ХҮҮХДИЙН НЭР БАРЬСАН ТЭР ИХ ХӨРӨНГӨ МӨНГИЙГ ЭЗДЭД НЬ ЗОРИУЛАХ УХААН ЭРХ БАРИГЧДАД АЛГА УУ?

Нийгэм, Эдийн засаг

Улс орны ирээдүй хойч  хүүхэд багачуудын өсч өндийх, сурч, боловсрох таатай орчинг бүрдүүлэх нь зүйн хэрэг. Үүнд мөнгө төгрөг харамлаж гар татах ёсгүй гэдэгт хүн бүр санал нийлэх байх. Гэвч манай эрх баригчдад  хүүхдийн төлөө гэх сэтгэл дутаад байгаа нь л харамсалтай.  Энд олон жишээ дурдаж болно. Тухайлбал, хотын төвд байрлалтай Хүүхдийн паркийн газрыг бизнесийн томоохон бүлэглэлүүдэд өгчихсөн. Тэд нь хашаалж аваад барилга барих гээд зэхэж байна. Мөн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд орон сууцны хотхон дундах хүүхдийн тоглоомын алга дарам газарт 16 давхар барилга барих зөвшөөрөл өгчихөж. Өнөөдөр оршин суугчид нь тэмцэл өрнүүлж явна. Улаанбаатар хотод хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэгийн газрыг хумсалсан, булааж авсан хэрүүл тэмцэл тасардаггүй. Бид ч үүнд бүр дөжирсөн гэхэд хилсдэхгүй. Энэ бүгдийн цаана төрийн нэр барьсан эрх мэдэлтнүүдийн увайгүй үйлдэл,  үнэ цэнтэй гарын  үсэг,  бизнесийн нэр барьсан  цэвдэг шунахай хүмүүс л байгаа шүү дээ. Ингээд тоочоод байвал Хүүхдийн төлөө гэж хэлчихээд харин ч эсрэг хандлага гаргаж, сөрөг үйлдэл хийдэг жишээ, баримт барагдахгүй.

Харин энд Засгийн газраас санаачилсан гэх “Хүүхдийн төлөө фонд”-ын талаар хэдэн үг хэлье. Ерөнхийлөгчийн санаачилгаар Соёлын яамны дэмжлэгтэй явуулсан хандивын тоглолтоор 2.2 тэрбум төгрөг “Хүүхдийн төлөө фонд”-д цугласан. Уг мөнгийг арилжааны дөрвөн банканд одоогоор байршуулаад буй аж.  Энэ нь монголчууд хүүхдийн төлөө гар татахгүй, татах ч ёсгүй гэдгийг илэрхийлсэн хэрэг л дээ.

Ингээд Засгийн газраас УИХ-д  Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл өргөн барив.  УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр /2021.03.31/ хуралдаж энэ хуулийн төслийг хэлэлцлээ.  

ХНХ-ын сайд А.Ариунзаяа энэ хуулийн төсөлд “Хүүхэд өсвөр үеийнхний хөгжил, оролцоог дэмжих нь тэднийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалахад чухал алхам болох тул Хүүхдийн төлөө сан байгуулах, улмаар сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг урамшуулахад зарцуулдаг байх эрх зүйн орчныг бий болгоно” гэж тусгасан хэмээн танилцуулж буй юм. Тэгвэл хуулийн төсөлд “Хүүхдийн төлөө бүтээн байгуулалтыг дэмжих” гээд тусгасан болохоор юун түрүүнд цэцэрлэг, сургууль бариасай. Бяцхан үрс цэцэрлэгт орох гэж сугалаа сугалдаг, хичээл эхлэх үеэр эцэг, эх нь бүртгүүлэх гэж хонон өнжин дугаарлаж байна. Мөн нэг ангид 30-45 хүүхэд чихэлдэж, өдрийн 3-4 ээлжээр хичээллэж буй сургууль ч олон бий. “Хүүхдийн төлөө фонд”-ын мөнгө тусдаа цэцэрлэг, сургуулийг төсвийн хөрөнгөөр барина гээд олон жил дамнасан, баригдаж дуусдаггүй хэдэн барилгаа тоолж суух юм уу. Хавар нь цэцэрлэг, сургуулийн барилгатай хамт эхэлсэн цагдаа, шоронгийн барилга намар нь  сүндэрлээд босчихдог. Гэтэл цэцэрлэг, сургуулийн барилга нь хөрөнгө мөнгө дутсан гээд хоёр, гурав бүр дөрвөн жил балгас болоод байж байдаг дүр зураг байсаар л байх.  Үүнд тодорхой хариулт хэрэгтэй байна.

Аан тийм, бас нэг хэлэхгүй бол болохгүй нэг асуудал байна. Хуулийн төсөлд “Хүүхдийн төлөө фонд”-ын мөнгийг “Тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг урамшуулахад зарцуулдаг байх” гэж тусгажээ. Хүүхдийн амжилтыг үнэлж урамшуулах нь зүйн хэрэг. Гэхдээ хүүхэд байтугай улсын шигшээ багийн тамирчид бэлтгэл сургуулилт хийх, тив, дэлхийн чанартай тэмцээн, уралдаанд оролцох мөнгө төгрөг бэл бэнчингүй л байдаг. Тэгээд томоохон компаниудаас бадар барьж гуйж, түүж явдаг. Заримдаа зардал олдоогүй гээд явж чадаагүй үе ч таардаг юм билээ. Байдал ийм байхад хэчнээн авьяас, чадвартай хүүхэд байлаа ч тэр бүр тив, дэлхийн тэмцээн уралдаанд оролцоод байж чадах уу гэдэг асуулт өөрийн эрхгүй төрнө. Эцэг эх, асран хамгаалагчид нь бэл бэнчингүй ч авьяас билэг, ур чадвартай, гоц гойд хүүхэд Монгол Улсад олон бий. Тэдний бэлтгэл сургуулилт,  хөгжил дэвшилд нь  “Хүүхдийн төлөө фонд”-ын хөрөнгийг зарцуулаач дээ. Ингэвэл хүүхдийн авьяас, ур чадварыг нээх асуудал давхар шийдэгдэх шүү дээ.  За ингээд хүүхдийн эрх, хөгжил, боловсролын тухай яриад барагдахгүй. Тэгэхдээ дандаа хар бараан мэдээлэл давамгайлдаг гэдгийг эрх баригчид мэдэж л байгаа даа.