Монгол Улс паралимпын наадмын хоёр дахь аваргаа өлгийдөн авлаа

Соёл урлаг, Спорт

Олон мянган залуучуудын үлгэр жишээ, түүчээ, тэсвэр хатуужил, баяр бахархлын нэг болсон   “Рио-2016” паралимпын хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Дэлхийн цомын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ “Токио-2020” паралимпын наадмын тэнгэрт улсынхаа далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэн өөрийн алдар нэрийг түүхэнд үлдээв.

Бээжин хотноо зохиогдож байсан 2008 оны наадмын байт харвааны төрлөөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Дамбадондогийн Баатаржав түүхэнд анх удаа паралимпын алтан медаль авч байсан билээ. Түүнтэй хамт энэ удаа “Токио-2020” зуны паралимпын XVI наадмын пауэрлифтингийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрөлд Энхбаярын Содномпилжээ 245 кг-ыг амжилттай өргөж паралимпын дээд амжилт тогтоохын сацуу паралимпын аварга болж монгол түмнээ баярлууллаа.  

Ээжийн хамт

Ээжийн хамт

Э.Содномпилжээ 2021 оны долдугаар сард Казахстаны Нур-Султан хотод болсон Пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 107 кг-д 247 кг өргөн түрүүлэхдээ дээд амжилтыг нь шинэчилсэн билээ. Түүнчлэн хэдхэн хоногийн өмнөхөн Монгол Улсад зохиогдсон IPE төрлийн хэвтээ шахалтын Азийн АШТ-д түрүүлэхдээ 105 кг-д хүч сорьж 248 кг өргөн дэлхийн дээд амжилтыг ахин шинэчилсэн юм. Тэрбээр Монголын пауэрлифтингийн анхны тамирчин бөгөөд Олон улсын тэмцээнээс алт, мөнгө нийлсэн 14 удаагийн медаль авсан, нийт тив дэлхийн 12 рекордыг эзэмшдэг төдийгүй эдгээр гаргасан амжилтаараа “Генисийн ном”-д 2019 онд  албан ёсоор бүртгэгдсэн юм.

Харин энэ удаа Токио-2020 олимпод пауэрлифтингийн 107 кг-д бяр чадлаа сорьсон тэрбээр хоёр дахь оролдлогоороо 245 кг-ийг өргөж, паралимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоож түрүүлэв. Үнэндээ манай тамирчин түрүүлэх нь эхний захиалга, эхний өргөлтийн дараа л тодорхой болсон гэхэд хилсдэхгүй. Тэрбээр эхний оролдлогодоо 141 кг-ыг захиалсан нь паралимпын дээд амжилтаас дөрвөн кг-аар илүү байв. Арын өрсөлдөгч нь энэ үед 231 кг-ийг өргөөд  байв.

Аварга болсон мөч

Улмаар Содномпилжээ хоёр дахь оролдлогоороо 245 кг-ийг өргөж, түрүүлэх нь үндсэндээ тодорхой болсон юм. Тэрбээр сүүлийн оролдлогоороо өөрийн дээд амжилт болох 247 кг-ийг ахиулж, 248-ыг захиалсан ч өргөлтийг тооцоогүй. Ийнхүү гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг-ийг өргөснөөр паралимпын наадмын аварга болсон. Тэрбээр арын тамирчнаас найман кг илүү өргөжээ. 

Ийнхүү Содномпилжээ алтан медаль авснаар Монголын баг медалийн хүснэгтийн 42-р байрт бичигдэж эхэллээ. Одоогоор 74 улс паралимпын наадмаас медаль хүртээд байна. 

Паралимпын хүндийг өргөл­тийн -107 кг жинд аваргын алтан медаль хүртсэн Э.Содномпилжээ өөрийн цахим хуудсаараа ийн сэтгэгдлээ хуваалцлаа: Тэрбээр “Энэ медалиа эх орон, төр засаг, ард түмэн, гэр бүл, найз нөхөд, багийн хамт олондоо зориулж байна. Ээж минь та энэ медалийг авах эрхтэй хүн билээ. Ээж минь та ямар их баярлаж байгаа болоо” хэмээн бичжээ.

Дасгалжуулагч Д.Баттулгын хамт

Мөн түүнд УИХ-ын дарга Г.Занданшатар баяр хүргэжээ. Тэрбээр “Сайхан мэдээтэй шинэ долоо хоног эхэллээ. Хүн төрөлхтний эв санаа, нэгдэл, тэгш эрх, эрх чөлөөний бэлэгдэл паралимпын алтан медальтан төрлөө” гэв.  

Эх орынхоо нэрийг өндөрт өргөж хүн төрөлхтний эв нэгдлийн их наадам пара­лимпээс алтан медаль хүртсэн Э.Содномпэлжээд монголын ард түмэн олон нийтийн сүлжээгээр баяр хүргэж талархлаа илэрхийлсээр байна. 

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр паралимпын аварга тамирчин Э.Содномпилжээд таун хаус, дасгалжуулагч Д.Баттулгад гурван  өрөө байр бэлэглэхээ илэрхийлж “Саяхандаа, Э.Содномпилжээ, түүнийг багш дасгалжуулагч Д.Баттулга нартай утсаар ярьж олимпын аварга болбол байр бэлэглэнэ ээ гэдгээ амласан юм. Энэ дагуу амлалтаа биелүүлж байна.  Э.Содномпилжээдээ ТАУН ХАУС, дасгалжуулагч Д.Баттулгад гурван  өрөө байр бэлэглэж байна. Э.Содномпилжээ таны цаашдын спортын замналд өндрөөс өндрөөс амжилтыг дахин дахин хүсье” гэжээ.

 

 

#МонголынМэдээСонин #АмжилтынЭзэн

2021 оны наймдугаар сарын 31. Мягмар. №106 (5511)