НИЙСЛЭЛД БҮРТГЭГДСЭН КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН ТОО 2,000-ЫГ ДАВЛАА

Нийгэм, Эдийн засаг

Эрүүл мэндийн яамнаас улсын хэмжээнд КОВИД-19 халдварын батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар нийт 2,907 болсныг мэдээллээ. Үүнээс 2,355 нь дотоодод бүртгэгдсэн халдвар байгаа юм.

Дотоодын халдварын дийлэнх нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд өчигдөр 2,000-ыг давж, өнөөдрийн байдлаар 2,062 болоод байна.

2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд нийслэлд коронавирусийн дотоодын халдварын анхны тохиолдол бүртгэгдэж байсан. Түүнээс хойш 2021 оны хоёрдугаар сарын 3-нд буюу 85 өдрийн дараа Улаанбаатар дахь халдварын 1,000 дахь тохиолдол бүртгэгдэж байжээ.

Харин үүнээс 24 өдрийн дараа буюу хоёрдугаар сарын 27-нд халдварын тохиолдлын тоо 2,000-ыг давлаа. 1,000 дахь тохиолдол бүртгэгдсэнээс гурав дахин богино хугацаанд халдварын тоо дахин 1,000-аар нэмэгдсэн байна.