“Жорлонгоо өөрчилье” төслийг үндэснийх болгоё

Нийгэм, Эдийн засаг

Ийм нэртэй төсөл уг нь хэрэгжиж байгаа юм билээ. Цахим ертөнцөд тавигдсан зургаас харахад дуу алдам сайхан. Бүр “хөөх” ийм жорлон байдаг байх нь ээ.  Төсөлд яаж ийгээд хамрагдах юмсан гэх бодол хэн хүнд төрөхөөр. 

Харамсалтай нь төсөл хязгаарлагдмал хүрээнд хэрэгжээд дуусч байгаа аж.  Дэлхийн хөгжилтэй орнууд хэдийн модон жорлонгоо мартаж орхисон.  Африкийн хэдэн улс, дээр нь  манайх  л байгаа болов уу. Мартсан учраас гадны жуулчид Монголд ирээд модон жорлонгийн баас, шээсэндээ идэгдсэн банзан дээр  цаас дэвсээд сууж байх билээ. Бүр тархинаасаа аваад хаячихсан учраас тэр.  Нөгөөтээгүүр, модон жорлон бактери үржих таатай нөхцөл бүхий орчин гэдгийг уншигч та   надаар хэлүүлэх юун.  Улаанбаатар хотын гэр хорооллууд эхнээсээ жорлонгийн нүх ухах газаргүй болоод байгаа.

Гэрийнхээ буурийг тойруулж ухсаар дууссан юм гэнэ лээ. Ялангуяа, Гандан,   тав, зургаа, долоон буудал,  Хайлааст орчим.  Төр маань гүрийтэл зүтгэсээр агаарын бохирдлын асуудлыг шийдэж байх шиг байна. Утаагүй түлшийг нэвтрүүлэхийн тулд Монголын  төр доошоо орж гэр хорооллын айлуудын үнс, нурам, яндантай зууралдсаар өвлийг барсан. Үүний үр дүнд  хорт утаанаасаа салж чадаж буй.  Иргэдийн уушиг ч “инээмсэглэх” тийшээ хандаж буй байх. Харин  одоо хөрсний бохирдолтойгоо тэмцэхгүй бол  эрүүл таван цултай хүн үгүй болж мэдэх хэмжээнд очжээ. 

Ходоодны хорт хавдраар  жилд 3600 орчим иргэн хорвоог орхиж буй талаар статистик мэдээ гарч  аюулын харанга  дэлдэх болов.  Улаанбаатарчуудын ундны усны  гол нөөц болсон хатан Туулын бохирдолт ямар байгаа билээ. Бороо орлоо, тэгээд л  дуусаа. Шар ус, үерийн ус жорлонгийн нүхийг дүүргэж, тэндээс хальсан ус яван явсаар  Туул, сэлбэ голыг бохирдуулж  орхино. Хэнэггүй монгол зангаар “ урсгал усанд бохир байхгүй, цэвэршсэн” гээд крантаа нээн  цайгаа чанаж, хоолоо хийнэ. Нөхцөл байдал ийм тул монголчууд модон жорлонгоосоо ангижрах цаг болжээ.  Боловсронгуй, соруулах хэмжээнд очихоор нь соруулдаг тийм л нөхцөлд шилжмээр байна. Үүний төлөө өрх бүр хичээх хэрэгтэй. Юун жорлонд мөнгө зарах, талхны мөнгөгүй ядаж байхад гэх хүн таарах л байх.

Гэвч монгол хүний ирээдүйн сайн сайхны төлөө төрийн дэмжлэгтэйгээр шийдэх асуудал мөнөөс мөн. Жилийн дотор  өрх бүрээ орон сууцанд хамруулж чадахгүйгээс хойш. Утаагүй түлшинд шилжүүлж чадсан  шигээ  хөрснийхөө бохирдлыг шийдмээр байна. Үүний шийдэл нь өшиглөөд унагаачихмаар модон жорлонгууд. Тиймээс амьжиргаа сайтай, сүйхээтэй нэгэнд нь олдоод байгаа боломжийг үндэснийх болгоод өгөөч.  Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндэд нэн чухал, амьд явахын үндэс болсон хөрсний бохирдолтой тэмцэх цаг болжээ, Ерөнхий сайд аа. Модон жорлонгоосоо салмаар байна.  Монгол хүн амьд явах эрхтэй. Ар өврийн хаалга наана цаана гэлгүйгээр жорлонгоо өөрчлөх хүсэлтэй өрх бүрийг төсөлд хамруулж өгнө үү. Төсөл нь дууссан юм бол улсынхаа эрх ашгийг бодож, жорлонгоо өөрчилье төслийг цааш нь үргэлжлүүлж өгнө үү.  

#МонголынМэдээСонин #Дугаарын60мөр

2021 оны есдүгээр сарын 06. Даваа. №109 (5514)