Капитолд халдлага болж цагдаа амь үрэгдлээ

Дэлхийн мэдээ

Үл мэдэгдэх этгээд АНУ-ын нийслэл Вашингтон дахь Капитолийн цогцолбор луу машинаар  дайран орж Конгрессын барилгын дэргэд хүрч очсон хэрэг дөрөвдүгээр сарын 2-ны үд дунд боллоо гэж  Reuters агентлаг мэдээлжээ. Гэмт этгээд гал нээснээр цагдаагийн хоёр ажилтан хүнд шархадсаны нэг нь эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна. NBC хэвлэлийн мэдээлснээр бол  сэжигтэн этгээд машинаасаа хутга барин гарч ирэх үед хууль сахиулагчид гал нээснээр тэр этгээд эмнэлэгт очоод нас барсан байна. Цагдаа, хүчний байгууллагынхан цаг алдалгүй шуурхай ажиллаж хэдхэн минутын дараа Капитол, хэрэг гарсан газрыг бүслэн хамгаалжээ. 

Сэтгүүлчдийн мэдээлснээр бол Капитолийн барилгын дэргэд олон жилийн дараа анх удаагаа нисдэг тэрэг буусан байна. “Энэ бол ер бусын үйл явдал. Нисдэг тэрэг Капитолийн  шууд зүүн жигүүрт газардлаа. Энд олон жил ажилллаж байгаа хэрнээ ийм явдлыг хэзээ ч харж байсангүй. Цагдаагийн нисдэг тэрэг Капитолийн яг дэргэд буулаа шүү дээ. Нисгэгч нь  ингэж бууж чаддаг сайн нисгэгч юм” гэж NBC-ийн улс төрийн тоймч Жейк Шерман Twitter хуудсандаа бичээд дүрс бичлэгийг нь оруулжээ.