JP MORGAN: ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ОНЫ ЭЦЭСТ 100 АМ.ДОЛЛАРТ ХҮРЧ ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ

Дэлхийн мэдээ

АНУ-ын  олборлосон газрын тосны нөөц 2020 оны нэгдүгээр  сараас хойших хамгийн доод хэмжээнд хүрлээ гэж The Economic Times мэдээллээ. Тус улсын Эрчим хүчний агентлагийн мэдээллээр газрын тосны нөөц долоодугаар сарын 23-н хүртэл долоо хоногийн дотор 4.1 сая баррелиар буурчээ.

Investing.com-ийн мэдээлэлд Брент төрлийн газрын тосны фьючерс үнэ 0.34%-иар өсч 74.12 ам.долларт хүрч, WTI төрлийн газрын тосны  фьючерс ханш 0.37% -иар өсч 72.66 доллар болж, аль аль нь 70 ам.доллараас давсан байгааг тодотгожээ.

Тодотгоход, OPEC+ орнууд газрын тосны нэг өдрийн нийлүүлэлтээ ирэх сараас 400 мянган баррелиар нэмэгдүүлэхээр шийдвэрлээд буй юм. OPEC+ орнуудын уг шийдвэр хүлээлт дагуулж байсан билээ.

Ер нь бол газрын тосны үнэ 2021 оны нэгдүгээр сараас өсөлттэй байгаа. “Goldman Sachs” энэ оны дунд үеэс газрын тосны үнэ 70 ам.долларт, харин “JP Morgan” оны эцэст 100 ам.долларт хүрч өсөх төлөвтэй гэсэн таамаглалуудыг гаргасан юм.

Тэгвэл Сингапурын “ING Groep NV”-ийн шинжээч Блүүмбергт байр сууриа илэрхийлэхдээ ковидын нөхцөл байдлаас хамаарсан тодорхой бус байдал газрын тосны салбарт үргэлжлэх төлөвтэй байна гэжээ.