Өрнөөс өрний хооронд амь зууж байна даа

Улс төр

Ажил, хичээл сургуулийн улирал ирж хүний хөдөлгөөн ихсэн хаа сайгүй яаран алхах хүмүүс 100 айлын гэр ахуй, барилгын материалын захаар явж буй харагдана. Уг захын цаахна байрлах,  хүмүүсийн нэрлэж заншсанаар 32-ын тойрогт байрлах Сүхбаатар дүүргийн XII хороог зорин өдрийн сурвалжилга бэлдэх гэж яваа минь энэ. Хорооны үүдээр орж угтах үйлчилгээний ажилтанд хэрэг учраа хэлж дараагаар нь засаг дарга И.Батсүрэнтэй уулзахаар тохиролцов. Сурвалжилгын гол зорилгоо хэлж хорооных нь амьдралын төвшин доогуур иргэдийн амьдрал ахуй ямар байгаа мөн хорооноос тэдгээр иргэдэд хэр хүрч ажиллаж байгаа талаар ярилцлаа.

Сүхбаатар дүүргийн XII хорооны засаг дарга И.Батсүрэн: Манай хороо 1721 өрхтэй тэдгээрээс 138 өрх нь халамж авдаг. Халамж авдаг энэ өрхийн тоо буурч, өсч байдаг ч сүүлийн хоёр жил цар тахал хөл хорионы улмаас иргэдийн амьдралын төвшин эрс буурсан. Энэ жилээс бага зэргийн сэргэх төлөв анзаарагдсан, халамж авдаг өрхийн тоо ч буурч зарим нь хөдөлмөр эрхэлж эхэлсэн. Нэг зүйлийг онцолж хэлэхэд ганц манай хороонд ч гэлтгүй  ихэнх дүүрэг хороодын шүдний өвчин болсон асуудал бол ажилгүйдэл. Ажил олдохгүй байгаа биш ажил хийх хүмүүс нь цөөрч нөгөө талаасаа халамж хэт хавтгайрсан тал сүүлийн жилүүдэд харагдах боллоо. Жишээ нь энэ онд манай хороонд шинээр ашиглалтад орсон 150 хүүхдийн ортой цэцэрлэг тогооч, туслах ажилтан ажилд авъя гэхэд ажилд орох хүн ирсэнгүй. Улсын сургууль,  цэцэрлэгийн ажилчдын цалин хөлс бага байдаг нь үүнд том нөлөө үзүүлж байна. Дараагийн ярих зүйл бол иргэдийн хандлага, өөрсдийн амьдарч буй орчноо ер хайхрахаа больсон явдал. Хавар намрын цагт хашаан доторх болоод гадна ургасан шарилж нь орчныг бохирдуулж гадаад  үзэмжийг гутаадаг. Тиймээс айл өрхүүдийг  цалинтай цэвэрлэгээнд уриалахад бас л ажиллах хүмүүс ирэхгүй тэр ч бүү хэл, өөрсдийн хашааны зэрлэгээ ч зулгаахгүй байдаг. Коронавирусээс болж үйл ажиллагаа нь хүндрээд байгаа   жижиг дунд бизнес эрхлэгч 25 хүн болон ААН-үүдэд Дэлхийн зөн олон улсын байгууллага, Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран буцалтгүй тусламжаар техник тоног төхөөрөмж өгөхөөр болсон. Уг төсөл нь зорилтот бүлгийнх боловч гэрээрээ дээл хувцас оёдог айл гэх мэт өрхүүдэд олгогдох юм. Сүхбаатар дүүргийн хэмжээнд эл төсөл нь дөрвөн хороонд хэрэгжинэ. Дүүргийн засаг даргын тамгын газраас өрх толгойлсон олон хүүхэдтэй амьдралын төвшин доогуур өрхүүдэд багц гэж гаргасныг  хороо хуваарилж тараасан.  

Хорооны даргатай ярилцаж эдгээр мэдээллийг авсны дараагаар олон хүүхэдтэй амьдралын төвшин доогуур иргэдийн гэрээр ороход. Урагдсан бүрээс хөө тортогт  дарагдсан гэрийн унь тооно биднийг угтлаа. Тэдгээр иргэдтэй уулзхад санаа сэтгэгдлээ ийн ярилаа.

СБД-ийн XII хорооны иргэн:  Манайх гурван хүүхэд дөрвөн том хүнтэй  ам бүл долуулаа айл.  Би  одоогоор бага насны хүүхдээ харж бас аавыгаа асарч байгаа болохоор ажил хийх боломжгүй,  манай гэрээс ганц ах маань  л ажил хийдэг. Сарын орлого ахын цалин, халамж,  хүүхдийн мөнгө гээд дунджаар 500  мянга орчим төгрөг л болдог. Үүнээсээ цалингийн зээл, хүүхдийн памперс, аавын эм тарианд ихэнх мөнгө нь явчихдаг. Сүүлийн хоёр сар гаруй зээлээ төлж чадахгүй  л явж байна. Ажилд орохоор очиход зарим газар нь голж өөлөх тохиолдлууд их байдаг. Манай дунд ах  боловсрол тааруу учраас барагтай л ажил хийдэггүй. Сараас сард л гэж болгож явна,  хороо дүүргээс биднийг дэмжсэн зүйл хаа очиж  багагүй хийдэг болсон. Хүүхдүүдийн хувьд нэг нь гуравдугаар анги нөгөө нь долдугаар ангид суралцдаг. Сурагчийн дүрэмт хувцас хичээлийн хэрэгслийг нь бэлдэж хараахан чадаагүй. Мах ногооны үнэ их өссөн тиймээс өдөрт заримдаа л хоол хийж,  ихэвчлэн гамбир хайрч идээд хонодог хэмээн ярьсан юм.

СБД-ийн XII хорооны иргэн: Ам бүл тавуулаа амьдардаг манай гэр бүлийн хүн уул уурхайн компанид ажил хийдэг. Сүүлийн долоон сар коронавирус гарсан гээд ажилдаа явж чадаагүй болохоор  манай өрхийн орлого эрс муудсан. Би ажил хийе гэсэн ч эрүүл мэндийн шалтгаанаар хийх боломжгүй.  Хүүхдийн мөнгөө хадгалдаг байсан ч энэ хэдэн сар тийм боломж байхгүй болсон. Дээрээс нь цалингийн зээлтэй  болохоор түүнийгээ төлнө гээд тун хүнд байлаа. Хичээл сургууль эхэлнэ гээд багагүй л сандарлаа.  Яг үнэндээ өрнөөс өрний хооронд л амьдарч байна шүү дээ гэв.

Гэр хорооллын гудамжинд байрлах дэлгүүр бүрт  байдаг нэг зүйл бол өрийн дэвтэр, данс юм. Тиймээс уг хорооны иргэд ихээр үйлчлүүлдэг дэлгүүрээр орж тодрууллаа.

СБД-ийн XII хорооны найман нэрийн дэлгүүрийн худалдагч: Дэлгүүрийн өдрийн орлого их буурсан энэ нь иргэдийн худалдан авалт бага байгааг илтгэж байгаа юм. Иргэд өр тавих нь улам олширсон, зарим нь архи зээлээч гэж орж ирдэг. Тийм хүмүүст бол зээл өгөхгүй гэж хэлдэг,  яах аргагүй хүнсний талон авдаг өрхүүдэд зээл өгдөг. Манай дэлгүүрт одоогоор хамгийн өндөр зээл авсан хүний өр 300 мянган төгрөг байна. Зарим хүмүүс  иргэний үнэмлэх, гадаад паспорт зэргээ барьцаанд тавьж өнөөдөр маргааш гэсээр нэг сар болох  тохиолдол  ч бий. Хөл хорионы үед тун хүнд байсан одоо бол арай гайгүй болж байна гэв.   

Сурвалжилж явахад айл өрхийн орлого, иргэдийн амьжиргааны төвшин муудсан нь илт харагдаж байлаа. Мөн дээрээс нь ажилгүйдэл ямар их байгаа, бид ямар ч айхтар далд эдийн засаг нь тэлчихсэн болохоор  ямар ч тэнгэрлэг хүмүүс байгаад хэрэглээгээ нэмэгдүүлж чадахгүй л байна.  Тэр дундаа энэ инфляци, эдийн засгийн болон коронавирусын хямрал хамгийн орлого багатай иргэдэд хүчтэй нөлөөлж байна. Харамсалтай нь жип машинтай, хувийн компанитай, мянган малтай иргэдэд халамж, төрөл бүрийн тэтгэлэг өгөөд байгаа хэрнээ энэ төр зах зээл, хямралын шуурганд хөл алдаж байгаа ядарсан иргэдээ үл хайхран харлаа ч хатуурхан, элдэв шалтгаар шаантаглан  зоргонд нь хаясаар байна.

#МонголынМэдээСонин #ӨдрийнСурвалжилга

2021 оны есдүгээр сарын 08. Лхагва. №111 (5516)