НИГЕРИД БАРЬЦААЛАГЧ НАР 27 ХҮҮГ СУЛЛАСАН Ч 300 ОХИН ОР СУРАГГҮЙ БАЙНА

Дэлхийн мэдээ

Зэвсэгт этгээдүүд өнгөрсөн долоо хоногт Нигерийн төв нутагт 27 эрэгтэй сурагчийг сургууль дээрээс нь хулгайлсан хэрэг гарсан билээ. Мөн хэрэг гарсан сургуулийн ойролцоо дахин нэг сургуульд зэвсэгт этгээдүүд халдаж, 317 охин хулгайлсан хэрэг гараад удаагүй байгаа юм. Орон нутгийн цагдаа нар охидыг хайж эхэлсэнээс хойш барьцаалагч нар 27 хүүг суллан явуулсан ч охидоос сураггүй хэвээр байгаа аж.

Сүүлийн үед Нигерийн зэвсэгт бүлэглэлүүд сургуулиудыг гол байгаа болгож байгаа юм. Жишээлбэл, энэ сарын 17-нд нэр нь тодорхойгүй зэвсэгт бүлэглэл Нигерийн Кагара мужийн засгийн газрын шинжлэх ухааны дунд сургууль руу дайрч, 27 эрэгтэй сурагч, сургуулийн гурван ажилтан болон зарим сурагчдын ар гэрийнхнийг хулгайлжээ. Болсон явдлын үеэр нэг сурагч харамсалтайгаар амь насаа алдсан байна.

Суллагдсан хөвгүүд ихэд ядарч туйлдан, цангасан байсан бөгөөд ихэнх нь цэргүүдээс ус өгөхийг гуйжээ. Нигерийн Засгийн газрын мэдээлснээр, хөвгүүд бүгд 15-18 насныхан аж.

Хөвгүүдийг суллахаас хэдхэн хоногийн өмнө мөн л тодорхойгүй зэвсэгт бүлэглэл ойролцоох Замфара мужийн сургууль руу дайран, 317 охин хулгайлсан хэрэг гарчээ. Ноцтой хэрэг гарсан тул нутгийн цагдаа нар бүх хүчээ дайчлан охидыг эрэн хайж байгаа аж.

Барьцаалагч нар засгийн газраас мөнгө шаарджээ. Харин охидын ар гэрийнхэн барьцааны мөнгийг төлөх чадвартай тул удахгүй төлж, охидыг эсэн мэнд гэрт нь авчирна хэмээн итгэж байгаагаа илэрхийлжээ.

Эхэндээ Африкийн баруун хэсгийн Исламын улс бүлэглэл болон "Боко Харам" жихадист бүлэглэлүүд ихэвчлэн сургуулиуд руу халдан, сурагч барьцаалж мөнгө нэхдэг байсан бол удалгүй нэр нь тодорхойгүй янз бүрийн бүлэглэлүүд гарч ирэн, тэдний аргыг хэрэглэдэг болжээ.

Энэ сарын 26-нд болсон хурал дээр тус улсын засгийн газрынхан Ерөнхийлөгч Мухаммаду Бухариг гэмт этгээдүүдэд мөнгө, машин өгч өөгшүүлдэг бодлогыг даруй өөрчилж, таслан зогсоохгүй бол энэ мэт хэргүүд хэзээ ч тасрахгүй хэмээн шүүмжилсэн байна.

Үүнээс өмнө өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Кацина мужид 350 орчим эрэгтэй хүүхэд хулгайлагдсан бөгөөд цэргүүд амжилттай аварсан юм. Мөн 2014 онд "Боко Харам" бүлэглэл Чибок хотоос 270 гаруй охин хулгайлсан хэрэг гарч байв. Хулгайлагдсан охидын 10 орчим нь одоо хэр нь сураггүй хэвээр байна.

Эх сурвалж: REUTERS