Эрүүл мэндийн даатгал төлдөг ч өвдөхөөрөө үр шимийг нь хүртдэггүй

Улс төр

Бид сар бүрийн хөдөлмөрийн хөлс буюу цалингаасаа нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар суутгуулдаг. Тийм хэдий ч эмнэлгээр үйлчлүүлэхэд бидний эрүүл мэндийн даатгал тэр бүр оновчтой хэрэгждэггүй.

Харин бид Монгол Улсын нутаг дэвсгэрт хөдөлмөр эрхэлж байгаа бол төлөх ёстой эрүүл мэндийн даатгалын эрх зүйн орчин болон амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгааг төдийлөн сайн мэддэггүй.

Даатгал эрсдэлээс сэргийлдэг тухай дээр өгүүлсэн. Бид ч төрөл бүрийн шалтгаан өвчлөлөөс болж эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлага гардаг.  Шүд өвдөх,  цус, шээсний дэлгэрэнгүй шинжилгээ өгөх, жирэмсний хяналтад орох гэх мэтчилэн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх хэрэгцээ байнга үүсдэг. Үүнтэй зэрэгцэн сар бүр цалингаасаа суутгуулдаг эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх эмнэлэгт хандах уу эсвэл мөнгөө төлөөд хувийн эмнэлгээр үйлчлүүлэх үү гэсэн хоёр сонголттой нүүр тулна. Мэдээж, эхний сонголт нь зөв болоод эдийн засагт хэмнэлттэй.

Гэвч бодит байдал огт өөр. Өвчний ямар нэг шинж тэмдэг илэрвэл эхлээд харьяа өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, дараа нь дүүргийн амбулатори, нэгдсэн эмнэлэг цаашлаад улсын төв эмнэлгүүдэд хандах журамтай. Гэхдээ улсын эмнэлгийн ачаалал, дугаараас болоод хувийн хэвшлийн эмнэлэг барааддаг хүн олон байдаг. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, хорт хавдрыг эрт илрүүлэх, санхүүгийн дарамтаас ангижруулах зорилгоор баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу Үндэсний зөвлөлийн III тогтоол 2021 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуульд авууштай зүйл олон. Жишээ нь, иргэдийн дунд танигдсан “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд хийж байсан зүрхний төрөлхийн гажиг заслын мэс засалд эрүүл мэндийн даатгалын сангаас ердөө гурван сая төгрөг олгодог байсан бол шинэ хуулиар тохиолдол бүрд дунджаар найман сая төгрөгийн санхүү­жилт гаргаж байхаар тусгасан байна.

Өөрөөр хэлбэл, төрөлхийн гажиг засах мэс заслын бүх зардал буюу эмчилгээний өртгийг 100 хувь ЭМД-ын сан гаргадаг болов. Мөн хорт хавдрын үеийн тусламж үйлчилгээг ч бүрэн санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Манай улсад хүүхэд төдийгүй насанд хүрсэн иргэдийн дунд шүдний өвчлөл түгээмэл. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 2018 онд баталж 2019-2023 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Гэвч 2021 оны хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрт төсвөөс тодотгол хийгээгүй учир тодорхойгүй хугацаагаар зогсоод байгаа юм. Тус хөтөлбөрт энэ оны нэгдүгээр сарын 25-ны байдлаар улсын хэмжээнд 154 мянга гаруй хүүхэд хамрагджээ. Түүнчлэн хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ, В, С вирус тоолох, илрүүлэх, сувилалд амрах гээд олон төрлийн үйлчилгээнд ЭМД-аараа хамрагдаж болно. 100 хувь хэрэгждэг бол 100 хувь дэмжиж, талархахаар эрх зүйн орчин. Ерөөс ЭМД-ын тухай хууль цаасан дээр бичигдсэн дүрэм, журам шигээ хэрэгждэг бол өвчтөний эрүүл мэнд, санхүү, ар гэрт томоохон дэмжлэг болох шийдэл байлаа. 

 

Тиймээс эдгээр асуудлуудыг жишээ татан харуулбал. Урьдчилан сэргийлэх багц шинжилгээ өгөхийн тулд 14 хоног хүлээнэ

 

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ирэхэд үүдэнд нь коронавирусийн халдвараас сэргийлэх тандалт, судалгаа авч байна. Тус эмнэлэг 2020, 2021 оны Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ байгуулсан 31 эмнэлгийн нэг. Энд хэвтэн эмчлүүлэхээс гадна урьдчилан сэргийлэх багц үзлэг, мөн бүхий л төрлийн шинжилгээ хийдэг. Эрүүл мэндийн даатгалын сан жил бүр төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй ийнхүү гэрээ байгуулдаг юм. Цааш явсаар цахим бүртгэлийн хэсгээс цаг авахаар зогсох 50 орчим насны эмэгтэйтэй таарав. Халдвараас сэргийлж цахим бүртгэлийн ажилтан, үйлчлүүлэгч хоёрын дунд хаалт хийсэн тул ойлголцоход төвөгтэй аж. Энэ  эмэгтэйн хувьд нийслэлийн Сүхбаатар дүүргийн оршин суугч бөгөөд өвчнөөс урьдчилан сэргийлэх багц үзлэгт орох хүсэлтэй иржээ. Гэтэл цахим бүртгэлийнхэн түүнд  цаг олгосонгүй. Тэрбээр “Сүүлийн үед дотор эрхтний аль нэг нь шөнийн цагаар их зовууртай өвдөх болсон” гэнэ. 

Эрүүл мэндийн даатгалаар ЭХО оношилгоо, ходоодны дуран, зүрхний цахилгаан бичлэг зэрэг багц шинжилгээнд хамрагдах боломжтой гэсэн мэдээлэл байсан. Хоёр сарын өмнө өрхийн эмнэлэгт шээсний шинжилгээ өгсөн ч тодорхой онош гараагүй. Ганц шинжилгээнд хамрагдах гэж ажлын 1-2 өдөр зарцуулдаг. Өнөөдөр гэхэд цаг авч чадсангүй, дэмий өнгөрчихлөө. Харин шинжилгээний цаг хоёр долоо хоногийн дараа олдох юм билээ. Зохих журмын дагуу үйлчлүүлж болох ч хүнд суртал, дараалал, хүлээгдэл угтдаг. Дээр нь цаг хугацаа алддаг учраас ах дүү, ха­маатан садан, танил тал эрж хай­гаад үзүүлсэн нь амар байдаг юм” гэв. Энэ тухай тус эмнэлгийн уг­тах үйлчилгээний хэсгээс тод­руу­ла­хад “Гуравдугаар сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалын ту­хай хууль шинэчлэгдсэнээр багц шинжилгээнд хамрагдах ир­гэ­дийн тоо эрс өссөн учраас дараа­лал их байгаа” гэж тайл­барлав.

Дүрс оношлогооны аппаратаар өвчний онош бүрэн тогтоогддог ч ЭМД үйлчлэхгүй

Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин, зовлон хэцүү. Нөгөөтээгүүр, хэнэггүй, хайнга зангаасаа болж өвчнөө хүндэрч архагшсан хойно нь эмнэлэгт ханддаг хүн олон. Эмнэлгээр үйлчлүүлж үзсэн ихэнх хүн “Энэ шинжилгээг манайд хийхгүй. Өөр лаборатори, эмнэлэгт очиж өгөөд, эргээд ирээрэй” гэх үгийг их сонсдог. Үнэхээр тоног төхөөрөмж, шинжилгээний аппарат, хэрэгсэл дутагдалтай байдаг уу эсвэл бизнесийн ашиг сонирхлын үүднээс ийш тийш нь гүйлгээд байна уу гэдэг нь тодорхой бус. 

УКТЭ-ийн хүлээлгийн сандалд гутрангуй харцтай суух 65 орчим насны өвөө, эмээ хоёр дээрх асуудалтай тулгарчээ. Эрэгтэйн нуруу нь үеэ даган янгинаж, явахад ч хүндрэлтэй болсон аж. Тэрбээр “Улсын төв эмнэлэг хэмээн итгэл тээж ирж, эмчийн зөвлөснөөр рентген зураг авахуулсан юм байна. Харамсалтай нь, рентген зураг авахуулсан ч онош нь бүрэн тодорсонгүй” гэв. MRI аппаратаар онош нь бүрэн тогтоогдох бөгөөд тус эмнэлэгт энэ шинжилгээг хийх боломжгүй. Нийслэлийн хэдхэн эмнэлэгт байдаг MRI оношилгооны аппаратын үйлчилгээний хөлс нь дунджаар 300 мянгаас дээш төгрөгийн өртөгтэй ч даатгалаар хөнгөлдөггүй. Улсын өөр эмнэлэгт цаг авъя гэхэд хамгийн багадаа л нэг сар түүнээс дээш хугацаагаар хүлээх шаардлагатай болжээ.

Энэ тухай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах мэргэжилтнээс тодруулахад “Өмнө нь өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг төрийн өмчийн эмнэлэгт хийлгэхэд 160 мянган төгрөгийн санхүүжилт олгодог байсан. Харин шинэчилсэн хуулиар  төр, хувийн хэвшлийн аль ч эмнэлэг даатгалтай гэрээтэй л бол өндөр өртөгтэй шинжилгээний 70 хувийг даатгалын сангаас, 30 хувийг иргэнээс авах заалттай” гэв. Иргэд мэддэггүй, эсвэл ихэнх эмнэлэг ЭМДС-тай гэрээ байгуулаагүй байдаг байх нь.

“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрийг санхүүжүүлэх мөнгө байхгүй гэв үү?

Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар манай улсын иргэдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн талаарх мэдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал зуршил төлөвшөөгүйн улмаас шүд цоорох, буйл үрэвсэх тохиолдол ихэсжээ. Ээж, аав, асран хамгаалагч нь энэ талаар мэдлэггүйн улмаас хүүхдүүд багаасаа шүд, буйлны үрэвсэлтэй болох нь элбэг гэсэн судалгааны дүн ч байдаг. Гэтэл шүд цооролт нь чих, хамар, хоолой цаашлаад амь насанд аюултай эрүү, нүүрний үрэвсэлт өвчний шууд шалтгаан болдог.

Түүнчлэн хүүхдийн суурь өвчин, амьсгалын замын өвчлөлд хүргэх дам шалтгаан юм. Тэр утгаараа эрүүл мэндийн даатгалын зайлшгүй анхаарах, үйлчлэх ёстой чиглэл нь амны хөндийн эрүүл мэндийн тусламж юм. Энэ оны байдлаар Эрүүл мэндийн даатгалтай гэрээ байгуулж, иргэдэд үйлчлэх хувийн хэвшлийн шүдний эмнэлэг нийслэлд 23, орон нутагт 65 байна. Насанд хүрсэн хүн даатгалаар жилд гурван шүд эмчлүүлэх эрхтэй. Харин хүүхдүүдийн хувьд 2018 оноос хойш хэрэгжиж байгаа ”Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт хамрагдах боломжтой байсан ч санхүүжилт нь зогсчээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөн­­хий газрын цахим хаягт даат­га­лаар үйлчлэх ёстой олон эм­нэлэг байгаа ч ихэнх нь сан­хүү­жилт ороогүй учраас та мөнгөө төлөх ёстой гэдэг” хэ­мээн шүдний эмнэлгээр үйлч­лүүл­сэн иргэд ярьдаг. Тус даат­галаар үйлчлэх гэрээтэй хэд хэдэн эмнэлгээс лавлахад мөн л “Даат­галын сангаас санхүүжилт ороо­гүй тул иргэдэд үнэ төл­бөр­гүй болон хөнгөлөлттэй үйлч­­лэх боломжгүй” гэсэн хариу өг­сөн. Эрүүл мэндээ хамгаалах нь иргэний үүрэг. Гэвч эрсдэл үүс­сэн үед оношлуулж, эмч­лүү­лэх гэж сар бүр төлдөг даат­га­лын шимт­гэлийн үр дүн таа­руу байдгийг, таа­ралд­сан хүн бүр хэлж байна. Шуудхан хэ­лэ­хэд цаасан дээр олзуурхууштай зүйл ол­ныг буулгасан ч амьдрал дээр төдийлөн сайн хэрэгжихгүй, өвдөж зовсон хүн зоныг чи­рэг­дүүлж, халаасыг нь тэмтэрсэн хэвээр л.

#МонголынМэдээСонин #ДугаарынСурвалжилга

2021 оны наймдугаар сарын 27. Баасан. №104 (5509)