ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ИРЭЭДҮЙ

Дэлхийн мэдээ

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын ачаар хүмүүс болон технологийн харилцаа огт өөр болно гэдэгт олон шинжээч итгэлтэй байна. Уран зөгнөлчдийн саяхан л бичиж байсан зүйл бодит тэгэх тэгэхдээ бүр ерийн зүйл болж хувирна. Энэ бүгд сайхан зүйл боловч бас айдас дагуулж эхэллээ. Хиймэл оюун ухаан хүнээс  ухаантай болчихоод  бидний ажлын байрыг булааж, бүр цаашлаад бидний эсрэг босч соёл иргэншлийг устгах юм биш биз гэсэн эмзэглэл олон хүнд байна.

Үнэхээр хиймэл оюун ухаан бидний ажлыг булаах уу

Хамгийн түрүүний айдас бол үнэхээр технологийн хөгжил нь маш олон ажил мэргэжлийг автоматжуулж олон хүний ажлын байрыг булаан ажилгүйдэл газар авна гэсэн эмзэглэл. Шинжээчид ч хөдөлмөрийн зах зээлд ойрын жилүүдэд үнэхээр их өөрчлөлт гарна гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Нарийн бичгийн дарга, туслах, захиргааны ажилтан, мэдээллийн операторууд, бичиг хэргийн ажилтан, шуудангийн ажилтан гээд дунд тушаалын олон ажил мэргэжилд хүн ажиллахаа болино гэж Оксфорд-Мартины сургуулийн судлаач Карл Бенедикт Фрей,  Майкл Осборн хоёр үзэж байна. Өнөөдөр гэхэд л ХИЙМЭЛ ОЮУН УХААН  сурталчилгааны ролик, киноны трейлер танилцуулга зэргийг хийж туршаад байна. Гэхдээ өөдрөг үзэлтнүүд болохоор айж түгших хэрэггүй, зарим ажил мэргэжил ингэж технологид булаалгасан ч гэсэн өөр шинэ шинэ ажил мэргэжил бий болно гэж байна. “Машин техникт бид ажлаа алдсан ч гэсэн, машин бидэнд хийж шийдэх өөр нарийн зүйл өгдөг. Шинжлэх ухаан, уран бүтээл ер юунд ч гэсэн бид машин техникт өгөх л болно” хэмээн Москвагийн Технологийн хүрээлэнгийн Шинжлэх ухаан, технологи, нийгмийн харилцан хамаарлын газрын захирал Пётр Левич хэлж байна.

“Технологийн түүх устгаж үгүй болгосноосоо илүү их ажлын байр бий болгосон, Хиймэл оюун ухааны хөгжил дэвшлээс айх шалтгаан алга” гэж Орос дахь Microsoft-ын стратегийн технологийн газрын удирдагч Михаил Черномордиков хэлж байна. Нийгмийн ажилтнууд, мэс засалч, бүжиг дэглэгч, археологч, инженер зэрэг мэргэжлийг  машинаар орлуулах боломжгүй, шаардлага ч байхгүй.

Гэхдээ энэ бүхэн бол тун цөөхөн хүн ажилладаг нарийн мэргэжил шүү дээ. Харин олон хүн ажилладаг нийтлэг ажил мэргэжлүүдийг хиймэл оюун ухаант машин булаах нь гарцаагүй. Гэхдээ MeetArticles-ийн технологийн багийн ахлагч Мария Сандрикова “Хөдөлмөрийн зах зээлээс хүмүүсийг шахаж байсан нь ганц энэ удаа биш. Зуу, хоёр зуун жилийн өмнө ч үйлдвэрлэлд үр ашигтай машин техник нэвтэрч, хүмүүсийн ажлын байрыг булааж л байсан. Тэр бүрийд хүн үүнд дасан зохицож,  шинэ арга зам хайж байсан шүү дээ” гэжээ.

Хиймэл ухаан биднээс ухаантай болж биднийг залж жолоодох уу

Хиймэл оюун ухаан өнөөдөртөө  математик шинж чанартай шатар тоглох ч юм уу тодорхой асуудлыг л шийдэж байна. Цаашдаа түүний хийж чадах зүйл улам өргөжих нь ойлгомжтой. Хиймэл оюун ухаан ойрын 10-20 жилд хиймэл оюун ухаан нь хүний ой ухаантай эн зэрэгцэх түвшинд хүрнэ гэж ”Шинжлэх ухаан хүний нас” сангийн дэд ерөнхийлөгч, дэлхий дахины эрсдэл судлаач Алексей Турчин хэлжээ.

Гэхдээ Хиймэл оюун ухаан хувийн амьдралаас эхлээд  мэргэжлийн үйл ажиллагаа, улс төрийн хүрээнд гээд  бидний амьдралын бүхий л асуудлыг  шийдээд байх уу гэсэн асуулт байсаар байна. Ингэвэл ямар байх бол...Ийм хараат байдалд орчихвол хүмүүст ямар байх бол. Шинжээчид болохоор хүмүүс  удирдах үүргээ хэзээ ч хиймэл оюун ухаанд шилжүүлж өгөхгүй, хиймэл оюун ухаан зүгээр л шийдвэр гаргах үед зөвхөн зөвлөх үүрэгтэй байх болно гэж хэлж байгаа юм.

Өмнө дурдсан Орос дахь Microsoft-ын стратегийн технологийн газрын удирдагч Михаил Черномордиков ч “Хиймэл оюун ухаан бол багаж, зэвсэг, тэгэхээр түүнийг яаж ашиглахаа бид өөрсдөө шийднэ” гэж байна.

Хиймэл оюун ухаан бидэнтэй дайтах юм биш биз

Өнөөх “Терминатор”, “Матрица” гээд алдарт кинонууд дээр хүмүүс машинтай байлдаж эхэлдэг. Мэдээж машиныг хүмүүс өөрсдөө бүтээсэн. Энд хамгийн гол нь маш чадварлаг бүтээсэн машинуудад хүний мэдрэмж, хүн чанар байхгүй, харин математик түвшний чадвар байгаатай л холбоотой. Үнэхээр хүмүүс бид төгс бус зүйл бүтээчихээд тэр нь бидэнд дайсагнаж эхлэх юм биш биз гэсэн эмзэглэл бас байна. Хиймэл оюун ухааныг хүн өөрөө бүтээчихээд дараа нь түүнийхээ золиос болж устах уу, эсвэл боол нь болох уу...Пётр Левич хиймэл оюун ухаан тийм ч аюултай биш гээд “Бид тэдэнтэй байлдахгүй. Удахгүй бид тэдэнтэй нэгдэнэ, хүн машин хоёр нэгдэнэ” гэж байна. Өнөөдөр ч гэсэн хүн машин нэгдэх ойлголцох эхлэл хэдийнээ тавигдаад байгаа.

Харин хиймэл оюун ухаан нь хяналтын системгүй байвал хяналтаас гарч аюул учруулж мэдэх  юм, тэгэхээр бид ирээдүйд Хиймэл оюун ухааныг хянах асуудлыг л сайн шийдэх ёстой гэж  “Шинжлэх ухаан хүний нас” сангийн дэд ерөнхийлөгч, дэлхий дахины эрсдэл судлаач Алексей Турчин үзэж байна.

Хиймэл оюун ухааны  ажиллагаанд хэн хяналт тавьж хариуцлага хүлээх вэ

Хиймэл оюун ухааны бусад технологиос ялгарах гол ялгаа нь тэр өөрийгөө сургах чадварт л байгаа юм. Нэг талаас энэ нь асар том боломж, нөгөө талаас  өөртөө аюул учруулна. Мэдээллийг задлан шинжилж, үйл ажиллагаагаа өөрчлөн шинэ арга гаргалгаагаар ажиллана. Жолоочгүй автомашин гэхэд л ослын нөхцөл байдлыг үнэлээд өөраө шийдэл гаргаж ослоос зайлсхийнэ гэсэн үг. Энэ бүх сонголтод хэн хариуцлага хүлээх вэ. Ямар нэг сөрөг үйлдэл гарч хохирол учрахад хохирогч хэнд хандах вэ. Өөдрөг үзэлтнүүд болохоор Хиймэл оюун ухааны гаргасан шийдлийн төлөө технологи өөрөө хариуцлага хүлээнэ гэж байна. Мэдээж түүнийг бүтээсэн хүн л хариуцлага хүлээнэ гэж байна.

Тэгэхээр хүн төрөлхтөнд хиймэл оюун ухаан бүтээхдээ аюулгүй байдал, ёсзүйг төлөвшүүлэх тийм дүрэм боловсруулах шаардлага бий болж байна. Үүнийг мэдээж IT мэргэжилтнүүд хийнэ шүү дээ хэмээн эмзэглэж байгаа юм. Тэд нь ямар хүмүүс байх вэ..... 

Хиймэл оюун ухаан ХХI зууны аюул болох уу

Хиймэл оюун ухаанд түгэх вирус л хамгийн гол аюул болно гэж Алексей Турчин үзэж байна. Ийм ч болохоор супер компьютерүүдийн ажиллагаанаас үүдэж мэдэх болзошгүй сөрөг үр дагаваруудаас  зайлсхийх дүрэм, хууль боловсрулах асуудал дээр Илон Маск, Билл Гейтс, Стивен Хокинг, Сатья Наделла нарын IT инженер, эрдэмтэд технологийн тэр­гүүлэх корпорациуд ажиллаж байна. Ирээдүй энэ бүхнийг шийдээд явж болох ч хамгийн гол нь ийм нөхцөл байдал үүсэхгүй байх тийм орчинг бүрдүүлэх л чухал.Нөгөө талд нь хиймэл оюун ухаантай ажиллах хүмүүсийг бэлт­гэж төлөвшүүлэх явдал гэж шинжээчид үзэж байгаа юм.

Хятадын тэрбумтан Жэк Ма ирээдүйн хиймэл оюунт роботуудаас айхгүй байгаагаа хэлсэн бол америкийн Илон Маск хиймэл оюун ухаан хүн төрөлхтний ирээдүйд аюул занал учруулж болзошгүй гэж байна.

Жэк Ма “Миний бодлоор хиймэл оюун хүний нийгэмд шинэ хуудас нээж, хүмүүс хоорондын харилцан ойлголцлыг сайжруулна. Би энэ тал дээр өөдрөг байгаа. Хиймэл оюуныг аюул гэж бодохгүй байна. Хүн роботоос хангалттай илүү ухаалаг” гэжээ.

 Харин Маск “Би уг нь төрөлхийн өөдрөг үзэлтэй хүн. Би дэлхий сүйрэх цаг ирж байна гэж ярихгүй. Гэхдээ технологийн хөгжлийн хурдыг бид гүйцэхгүй гэдэгт итгэлтэй байна” гээд роботтой хүч тэнцүү байхын тулд хүмүүс киборг болж, технологийг биедээ шингээх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

#МонголынМэдээСонин #Дэлхий