МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Н.Дэмбэрэлийг сонголоо

Нийгэм, Эдийн засаг

МҮОНРТ-ийн ерөнхий захирлын албан тушаалд  17  хүн нэр дэвшиж өрсөлдсөнөөс Н. Дэмбэрэл олонхийн санал авч ялалт байгууллаа.   Өрх бүрийн хойморт залардаг цэнхэр дэлгэц, өглөө бүр Төрийн дууллаа эгшиглүүлдэг Монголын радио гэсэн их айлыг удирдах хүн ийн тодорлоо.    Н.Дэмбэрэл  ярилцагад орохынхоо өмнөхөн  “МҮОНРТ-д шинэчлэлт  хийх цаг нь болсон” хэмээсэн нь олны анхаарлыг татсан гэж хэлж болно. Түүний мөрийн хөтөлбөр таван хэсгээс бүрджээ. 

Тухайлбал, өрх бүрээс сард авдаг  1100 төгрөгийн хураамж, төсвийн мөнгөөр санхүүждэг МҮОНРТ хараат бусаар ажиллах ёстой. Гэтэл иргэдийн татвар хураамжийн орлогийг улс төрчид хуваарилан өгч байгаа нь буруу тогтолцоо хэмээн үзжээ. Өөрөөр хэлбэл улс төрчид санхүүг нь “барьж” байгаа учраас тэдний занганд орж хүссэн хүсээгүй үйлчлэх нөхцөл байдал бүрддэг аж. Иймд эхний ээлжид үүнийг шинэчлэх нь хамгийн оновчтой шийдэл хэмээн үзсэн байна. Үүнээс гадна хэвлэлийн өрсөлдөөн ширүүссэн өнөө цаг үед уран бүтээлийн менежментийн шинэчлэлт хийх ёстой. МҮОНРТ дэд бүтэц, техник технологийн бааз суурь, байшин барилгын нөөц бололцоогоо ашиглан Монголын бүтээлч үйлдвэрлэлийн start up бий болгох учиртай гэсэн байна. Түүний мөрийн хөтөлбөртөө тусгасан шинэчлэлийн төлөвлөгөө нь МҮОНРТ-ийн уран бүтээлч хамт олны дунд нэр хүндийг нь өсгөсөн бололтой. Үүнээс гадна Н.Дэмбэрэл  Үндэсний брэндийн зөвлөлийн ажлын албаны даргаар томилогдсоны дараа “Бид өнөөдөр хаана байгаагаа харах ёстой. Маргааш, нөгөөдөр хаана байхаа тодорхойлоод ажиллах хэрэгтэй байна” хэмээн хэлж байж. Ингээд Монгол Улс дэлхий нийтэд ХАА­н бүтээгдэхүүний, Аялал жуулчлалийн, Уул уурхайн, Creative economy буюу оюуны брэнд” бүтээх бүрэн боломжтой хэмээн үзэж судалгааны ажил эхлүүлсэн байдаг. Дээрх салбарууд манай улсын эдийн засгийг үүрч явдаг учраас онцгойрох бүтээгдэхүүнээ тодорхойлж хөгжүүлэх нь нэг судалгаа, нэг амьсгаагаар хийчих ажил биш нүсэр байх нь ойлгомжтой.  Ийнхүү МАН-ын залуу лидерүүдийн нэг Н.Дэмбэрэлийг МҮОНРТ-ийг өлхөн аваад явчих, ухаан сүйхээтэй эр хэмээн тус байгууллагын уран бүтээлчид үзэж, түүнд хийж бүтээхийн итгэл найдварыг өвөртлүүллээ.  

Ингээд Н.Дэмбэрэлийн намтрыг сонирхоё. Тэрбээр 1971 оны хоёрдугаар сарын 22-нд Баянхонгор аймагт төржээ. Баянхонгор аймгийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг 1988 онд төгссөн. Төгсөөд ОХУ-ын Эрхүү хотын Анагаах Ухааны Дээд Сургуульд элсэн суралцаж, улмаар хүүхдийн их эмч мэргэжлээр төгсжээ. Орос , англи хэлтэй бөгөөд  “Чингис хаан” ХХК-нд менежер, “Статус Сом” ХХК-нд захирлаар ажиллаж байж. Мөн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, Нийслэлийн Засаг даргын тамгын газар олон нийттэй харилцах албаны дарга зэрэг албан хашиж явсан нэгэн юм.