Машингүй өдрийн задгай худалдаа иргэдэд таалагдав

Нийгэм, Эдийн засаг

Жил бүр автомашингүй өдрийг зохион байгуулдаг уламжлал нийслэл хотод маань хэдийнэ уламжлал болон тогтсон. Тэгвэл энэ жилийн автомашингүй өдрийг наймдугаар сарын 28, 29 гэсэн хоёр өдөр Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдааг Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Хичээлийн шинэ жил 2021-2022” нэртэйгээр зохион байгууллаа. 

Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг байсан өргөтгөсөн худалдаа “Ковид-19” цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан билээ.

Уг үзэсгэлэн худалдаанд 130 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, хүүхдийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл, цүнх,  цэцэрлэгийн багц, амны хаалт, гар ариутгагч, тоглоом, танин мэдэхүйн карт болон бусад бараа бүтээгдэхүүнийг худалдаалсан. Сүхбаатарын талбайд гарч байгаа үзэсгэлэн худалдаанд Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн 78 аж ахуйн нэгж оролцож байгаа юм. Тэд үзэсгэлэн худалдааг наймдугаар сарын 30, 31-ний өдөр хүртэл үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа холбогдох албаны хүмүүст илэрхийлжээ. Мөн Баянзүрх дүүргийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй хоёр байршилд зорилтот бүлгийн иргэдэд зориулсан үнэгүй үсчин ажилласан юм.

Дээрх томоохон зургаан байршилд үзэсгэлэн худалдаанд оролцсон аж ахуйн нэгж болоод иргэдийн сэтгэгдлээс хүргэе.

Үзэсгэлэн худалдаа хэрхэн явагдсан  талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр: “Хичээлийн шинэ жил 2021-2022” үзэсгэлэн худалдаанд иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж оролцож байна. УОК, НОК-оос гаргасан түр журмын хүрээнд нийслэл, дүүргийн онцгой байдлын газар, хэлтсийн алба хаагчид иргэдэд халдвар хамгааллын дэглэмийг баримтлахыг анхааруулан ажилласан” гэлээ.

Бөхийн өргөөний хойд талын талбайд сурагчдын дүрэмт хувцас худалдаалж буй ААН-ийн худалдагч Э.Галцог: “Автомашингүй өдөр хоёр жил  завсарлаж энэ жил албан ёсоор зохион байгуулж байна. Цар тахалтай хүнд үед ААН эрхлэгч биднийг дэмжсэн их зөв шийдвэр боллоо. Иргэдэд ч гэсэн худалдан авалт нь тэдэнд илүү ойртож өгснөөрөө амар болж байгаа байх. Манайх бараагаа худалдаалахдаа аль болох бэлэн мөнгөөр бус карт эсвэл мобайл банкаар төлбөрөө төлүүлж байгаа энэ нь нөгөө талаараа ажиллаж буй бидний болоод иргэдийн эрүүл мэндийг хамгаалж байгаа хэрэг. Иргэдийн худалдан авалт өндөр байна” гэж ярив.

Баянзүрх дүүргийн иргэн Г.Отгондалай: “Манайх гурван хүүхэдтэй хамгийн бага нь одоо нэгдүгээр ангид орно. Автомашингүй өдрийг хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаатай уялдуулан хийж байгаа нь их зөв шийдвэр болжээ. Иргэдийн хувьд их ам сайтай байгаа харагдана лээ. Манай гурван хүүхэд хөл хорио, өвчин гээд хоёр жил гарантай хичээл сургууль нь завсардсан. Энэ жил хичээл нь орно гээд их хүлээлттэй байгаа бас дугуйгаа унаад үеийн найзуудтай уулзах нь сайхан байгаа нь мэдээж шүүдээ. Үзэсгэлэн худалдаанд зарагдаж байгаа барааны үнэ боломжийн, сонголт өргөнтэй байгаа зэрэг нь  хүүхдүүд, эцэг эхчүүдэд бидэнд худалдан авалт хийхэд амар болгож өгчээ” гэсэн юм.

Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд хичээлийн хэрэгсэл худалдаалж байгаа ААН-ийн худалдагч Э.Болороо: “Манайх хичээлийн хэрэгсэл, дэвтэр,  цэцэрлэгийн багц, амны хаалт, гар ариутгагч зэргийг зарж байгаа. Коронавирус өвчнөөс болж хөл хорио гээд айл өрх, ААН-үүдийн эдийн засаг хүндхэн болсон. Тиймээс бидний зүгээс иргэддээ уян хатан байх зорилгоор 1+1 буюу нэг ширхэг дэвтэр худалдан авахад нэг бал бэлгэнд өгч байгаа. Иргэдийн хувьд худалдан авалт тун сайн дээрээс нь үйлчилгээний соёл хоорондын зай барих гээд өөрсдөөс шалтгаалах зүйлүүд дээр асуудал гаргахгүй, эмх цэгцтэй үйлчлүүлж байгааг нь онцолмоор байна. Мөн Сүхбаатарын талбайд худалдаа эрхэлж байгаа ААН бидний зүгээс ахиад хоёр хоног үзэсгэлэнгээ үргэлжлүүлэхийг холбогдох албан шатны байгууллагад хүргүүлсэн, одоогоор хариу нь ирээгүй байгаа” гэв.  

Сүхбаатар дүүргийн иргэн Д.Гэрэлмаа: Манайх сургуулийн насны хоёр хүүхэдтэй жил болгон хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг базаадаг. Энэ жилийн автомашингүй, амралтын хоёр өдөрт дээрээс нь хичээлийн үзэсгэлэн худалдаатай зэрэг зохиож байгаа нь их таалагдлаа. Хоёр хүүхдийнхээ хичээлийг хэрэгсэл, дүрэмт хувцсыг нь бэлдэх гэж өдөржин гадуур явдаг байсан. Харин энэ жил хүүхдүүдээ салхилуулангаа хамтдаа гадуур явж нэг өдрийг их гоё өнгөрөөж чадлаа. Үзэсгэлэн худалдаа таалагдлаа. Маш олон төрлийн бараа дээрээс нь үнийн хувьд ч гэсэн боломжийн ихэнх газрууд урамшуулал зарласан байсан.

Хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос өргөн сонголтоор худалдаж авах боломжийг бүрдүүлсэн нь сурагчид, оюутнууд болоод эцэг эхчүүдэд илүү ойр хүртээмжтэй арга хэмжээ боллоо. Мөн энэ үеэр иргэд хүссэн бараа, бүтээгдэхүүнээ нэг дороос авах боломж бүрдүүлсэнд талархал илэрхийлж байлаа. Мөн автомашингүй гудамж нь иргэдэд идэвхтэй хөдөлгөөн хийхэд чухал ач холбогдолтой байгааг хэлж байв.

#МонголынМэдээСонин #ДугаарынСурвалжилга

2021 оны наймдугаар сарын 30. Даваа. №105 (5510)