ЗАСГИЙН ГАЗРААС 15 ХОНОГ ХӨЛ ХОРИО ТОГТООХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

Нийгэм, Эдийн засаг

Халдварын тархалт, цар хүрээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул Эрүүл мэндийн яамнаас өчигдөр /2021.04.07/ хатуу хөл хорио тогтоох саналаа Улсын Онцгой комисс болон Засгийн газарт хүргүүлээд байгаа билээ. Харин Засгийн газрын өчигдрийн /2021.04.07/ ээлжит хуралдаанаар ирэх бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 10-наас эхэлж хатуу хөл хорио тогтоох эсэх асуудлыг хэлэлцсэн ч ямар нэгэн шийдвэр гаргаагүй юм. Учир нь, Засгийн газар Улсын Онцгой комиссын саналыг сонсох шаардлагатай гэж үзсэн байдаг. 

Тэгвэл Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.04.08/ 12:30 цагаас цахимаар хуралдаж, ирэх бямба гарагаас буюу энэ сарын 10-25 өдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа. Үргэлжлүүлэн Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг Засгийн газар 14:00 цагаас ээлжит бусаар хуралдаж, шийдвэрээ гаргажээ.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар олон нийтэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд С.Амарсайхан нар оролцов. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цар тахлыг даван туулахын тулд Засгийн газар өөрийн арга барилаар ажиллаж байна. Цорын ганц арга зам болж вакцинжуулалт юм. Энэ  ч утгаараа 4, 5 сарын дархлаажуулалтын сар болгон зарласан. Одоогоор нийт иргэдийн 30 хувийг нь вакцинд хамруулаад байна. Эхний тунг хийгээд явж байтал хоёр дахь тунгийн орил ачаалал эрүүл мэндийн салбарт нэмэгдэнэ. Дэлхий нийт вакцинжуулалтын хомсдолд орж эхэлж байна. Долдугаар сарын 1 гэхэд зорилтод бүх иргэнээ вакцинжуулж дуусна.

Вакцинжуулалтын татан авалтын хугацаа тодорхой болсон тул хөл хорио тогтоох шалтгаан болж байна. Улсын Онцгой комисоос гаргасан шийдвэрийг Засгийн газар дэмжиж, дөрөвдүгээр сарын 10-25-ны өдрийг хүртэл 15 хоног хөл хорио тогтоох шийдвэрийг гаргалаа" гэх мэдээллийг өглөө.