Дархан Арьс Ширний Цогцолбор ХХК-тай бодлогын гэрээ байгууллаа

Улс төр

Монгол Улсад жилд дунджаар 18-20 сая ширхэг арьс, шир зах зээлд нийлүүлэх нөөцтэй . Түүхий эдийн арвин нөөц боломжтой ч бэлтгэх тогтолцоо, тогтвортой нийлүүлэлт, борлуулалтын суваггүйн улмаас малын гаралтай түүхий эдийн үнэ цэнэ, бэлтгэн нийлүүлэлт, нэмүү өртөг шингээсэн экспортын хэмжээ хангалтгүй байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэхээр Дархан арьс ширний цогцолбор ХХК нь  2015 оноос туршилт, судалгааг эхлүүлэн Дархан Арьс Ширний Цогцолборыг барих төслийн ажлыг 2018 оноос эхлүүлж Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамтай хамтран ажиллаж  байна.

Төслийн хүрээнд жилдээ 10 сая ширхэг арьс шир боловсруулах 13 үйлдвэр, 10 мянган тонн ноос боловсруулах,  ноос, ноолуур угаах самнах хүчин чадал бүхий үйлдвэрүүдийн бүтээн байгуулалт , түүний цэвэрлэх байгууламж, дэд бүтцийн барилга байгууламжууд Дархан хотноо баригдах юм. Тухайлбал,

  • Бог малын арьс шир боловсруулах үйлдвэр, агуулахын хамт- 9-н үйлдвэр
  • Бод малын арьс шир боловсруулах үйлдвэр, агуулахын хамт- 4-н үйлдвэр
  • Ноос, ноолуур угаах, самнах үйлдвэр – 2 үйлдвэр
  • Эсгийний үйлдвэр- 2
  • Желатин уургийн үйлдвэр-1
  • Судалгаа хөгжил, инновацийн төв
  • Үйлдвэрийн зориулалттай цэвэрлэх байгууламж
  • Цахилгаан дамжуулах дэд станц зэргийг барихаар төлөвлөжээ.

 

Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх арьс ширний цогцолбор байгуулснаар 2300 шууд ажлын байр, шууд бусаар 7500 орчим иргэд байнгын ажлын байртай болох боломжтой. Олон улсын жишигт нийцсэн цогцолборыг байгуулахаар Испани улсын ИПАП Инженеринг компаниар Цогцолборын ерөнхий төлөвлөгөө, үйлдвэрийн технологийн схем зургуудыг хийлгэж байна. Швейцарь улсын Huni компанийн зөвлөгөөн доор салбартаа тэргүүлэгч Итали улсын Deltacque компани арьс ширний үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад байна. Судалгаа шинжилгээ, туршилт, үйлдвэрлэлийн хүрээнд малын эрүүл мэнд, түүхий эдийн чанарын тогтолцоог сайжруулах болоод төслийн бүтээн байгуулалтын ажлыг хурдасгахаар  Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, Дархан арьс ширний цогцолбор ХХК-тай Бодлогын гэрээг байгуулж төслийн бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэх нөхцлийг бүрдүүлэх алхмыг хийлээ. 

 Дархан арьс ширний цогцолбор ХХК нь 2019 онд төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээс хойш бохир ус цэвэрлэх байгууламж, цахилгаан түгээх, дамжуулах дэд станц, дулааны шугам хоолой татах, ноос угаах, самнах үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэрийн барилгын ажил явагдаж байна. 2020 оны 7 сараас эхний үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.

Испани улс руу арьс, шир нийлүүлэх гэрээг байгуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эхлүүлээд байна. Ингэснээр Европын зах зээлд бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлэх боломж бүрдэх юм.  

Цогцолборын үйл ажиллагаа жигдэрснээр малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг  нэмэгдүүлж, хангамж үйлдвэрлэлийг тогтвортой байдлыг хангах бөгөөд малчин өрхийн орлого нэмэгдэх юм.