Паралимпын тоглолтыг үзүүлж, харуулах ТВ алга...

Улс төр

Дэлхийн хүн амын 15 хувийг эзэлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл 4400 тамирчин оролцсон паралимпийн нээлт Японы нийслэл Токио хотноо наймдугаар 24-ний өдөр боллоо. Манай улсаас, улсаа төлөөлөн оролцож буй баг тамирчид байгаа хэдий ч олимпийн наадам сурвалжлахаар 13 телевиз хахалдаж сүрийг үзүүлсэн атал энэ паралимпийн наадмын нээлтийг нэг ч телевиз шууд дамжуулаагүй нь тун хачирхалтай бас эмгэнэлтэй. Энэ бол маш том ялгаварлан гадуурхалт. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хэр хөгжүүлж байгаа, ямаршуу анхаарал халамж тавьж байгаагаас тухайн улс орны улс орны хөгжлийг хэмжиж байдаг. Мөн ардчилал, хүний эрх, эрх чөлөөний хэмжүүр ч болдог байх. 

Паралимп бол хүн төрлөхтөнийг ялгаварлан гадуурхалтын эсрэг уриалан дуудсан, хүнлэг ёс, энэрэнгүй ертөнцийг бий болгохын төлөөх бас нэгэн том арга хэмжээ юм. Энэрэнгүй хүмүүнлэг нийгэм байгуулах нь манай Үндсэн хуулийн үндсэн зорилго, зарчим. Гэтэл энэ үйлст хувь нэмрээ оруулах телевизийн байгууллага байгаагүйд тамирчдынхаа өмнөөс уучлал хүсье. Хөгжлийн бэрхшээлтэй ч тэд хэнээс ч илүү итгэл зүтгэлээр жигүүрлэсэн, хорвоо ертөнцийг гэгээнээр сэтгэлдээ тээсэн дэлхийн олон орны тамирчид Токиод хүч сорьж, уралдан өрсөлдөж байна. Тэдний хичээн зүтгэхийг харах тусам саар бүхэн замхран алга болж, сайн бүхнийг дуудан ирүүлэх мэт. Тэдний дутууг бид итгэл найдвар, сэтгэлийн дэмээр л дүүргэнэ шүү дээ.

Тэр баг тамирчдын бүрэлдэхүүнд сурвалжлагчид явж байгаа нь хамаагүй, тэмцээндээ оролцсоных нь дараа үсрээд л сэтгэгдлийг нь асууж яриа авч гаргана биз дээ. Бид яг оролцож байгаа, өрсөлдөж байгаа процессыг үзэж, Урнаа, Цогтоо хоёрыгоо ялахад баярласан шигээ баярлаж, Цэндбаатарт харамссан шигээ яг тэр цаг мөчид нь хамтдаа баймаар байна, шууд дамжуулалтаар.

Энэ олимпын тоглолтын шууд дамжуулах эрхийг яаж авдгийг сайн мэдэхгүй юм, гэхдээ одоо 10 жилийн өмнөх шиг биш хүсвэл авч байх. Олимпын наадам дамжуулах эрхийг телевизүүд нийлж авсан гэсэн бус уу манайхаар тийм спорт нь гарна гээд хуваарь яваад байгаа харагдсан. Телевизийн хувьд спонсор олдохгүй, үзэгч бага, зардал их гардаг болохоор шууд дамжуулаагүй байх эсвэл “ПАРА” болохоор авч болдоггүй хэрэг үү? Хүсээгүй юу? Болоогүй юу? 

Эл асуудлыг хэн нь хариуцдаг вэ? Биеийн тамир, спортын хороо юу, телевизүүдийн холбоо юу, Харилцаа холбооны зохицуулах хороо юу? албан ёсны тайлбар өгөх нь зүйтэй гэж бодож байна. 

Яагаад шууд дамжуулалт чухал вэ гэж үү?

1. Пара тамирчдыг хараад бусад хүмүүсийн хандлага ойлголт өөрчлөгдөнө

2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх би ч хүүхдээ спортоор хичээллүүлж нийгэмд оролцуулж болох юм байна гэсэн итгэл авна. Хүүхдүүд ч ялгаагүй.

3. МУ-ын иргэн бүр тэгш эрхтэй учраас дамжуулсан л бол адилхан байх ёстой.

МУ НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид 2009 онд нэгдэн ороод даруй 12 жил болсон байна. Хаана байна тэр тэгш байдал чинь??? 

Би хөгжлийн бэрхшээлтэй ч Монгол Улсын иргэн хүн. Хөгжлийн бэрхшээл бол тухайн хүндээ байдаггүй юмаа яаг ийм ялгаварлан гадуурхалт чинь хөгжлийн бэрхшээлийг үүсгэдэг юм.