МОНГОЛБАНК АРИЛЖААНЫ БАНКУУДАД 200 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОВ

Нийгэм, Эдийн засаг

Монголбанк урт хугацаат репо арилжаагаар ирүүлсэн саналын дагуу энэ сарын 22-нд ХААН, Худалдаа хөгжлийн, Голомт, Хас, Тээвэр хөгжлийн, Богд, Капитрон, Кредит банканд нийт 200 тэрбум төгрөгийн санхүүжилт олгов.

Энэ нь Мөнгөний бодлогын хорооноос энэ оны нэгдүгээр улиралд 250 тэрбум төгрөгийн урт хугацаат репо санхүүжилт олгохыг шийдвэрлэсний дагуу зохион байгуулсан арилжаа юм. 

 

Урт хугацаат репо санхүүжилтийн эдийн засагт үзүүлэх нөлөөг сайжруулах зорилгоор Монголбанк жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийг хамрагдах боломжоор хангаж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид олгох зээлийн дээд хэмжээг  3 тэрбум төгрөг болгон нэмэгдүүллээ.

 

Цаашид банкууд Монголбанкнаас авсан санхүүжилтээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд, уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа явуулдаг экспортлогч аж ахуйн нэгжүүдэд Монголбанкны Ерөнхийлөгчийн энэ оны хоёрдугаар сарын 19-ний А-58 дугаар тушаалаар баталсан шалгуурын дагуу 3 тэрбум төгрөг хүртэл хэмжээтэй, 2 жилийн хугацаатай, жилийн 10,5 хувийн хүүтэй зээл шинээр олгох болон өмнө олгосон зээлийг дахин санхүүжүүлэх юм.

 

Иймд Монголбанкнаас тавьсан шалгуур хангаж буй харилцагчид дээрх нэр бүхий банкуудад хандан шинээр зээл авах, зээлд дахин санхүүжилт хийлгэх боломжтойг төв банкнаас мэдээлэв.

 

Цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахаар Монголбанкнаас урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгсэл ашиглан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, уул уурхайн бус экспортлогчдод 10,5 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээл олгох ажлыг 2020 оны 4 дүгээр улиралд эхлүүлсэн. Энэ хүрээнд 2020 оны 12 дугаар сард олгосон 230 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийн эх үүсвэрийг банкууд нийт 20 мянга орчим ажилтантай 1536 аж ахуйн нэгжид шинээр зээл олгох болон  зээлийг дахин санхүүжүүлэх хэлбэрээр  ашиглажээ.