэлэгт үзүүлсэн. Бид хоёр тэтгэврийн мөнгөөр амьдардаг эрүүл мэндийн даатгалаараа үзүүлж харуулах гэхээр ачаалал арай л их цээж ходоодны зураг авахуулах гэхэд дор хаяж 3-4 цаг хүлээж байна. Мөнгөгүй хүн өвдөх эрхгүй цаг болж дээ дээрээс нь эмнэлгээр үйлчлүүлж байгаа бүх л хүн ямар нэгэн өвчтэй байгаа. Тэгэхэд эмнэлгийн үүдээр ороход л угтах үйлчилгээний хэсэгт очиж яах ийх аль шатаар гарж ямар эмчид үзүүлэхээ асуухад дуртай дургүй л хариулдаг. Эдгээр нь үйлчлүүлэхэд их хүндрэлтэй байдаг. Харин хаа очиж танил тал оочир дайрах нь хамаагүй дээр болсон харагдана лээ гэв.

 

Баянхонгор аймгийн иргэн Б.Сүмбээ: 

 

-Онош тогтоох гэж баггүй хугацаа алдсан анх үзүүлэхэд уушгин дээр хийтэй хөндий нүх байна гэж гарж ирсэн. Эмч нарийн зөвлөгөөнөөр орсон гурван сар харзны энэ яг хавдар мөнүү бишүү гэдгийг тодорхойлж чадахгүй байна гэсэн. Дараад нь зургаан сар харзны гэж явсаар бараг нэг жилийн хугацаа алдсан. Ингэж явсаар өвчин гарж хөл хорио тогтоосон ингээд орон нутгаас ирэх боломжгүй болж энэ зургаан сард ирэхэд хавдар мөн гэж онош гарсан. Ингэж цаг алдаж явснаас үүдээд хавдар үсэрхийлж уушгин дээр булчирхай хэлбэрийн зүйл нэмж үүссэн байсан. Орон нутгаас ирсэн болохоор хамаатныдаа л байгаа эмнэлгээс хол байдаг учир автобус унаа дээрээс нь эмчилгээнд орчихоод явна гэдэг л их хүндрэлтэй байдаг даа орон нутгийн иргэд бидэнд. Нөгөө талаас эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэд өөрсдөө бие биедээ хүндрэл учруулж байгаа санагддаг бүгд л адилхан яарч байж авсан цагаасаа өмнө, эсвэл хоцорч ирээд бөөн бөөн асуудал гаргадаг гэв. 

Эмнэлгийн ачаалал, хүнд суртлыг үгүй болгохын тулд цахимаар цаг олгох системийг нэвтрүүлсэн. Гэсэн ч нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдгийн адилаар төдийлөн үр дүнд хүрсэнгүй. Иргэд дүүргийн эмнэлгээс үйлчилгээ авахын тулд үүрийн таван цагт босож эмнэлгийн хаалга сахиж байна.

Тухайлбал, Улсын эмнэлгийн бөөрний тасагт үзүүлэх гэж байгаа иргэн тус эмнэлгийн цахим хуудаст регистр эсвэл эрүүл мэндийн даатгалын дэвтрийн дугаараар нэвтэрч ороод, цаг захиалчихдаг байж болно шүү дээ. Мөн тухайн хүний шинжилгээний хариу, оношийг и-мэйл хаягаар нь эсвэл гар утсанд нь илгээдэг байх шийдлийг ч бас давхар нэвтрүүлж болно. Ядахдаа л бүх дүүргийн нэгдсэн эмнэлэг, амбулатори, төвүүдээ цахим хэлбэрт шилжүүлмээр байна. Зөвхөн үзүүлэх өдөр нь заавал цаг авдаг бус даваа гарагт очсон хүнд хоёр, гурав хоногийн дараах цаг олгодог байх зохицуулалтыг хэрэгжүүлж болмоор. Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгүүд яг ийм шийдлийг нэвтрүүлж, цаг олголтоо цахим хэлбэрт оруулсан. Энэ нь сайн болон саар талтай байгааг иргэд хэлж байна. Учир нь цаг авах гэхээр бараг нэг, хоёр сарын дараах цаг байгааг хэлдэг. Ямар л өвчтэй хүн нэг, хоёр сар хүлээх билээ. Мөнгө төгрөг, бэл бэлчин муутай нэгэн нь таарсан цагийг нь авахаас өөр боломжгүй л байдаг. Тиймээс яаралтай үзүүлэх ёстой өвчтөн, хэд хоногийн дараа үзэж болох өвчтөнийг ялгаж салгаж, эмнэлгийн цаг олгох үйлчилгээг улам илүү боловсронгуй болгох шаардлага байна. Талхны мөнгөө бүтэн өгчхөөд дэлгүүрээс тал хагас талх авч байгаатай л адил эрүүл мэндийн даатгал төлж байж эмнэлгийн үйлчилгээг авч чадахгүй байна гэдэг үнэндээ эмгэнэл юм. Тэртээ тэргүй дүүргийн эмнэлгүүд бүгд цахимд холбогдож, цаг тараадаг болсон учир технологийн шийдлийг төрийн үйлчилгээтэй хослуулж, хүнд суртлыг ор үндсээр нь арилгах шаардлагатай байна.

#МонголынМэдээСонин #ӨдрийнСурвалжилга

2021 оны есдүгээр сарын 10. Баасан. №113 (5518)