Н.ЧИНБАТ: ТӨРИЙН ТЭРГҮҮН ӨӨРИЙН БИЕЭР ИРЖ БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЖ БУЙ НЬ ҮНДСЭН ХУУЛИА ДЭЭДЭЛЖ БАЙГАА ХЭРЭГ

Улс төр

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд гаргасан иргэдийн мэдээлэлтэй холбогдуулан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонгоос ирүүлсэн тайлбар гаргуулах, байр суурь тодруулах албан бичгийн хариуг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр Үндсэн хуулийн Цэцэд очиж /2021.02.24/ тайлбар өглөө.

 

Тодруулбал, нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 24 үгтэй, 2 таслалтай, 1 өгүүлбэрээс “…зөвхөн нэг удаа…” гэх 3 үгийг таслан авч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Х.Баттулга нэр дэвшиж болохгүй, Х.Баттулгыг нэр дэвшүүлж огт болохгүй” гэдэг шаардлагыг тусгаагүй нь Үндсэн хуулийг зөрчсөн байна гэх агуулга бүхий мэдээллийг Үндсэн хуулийн Цэцэд гаргажээ.

“Гагцхүү Х.Баттулга л нэр дэвшиж болохгүй” гэсэн хуулийг нэхэн шаардаж буй нэг хэсэг иргэний мэдээллээр Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулиа илэрхий зөрчсөн байдлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа хүртэл үүсгэсэн байгаа нь Үндсэн хуулийн суурь зарчмуудад  нийцэхгүй гэж үзэж байна.

Үндсэн хууль нийтэд үйлчлэх ёстой байтал зөвхөн нэг хүнд зориулагдсан байж болохгүй. Өөрт таалагддаггүй хүний эрхийг боомилох, иргэдийн сонгох эрхийг хясах явцуу зорилгоор хуульт ёс, эрхзүйн онолд огт нийцэхгүй байдлаар Үндсэн хуулийг тайлбарлан хэрэгжүүлэхийг шаардаж болохгүй.

Хүн төрөлхтнийг дарангуйллын дор өвдөг сөхрүүлэхийг хичээсэн Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дэлхий дахинаа хэн ч гэсэн хуулийн дор амьдрах ёстой энэ бол хүний эрх гэсэн зарчим үйлчилж байгаа.  Өнөөдөр  аливаа улс орон хууль, дүрэм, журам, эрх зүйн акт  тогтоохдоо Нэгдүгээрт:  Хууль өөрчлөгдсөн ч эргэж үйлчлэхгүй, хоёрдугаарт: Хууль шинээр батлагдахдаа хүний эрхийг дордуулах ёсгүй, гуравдугаарт: Хуулийн хэрэгжилт, хяналт хүний эрхийг зөрчиж болохгүй гэсэн гурван зарчим баримтлахыг чухалчлан үздэг. 

Хууль эрх зүйн энэ “алтан” дүрмийг өнөөдөр дараангуйлаг дэглэмтэй улс орнуудаас бусад дэлхийн бүх улс орон хэрэгжүүлж байгаа. Ардчилсан Монгол Улс ч энэ л зарчмаар явах учиртай.  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх явцад ч  энэ тухай ярьж  байсан.  Нийт 70 зүйл бүхий  Ардчилсан Үндсэн хуулийг  1992 онд баталснаас  хойш өнөөгийн эрх баригч МАН УИХ-д 65 суудалтай байхдаа  2019 оны арваннэгдүгээр  сарын 14-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан байдаг.

Тэгэхдээ Үндсэн хуулийн 19 зүйл, 30 гаруй хэсэгт өөрчлөлт оруулсан юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын төрийн тэргүүн Ерөнхийлөгчийг  ард түмэн сонгох зохицуулалтыг  хэвээр үлдээхдээ  “Ерөнхийлөгчид   нэр дэвшигч нь 55 нас хүрсэн байх,  сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын иргэн байх ёстой.  Ерөнхийлөгчийг зургаан  жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгодог байх” гэсэн заалт оруулсан юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан энэ өөрчлөлт нь Ерөнхийлөгч дахин сонгогдохын тулд улс төрийн намын явцуу эрх ашиг, эсхүл тодорхой бүлгийн эрх ашигт нийцүүлэн ажиллах байдал зогсоно гэж үзэж байгаагаа хэлэлцүүлгийн үеэр ярьж байсан. Хамгийн гол нь  Монгол Улсын Төрийн тэргүүн Ерөнхийлөгчийг сонгох тухай Үндсэн хуулийн энэ заалт нь 2025 оноос хэрэгжиж эхэлнэ гэдгийг Үндсэн хуулийн нэмэлт,  өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, одоогийн  Ерөнхийлөгчөөр ажиллаж буй хүний дахин сонгогдох эрхийг хязгаарлахгүйн тулд хэрэгжих хугацааг хойшлуулсан юм.

Яг энэ Үндсэн хулуийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэхтэй холбоотой  нэг үйл явдал болсон нь энэ өөрчлөлтийг 2020 оны  тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас  дагаж мөрдөхөөр хуульчилж байхад МАН-ын дарга У.Хүрэлсүхийн Засгийн газар чадамжтай эсэх, итгэл үзүүлэх талаар ид ярьж байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуульд “УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа Төрийн эрх барихаар сонгогдсон нам Засгийн газраа эмхлэн байгуулах хүртэл” гэж заасан байсан  зохицуулалтаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар ажиллаж УИХ-ын сонгуулийн дараа 2020 оны долдугаар сарын 08-нд Засгийн газраа байгуулж байсан юм.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсын Төрд ийм хоёр үйл явдал тохиож байна. Энэ нь нөгөө л хүн төрөлхтний хууль, эрх зүйн “алтан” зарчим Монголд хэрхэн хэрэгжиж буйг харуулсан үйл явдлууд. Ийм учраас Монгол Улсын өнөөгийн Ерөнхийлөгч сонгуульд дахин нэр дэвших эрх нь нээлттэй гэдгийг ямар ч маргаангүй товч бөгөөд тодорхой хэлж буй өгүүлэмж юм. Харин Монгол Улсын иргэд “Хуулийг өөрийн талд, хувийн болон бусдын ашиг сонирхлын үүднээс мушгин гуйвуулж  тайлбарлах, дарангуйлах  эрхийг УИХ-ын гишүүд,  өнөөдөр Монгол Төрийн эрх барьж буй МАН-д олгоогүй шүү. Их найрагч Д.Пүрэвдоржийн шүлэглэснээр Чингисийн хөх Монгол ядарсан, зүдэрсэн, гутарсан”- ч хуультай, дүрэмтэй, журамтай гэдгийг санах хэрэгтэй. Үндсэн хуулийн үг бүр бие даасан хууль болдог тул “Эцэг хууль” хэмээн дээдэлдэг. Ердөө л энэ. Эргэлзэж, мэдэн будлиад, толгой эргэх зүйлгүй. Өнөөгийн Ерөнхийлөгч сонгуульд дахин нэр дэвших ёстой гэж “Цагаан дээр хараар тов тодорхой бичсэн” байгаа юм.

#МонголынМэдээСонин #ҮйлЯвдал