Шөнийн газар шилгээлт иргэдийг цочирдууллаа

Нийгэм, Эдийн засаг

Төв аймгийн  Жаргалант сумын Баянбулаг багийн “Харанхуй” гэдэг газарт өчигдөр шөнө Улаанбаатарын цагаар 00:50-д 5.0 магнитуудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлийн чичирхийлэл Улаанбаатар хотоос гадна Булган аймгийн Баяннуур, Булган, Бүрэгхангай, Дашинчилэн сум, Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Баянгол зэрэг сумын иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд учирсан хохирлын талаар одоохондоо мэдээлэл ирээгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлээд байгаа юм. Мөн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Баянзүрх багийн “Оргот” гэх газар есдүгээр сарын 7-ны өдрийн 08:28 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон бол Баянхонгор аймгийн Жинст сумаас баруун зүгт 21 километрийн зайд 3,8 магнитудын газар хөдлөлт өчигдөр 10:16:02 цагт болсон байна. Монгол оронд 2020 онд 44462 удаа газар хөдлөлт болсон бол он гарсаар 106 мян­га гаруй удаагийн газар хөд­лөлт бүртгэгдээд байгаа юм.  

Хүчтэй хөдлөлтийн талаарх мэдээллийг нарийвчлан хүргэвэл: Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар): 2021-09-08 00:50:33, Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг): 48.64 106.06, Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 5.0 байсан юм.

Ийнхүү урд шөнө болсон газар хөдлөлтийн талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс тодрууллаа.

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбарын дарга М.Өлзийбат: 

-Газар хөдлөлтийн хүчийг хоёр программаар шалган үзэхэд 56 км орчмын гүнд болсон байна. Энэ нь нэлээд гүнд тооцох ба өмнө 2-10 км  гүнд газар хөдлөлт болдог байсан.

Мөн энэ оны нэгдүгээр сарын 11-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон хүчтэй газар хөдлөлт үргэлжилсэн цохилттой байсан бол энэ удаагийнх нэг цохилттой газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл нь зарим аймаг, сум болон Улаанбаатар хотын иргэдэд мэдрэгдсэн бөгөөд одоогоор бид судалгаа мэдээллээ цуглуулан явж байна.

Улаанбаатар хотод 2004 оноос газар хөдлөлт идэвхжиж эхэлсэн байдаг. Өмнө Улаанбаатар хотын ойролцоо жилд 200 орчим сулавтар хөдлөл, харин хүнд мэдрэгдэхүйц буюу 3,5 магнитудаас дээш нь 60 орчим болдог байсан. Гэтэл энэ жилийн хувьд одоогийн байдлаар 3,5-аас дээш магнитудтай газар хөдлөл 220 гаруй болсон байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд 4-5 магнитуд газар хөдлөлт Улаанбаатар хотын ойролцоо нэлээд боллоо. Технологийн онолоор энэ нь дараагийн зургаан магнитуд газар хөдлөлт болох магадлал маш өндөр байгааг харуулж байна гэлээ.

 

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Хонгор: 

-Тус газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод 3-4 баллын хүчтэй мэдрэгдсэн бөгөөд одоогийн байдлаар нийслэлд газар хөдлөлтөөс үүдэлтэй хохирлын дуудлага бүртгэгдээгүй байна.

3-4 баллын газар хөдлөлт нь хүнд мэдрэгдэх боломжтой бөгөөд зургаан баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай ажээ. Баллын хэмжээ 10-аас хэтэрвэл барилга байгууламжууд нурах аюултай гэж үздэг.

Өнгөрсөн шөнө болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотоос гадна Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн төв болон зарим суманд хүчтэй мэдрэгджээ.

 

Одон орон геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөлт судлалын салбарын мэргэжилтэн А.Мөнхсайхан: 

-Урьд шөнө болсон газар хөдлөлтөөс үүссэн чичирхийлэл хөрсний хурдатгал хэмжигч, хатуу хөрсөн дээр байгуулсан багаж дээр 3 баллаар мэдрэгдсэн. Гэхдээ газар хөдлөлтөөс үүдсэн чичирхийлэл Улаанбаатар хотын сэвсгэр хөрсөн дээр орж ирэхдээ долгионоо өсгөж хүмүүст өөр өөрөөр мэдрэгдсэн байна. Хүн хаана байгаагаас шалтгаалан чичирхийллийг өөрөөр мэдэрдэг. Мөн хэдэн баллаас дээш газар хөдлөлтийг мэдрэх боломжтой вэ гэдэг ч харьцангуй ойлголт юм. Энэ нь газар хөдлөлтийн хүч, голомтын гүн, газрын хөрснөөс хамаардаг.

Он гарсаар таваас дээш магнитутын хүчтэй газар хөдлөлт Ханхын давталт хөдлөлтийг эс тооцвол Говьсүмбэр аймагт гуравдугаар сарын 23-нд, Сэлэнгэ аймагт долдугаар сарын 22-нд болсон. Улаанбаатар хот орчмын бүс нутагт сүүлийн үед газар хөдлөлийн идэвхжил нэмэгдэж, жижиг хөдлөлтүүд маш ихээр болж байна. Зарим тохиолдолд жижиг хөдлөлтүүд ихээр болно гэдэг нь хүчтэй хөдлөлт болох урьтал үзэгдэл байж болдог. Урьд шөнийн газар хөдлөлт болсон цэгт 2018 оны зургадугаар сарын 28-нд 4.7 магнитудын хүчтэй газар хөдөлж байсан. Таван магнитудын хүчтэй, 10 гаруй километрийн гүнд болж буй газар хөдлөлтөөс болоод газрын гадарга дээр хагарал ажиглагддаггүй.  Жаргалант сумын ойр орчмын сумуудад чичирхийлэл мэдрэгдсэн ч одоогоор хохирол учирсан мэдээлэл байхгүй байна.

Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас /НОБГ/ өчигдөр мэдээлэл хийлээ.

 

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын тасгийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн: 

-”Төв аймгийн  Жаргалант сумын  Баянбулаг багийн “Харанхуй” гэдэг газар шөнийн 00:50 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Төв аймагт  арав гаруй удаагийн чичирхийлэл мэдрэгдсэн. Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргатай холбогдоход “Газар хөдлөлт иргэдэд  хүчтэй мэдрэгдсэн. Хохирол учраагүй” байгааг хэлсэн.

Газар хөдлөлийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган аймгийн Баяннуур, Булган, Бүрэгхангай, Дашинчилэн сум, Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө, Зүүнбүрэн, Орхон, Мандал, Жавхлант, Сайхан, Сант, Цагааннуур, Хушаат, Хүдэр, Хөтөл, Шаамар сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай, Батсүмбэр, Баянцогт, Борнуур, Заамар, Зуунмод, Жаргалант, Лүн, Өндөрширээт, Сэргэлэн, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэ сумдын иргэдэд  хүчтэй мэдрэгдсэн.

Харин нийслэлд газар хөдлөлтийн чичирхийлэл харилцан адилгүй байна. Зарим газарт огт мэдрэгдээгүй бол зарим газарт мэдрэгдсэн. Улаанбаатар хотод зарлах мэдээлэх 60 ширхэг цамхаг байдаг. Газар хөдлөлт аюулын хэмжээнд хүрээгүй учраас дуут дохиолол  дуугараагүй. Иргэд сандрах хэрэггүй. Тайван байх хэрэгтэй. Аюулын төвшинд хүр­сэн тохиолдолд зарлах мэ­дээ­лэх дохиолол ажилладаг. 2021 он гараад 3.5-аас дээш газар хөдлөлт 262 бүртгэгдсэн” гэв.

#МонголынМэдээСонин #ӨдрийнСурвалжилга

2021 оны есдүгээр сарын 09. Пүрэв. №112 (5517)