НАВАЛЬНЫЙГ ХОРЬСНООС БОЛЖ ЕВРОПЫН ХОЛБОО ОХУ-Д ХОРИГ ТАВИЛАА

Дэлхийн мэдээ

Кремлийг эсэргүүцэгч Алексей Навальныйг шоронд хорьсоных нь төлөө Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авчээ. Европын холбооны гадаад хэрэг хариуцсан албаны дарга Жосеп Боррелын хэлснээр Европын холбооны 27 гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар өчигдөр/2021.2.22/ Брюссельд хуралдан “ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах” асуудал дээр санал нэгдсэн гэнэ. Улмаар анх удаа Европын холбооны Магницки актын дагуу ОХУ-ыг хүний эрх ноцтой зөрчсөн хэмээн үзэж хориг арга хэмжээ авахаар шийджээ. Брюссельд болсон хурлын дараа Жосеп Боррел “Орос авторитар дэглэм рүү эрчимтэй ортож байна хэмээн олон улс санал нэгдэж байна” хэмээн хэлжээ.

Харин хариуд нь ОХУ-ын гадаад хэргийн яам “Европын холбооны шийдвэр урам хугалж байна. Түүнчлэн тус хоригоос болж Оросын ард түмэн нэг талыг барьсан утгагүй шийдвэрээс болж хохирч байна” хэмээн мэдэгджээ.

Энэ сарын 20-нд хуралдсан шүүх хурлын шиддвэрээр Навальныйг хоёр жил, зургаан сар шоронд хорьж, 850 мянган рублиэр торгохоор болсон билээ.

Эх сурвалж: TELEGRAPH