ТЭРБУМТНУУДЫН ТООГООР БЭЭЖИН ХОТ НЬЮ ЙОРКИЙГ АНХ УДАА ГҮЙЦЭЖ, ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖЭЭ

Дэлхийн мэдээ

Форбс сэтгүүлээс гаргасан 2021 оны дэлхийн тэрбумтнуудын жагсаалтаар Хятадын нийслэл Бээжин хамгийн олон тэрбумтантай хот болж, АНУ-ын Нью Йоркийг анх удаагаа гүйцжээ.

2020 онд Бээжингийн тэрбумтнуудын тоо 33-аар нэмэгдэж, нийт 100-д хүрсэн бол Нью Йорк хотын тоо 99 байсныг тоо баримт харуулж байна.

Өнгөрсөн онд Нью Йорк хот ердөө долоон шинэ тэрбумтантай болжээ. Хоёр хотыг харьцуулбал Бээжин 21 сая, Нью Йорк 8.4 сая оршин суугчтай. Нью Йорк нь Бээжингийн 40 хувьтай тэнцэх хэмжээний хот гэсэн үг.

Бээжингийн хамгийн баян оршин суугч нь TikTok платформыг эзэмшигч ByteDance компанийн үүсгэн байгуулагч, $35.6 тэрбумын хөрөнгөтэй Зань Юминь юм.

Харин Нью Йоркийн тэргүүн баян нь тус хотын захирагч асан Майкл Блүүмбэрг. Тэрбээр $59 тэрбумын хөрөнгөтэй.

Улсаар нь авч үзвэл АНУ хамгийн олон тэрбумтантай. Гэхдээ Хятад улс араас нь эрчимтэй нэхэж буй. 2020 онд Хонг Конгийг оролцуулаад Хятад улсад 210 шинэ тэрбумтан төрсөн нь дэлхийн бүх улсуудтай харьцуулбал хамгийн өндөр өсөлт юм.

Дэлхийн хамгийн олон тэрбумтантай 10 хотын тав нь Хятадынх байна. Эдгээрээс 80 тэрбумтантай Хонг Конг гуравдугаарт, 68 тэрбумтантай Шэнжэн тавдугаарт, 64 тэрбумтантай Шанхай зургаадугаарт тус тус эрэмбэлэгджээ.

Нью Йоркоос гадна 48 тэрбумтантай Сан Франциско хот АНУ-аас дээрх жагсаалтад багтсан ганцхан хот болж, наймдугаарт эрэмбэлэгдсэн байна.

Өнгөрсөн онд дэлхий даяар 660 шинэ тэрбумтан төрж, нийт тоо нь 2,755 хүрчээ. Тэдгээрийн хөрөнгийн нийлбэр нь $13.1 их наяд болохыг Форбс тооцоолсон байна.

Цар тахал баян хоосны ялгааг улам нэмэгдүүлснийг тоо баримт харуулж байгаа. Тухайлбал өнгөрсөн онд Америкийн тэрбумтнуудын хөрөнгийн хэмжээ 44 хувиар өссөн бол АНУ-ын 80 сая иргэн ажилгүй болж, 8 сая хүний амьдрал ядуурлын түвшинд шилжжээ.

 

Эх сурвалж: Business Insider