Х.Хүрэлсүх: Монголчууд төмөр зам, гүүрийг барьж чаддаг гэдгээ баталсаар байна

Улс төр

Монгол Улсын зөвлөх инженер Х.Хүрэлсүхтэй автозам гүүрийн бүтээн байгуулалтын талаар ярилцлаа.

-Монгол Улс саяхан нэг томоохон гүүрийг хүлээн авлаа. Энэ бол Онон голын 209 метрийн урттай гүүр. Орон нутгийн, аялал жуулчлалын гүүр гэж шинэ нэр томъё, бүтэц иргэдийн анхааралд орж иржээ. Онон голын гүүрийг аль зориулалтаар нь ашиглах вэ. Техник эдийн засгийн үзүүлэлтийн хувьд мөн хэнтийчүүд болоод зүүн бүсийн аймгуудад ямар ач холбогдолтой вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье.

-Хэнтий аймаг буюу зүүн бүсийн нутагт байрлах Хэнтий аймгийн Биндэр сумын Онон гол дээр 209 метр урт төмөр бетонон гүүрийг амжилттай барьж дуусгасан. Өнгөрсөн оны наймдугаар сараас технологийн ажлаа эхэлж, энэ оны наймдугаар сарын 24-нд эцсийн байдлаар бүрэн дуусгаж Улсын байнгын ашиглалтад оруулж комисст хүлээлгэж өглөө. Энэ гүүрийн зураг төсөв нь 2015 онд хийгдсэн, уг гүүрийн барьсан “Ган гүүр” ХХК компани нь хуучин төсвөөр барьсан гэж ойлгож болно. Уг гүүрийн гол ач холбогдол нь Монгол орны хэвтээ, босоо тэнхлэгийн гол замын уулзвар болсон Онон гол нь Хэнтий аймгийн Биндэр, Батширээт, Дадал  зүүн хойд чиглэлд явж буй замыг аялал жуулчлал, орон нутгийн чанартай замын гол ачааллыг дааж, чиглүүлж байгаа стратегийн ач холбогдолтой төмөр бетонон гүүр байнгын ашиглалтад орсон гэж ойлгож болно. Манай гүүр “Т” хэлбэрийн дам нуруутай 25 метрийн урт балкан дам нуруутай, мөн завсрын долоо, захын хоёр хүчитгэсэн тулгууртай юм. Нэг тулгуур дор 1,5 метрийн диаметртэй, 15 метрийн гүнтэй карказан структур бүтэцтэй, М500 маркийн В40 ангиллын бетоноор цутгасан дөрвөн ширхэг өрөмдмөл суурьтай хүчирхэг баригдсан гүүр юм.

-Үнэ өртгийн хувьд 2015 оны зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэлээр хийсэн гэж Та дээр дурдсан. Тэгвэл одоо барилгын материалын үнэ нэмэгдсэн. Энэ талаараа жаахан тодруулна уу?

-Та яг миний хэлье гэж бодож байсан зүйлийг асуулаа. Эхлээд дурдах зүйл бол манай үндэсний компани зураг төсвийг нь хийгээд, гүүрийг барьсан. 2015 оны тухайн үед нийтлэг хэрэглэгддэг арматурыг одоо үеийн үнэтэй харьцуулахад 33 хувь өссөн байна. Жишээлбэл, 2015 онд нэг тонн арматурын үнэ 900 орчим мянган төгрөгийн үнэ ханштай байлаа. Өнөөдөр, тухайлбал “Барилга.мн” сайтаас арматурын үнийг харахад гурван сая 50 мянган төгрөгийн үнэтэй байна. Материалын үнийн өсөлт нь таван жилийн дараа тендерийн сонгон шалгаруулалтаар сонгогдсон гүйцэтгэгчдэд бол тодорхой хэмжээний дарамт болсон. Бидний зүгээс тус гүйцэтгэгчид нэгэнт тендер авсан учир танайх ажлаа хийж дуусгах ёстой гэх шаардлага тавьдаг. Гэхдээ энэ бүх хугацааг тооцож төр бодлогоор үнийн зохицуулалт, үнийн тохируулга, гэрээний нэмэлт өөрчлөлт зэрэг уян хатан бодлогыг цаг тухай бүрд нь мэдэрч хэрэгжүүлэх нь зүйтэй болов уу.

-Сүүлийн үед гүүрийн чанартай холбоотой нэлээн асуудал хөндөгдөж байгаа. Яагаад гэхээр наймдугаар сарын дундуур орсон их борооноор Лүн сумын гүүрэнд эвдрэл гарсан. Үүнтэй ижилхэн танай барьсан гүүрний чанар дээр байгалийн хүчин зүйл нөлөөлөхөд урсахгүй байх бат бөхийн чанар дээр та бүхэн ам бардам хэлж чадах уу?

-Чанарыг ярихаасаа өмнө байгалийн давагдашгүй хүчин зүйлийг тодотгож ярих нь зөв байхаа. Байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу энэ жилийн тухайд олон жилийн дундаж гэж манайхан их ярьдаг. Олон жилийн дундаж буюу 100 жилийн судалгаа гэж байна эл судалгааг тооцож байж тухайн гол мөрний ай сав бассейны тооцоог хийсний үндсэн дээр тухайн газарт баригдах гүүрийн урт, өргөн габарет зэргийг тооцдог. Гэтэл энэ жилийн усны хурд буюу нэг секундэд урсан өнгөрч байгаа метр куб усны урсац нь олон жилийн дунджаас гурав дахин илүү байсан. Жишээ нь томоохон голын гүүр болгон дээр усны харуулууд тогтмол ажилладаг. Онон-Биндэр усны харуулын мэдээгээр 5-6 сард уулын уруйн үер, шар усны үер, гадаргуун усны цугларах талбайн хэмжээ нь харуулын өдөр тутмын хэмжилтээр энэ жилийн хувьд олон жилийн дунджаас нэг метрээс 1,6 метр хүртэл давж хальж их усны төвшингийн хэмжээ ихэссэнийг мэдээлж байсан. Энэ бүгдийг гүүрийн зураг хийж буй инженерүүд зураг төсөл хийдэг компаниуд цаашид анхаарах хэрэгтэй.

-Та бол Монгол Улсын зөвлөх инженер хүн. Тиймээс Монгол Улсын автозамын хөгжил ямархуу төвшинд яваа гэж хардаг вэ?

-Монгол орны автозамын сүлжээг хөгжүүлэх 2000-2016 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөг Азийн хөгжлийн банкнаас 2000 оны эхээр гаргаж байсан. Энэ нь олон улс, улсын  чанартай авто зам, замын байгууламж түүний засвар арчлалтад зарцуулах хөрөнгийн хэмжээг урьдчилан тооцсон төсөл хөтөлбөр байлаа. Энэ нь өнөөдөр сайн хэрэгжиж байна. Энэ тал дээр манай Зам тээврийн хөгжлийн яам болон Зам тээврийн хөгжлийн төвийн хамт олон маш сайн хамтран ажиллаж байгаад талархаж байна.

-Улаанбаатар хотын болоод орон нутгийн замуудад эвдрэл их гардаг. Таны хувьд автозам дээр тавьж буй стандарт шаардлагад ямар дүгнэлт хийдэг вэ. Их засвар хийнэ гэж их мөнгө зарлагддаг шүү дээ өндөр чанартай замыг бид яагаад тавьж чадахгүй байгаа вэ?  Эдийн засгийн чадавхитай холбоотой юу?

-Нийслэлийн ч бай, улс, орон нутгийн чанартай зам ч бай энд үе шаттай бодлого, инженерийн шийдэл зайлшгүй хэрэгтэй. Ийнхүү хуучин замаа үе шаттайгаар урсгал засвар, шинэчлэлт, их засвар, ээлжит засвар хийж байж бид энэ хүндрэлтэй асуудлаас сална. Тэрнээс биш нэг л өдөр бүгд шийдэгдэхгүй ээ ихэнх нь мөнгө, төсөв, хөрөнгөтэй холбоотой. Үүн дээр нэмээд хэлэхэд автозамын засвар арчлалтын ажлыг сайжруулах, ашиглалтын хугацааг уртасгах, чанар байдлыг сайжруулах, хөрөнгийн эх үүсвэрийг үе шаттайгаар нэмэгдүүлэх зэрэг нь  манай автозамын салбарын үндсэн бодлого зорилт юмаа. Энэ бодлого зорилт, хэрэгжилтийн өнөөгийн явц байдалд миний бие инженер хүнийхээ хувиар зарим үед өөрөө шүүмжилж, нөгөө талаас шүүмжлэлээр булуулж л явна даа.

-Цаг төр нийгэм өөрч­лөг­дөж байна, барилга мате­риалын чанар ч өөрчлөгдөж байна. Зөвлөх инженерийн хувьд баримтлах чанар стандартын аргачлалын талаарх ном гаргах бодол бий юу? Энэ зам ямар хэдэн оны стандартаар  өнөөгийн замаа бариад байдаг юм бэ?

-Дэлхийн зам харгуйн түүх нь 4000 гаруй жилийн өмнөх Ромоос үүсэлтэй гэж ярьдаг. Олон улсын зөвлөх инженерүүдийн нийгэмлэг нь Францын Парист төвтэй 100 гаруй жилийн түүхтэй ФИДИК гэж байгууллага байдаг. ФИДИК-ийн зарчмыг манай салбар 1990-ээд оны эхнээс судалж албан ёсны гишүүн орон болж замын салбартаа нутагшуулаад явж байна. Оросын СНиП, Английн ASTM, Америкийн AASHTO зэргийг судалж, харьцуулж үндэсний MNS стандарт болгож нутагшуулан өөрийн салбартаа дотоодын болон гадаадын зөвлөх байгууллагууд, үндэсний мундаг тэргүүлэх болон зөвлөх инженерүүдтэйгээ хамтран хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Онон гол дээр баригдсан танай гүүрний насжилт хэдэн жил байх вэ?

-Ер нь шинэ гүүр баригдсанаас хойш их засварын хугацаа 20 жил байдаг. Гэхдээ авто зам ч бай, гүүр ч бай байнгын ашиглалтанд орж, хэрэглэгчдэд үйлчилж эхэлсэн өдрөөсөө эхлэн өдөр тутмын арчлалтын ажлыг хийх ёстой. Аль нь ч бай тухайн өдрөөс эзэнтэй болох ёстой. Гүүрэн дээр гүүрийн хамгаалагч-засварчин байнгын ажиллаж өдөр тутмын технологийн карт хөтөлж, хог шороог нь цэвэрлэж, усны төвшингөө хэмжиж мэдээгээ төвдөө тогтмол өгч ажилладаг. Зам гүүр энэ мэт эзэнтэй байхын гол ач холбогдол нь тухайн зам, гүүр урт настай байж ашиглалтын хугацаа уртсах гол үндсэн үзүүлэлт болдог.

-Монгол Улсын хувьд 209 метрээс илүү урт гүүр хэд байдаг вэ?

-Манай улсад 209 метрээс урт гүүрүүд байдаг. Жишээлбэл, Сэлэнгэ мөрөн дээр 437,5 урт метр гүүр байгаа. Мөн зүүн талд Хэнтий аймгийн Дадал суманд 238,9  метр гүүр бий. Тус гүүрэнд хоёр  жилийн өмнө их засвар шинэчлэлтийн ажил хийсэн.

-Монголчуудыг нэг хэсэг гүүр барина гэхэд эргэлздэг байсан. Харин одоо бид өөрсдөө хийдэг болжээ. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Монгол хүний сэтгэхүй агуу, юмыг хийж сурахдаа амархан. Ялангуяа инженер, техникийн сэтгэхүйтэй ард түмэн шүү дээ. Монголчууд өөрсдөө төмөр замаа ч барьж байна үүнийгээ ч баталж харууллаа. Цаашид автозамчид, гүүр барилгынхан, төмөр замчид болон үндэсний компаниудаа дэмжээд явбал  бүтээн  байгуулалтын ажлуудын хугацаа чанар эрс сайжирна гэж бодож явдаг. Төр бодлогоор Монгол хүндээ итгэх итгэлийг л өгч, дэмжиж ажиллах хэрэгтэй.

-Онон голын гүүрийг ямар компани барьсан бэ?

-Б.Гантөмөр захиралтай “Ган гүүр” ХХК-ийн ерөнхий инженер, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Лхагвадоржоор удирдуулсан хамт олон өнгөрсөн 2020 оны наймдугаар сараас эхэлж, энэ оны наймдугаар сарын эхэн үе хүртэлх хугацаанд барьж, энэ наймдугаар сарын 24-нд байнгын ашиглалтанд оруулж гэрээт хугацаанаасаа өмнө зам хэрэглэгчдэд бэлэг барилаа. Гэхдээ бүхэл бүтэн жилийн турш гүйцэтгэсэн технологийн ажлын хугацааг тооцож үзвэл зургаан сар гаруй хугацаанд дээрх ажлыг хийж гүйцэтгэжээ. Манай ажлын явцад цар тахлын нөхцөл байдал тодорхой хэмжээгээр нөлөөлж 20-иод хоногийн хугацаа алдсан тал бий. Мөн дээрээс нь Онон голын усны төвшин нэмэгдэж үерлэснээс болж технологийн үндсэн ажлуудад хугацааны хувьд бас хэд хоног хойшилсон. Эдгээрийг тооцохгүйгээр бид цэвэр зургаан сарын дотор гүүрээ ашиглалтад оруулж чадлаа. Иймд гүүр ч бай, зам ч бай ажлыг цаг хугацаатай нарийн төлөвлөгөөтэй тооцож нягт нямбай ажиллабал болохгүй, бүтэхгүй зүйлгүй. Дараагийн шинэ гүүрийн барилгын ажил бас л Хэнтий аймагт эхлэх гэж байна.

Монгол Улсын автозамын салбарын 92 жилийн ой энэ намар тохиож байна. Хэнтий аймагт баригдсан анхны модон гүүрийн түүхийг сонирхож үзвэл 1952 онд Монгол Улсын гавьяат барилгачин Палам гуайн бариулсан Хурхын голын модон гүүрийн суурь одоо болтол байдаг юм. Түүнээс хойш Хэнтий аймгийн Онон, Хэрлэн, Барх, Эгийн голууд дээр барьсан хуучин модон гүүрүүдийг шинээр төмөр бетон гүүрээр сольж барих ажлууд үе шаттайгаар хийж байна.

-Ярилцсан Танд баярлалаа цаашдын ажилд тань амжилт хүсье.

-Нийт зам хэрэглэгч Та бүхний ажил амьдралын алтан шар зам тань мөнхөд гэрэлтэж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

#МонголынМэдээСонин #ЯрилцахТанхим

2021 оны есдүгээр сарын 01. Лхагва. №107 (5512)