Энэтхэг улсаас иргэдээ татан авахаар тавдугаар сарын 18-ны өдөр тусгай үүргийн онгоцоор нислэг үйлдэх гэж байгаа талаар Улсын Онцгой Комисс/УОК/-ын Шуурхай штабаас мэдээлсэн. Энэтхэг улс хол учраас тусгай үүргийн онгоц тавдугаар сарын 19-нд буцаж ирнэ гэдгийг хэлж байв. Харин тус улсад шавилан сууж буй лам нар тавдугаар сарын 18, 30-нд хоёр удаагийн тусгай үүргийн онгоцоор иргэдээ татан авах гэж байгаа гэдэг мэдээллийг өгсөн юм.
Ингэхдээ тавдугаар сарын 18-нд тусгай үүргийн онгоцоор хүндэтгэх шалтгаантай иргэдээ татан авах бол 30-ны нислэгээр тэнд шавилан суудаг ламхай нарыг авч ирэх төлөвлөгөөтэй байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Энэтхэг улс дахь Элчин сайдын яаман дээр иргэдийн нэрсийг баталгаажуулах ажил хийж байна. Энэтхэг улсын хувьд халдварын тархалт газрын онцлогоосоо шалтгаалан янз бүр байна. Тус улс нь тавдугаар сарын 17 хүртэл дотоодын муж хоорондын хөл хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон. Тавдугаар сарын 18-нд нислэг хийх өдрийг товлосон нь тус улсын дотоод зохицуулалттай холбоотой. Энэтхэгийн Дели хот бол олон улсын нислэг тогтмол үйлддэг хот .Тэгэхээр эхний ээлжинд нислэгийн зөвшөөрөл авах талаасаа илүү хялбар байсан учраас зөвшөөрөл нь ойрын хугацаанд гарна.
Харин ламхай нарын хувьд Дели хотоос 2000 гаруй км-ийн зайтай газар шавилан суудаг. Эдгээр иргэдийг 2000 км газар өвчний тархалт өндөр бүс нутгуудаар дамжуулж Дели хотод авчрах нь өөрөө эрсдэлтэй байгаа юм.
Энэ бүх хүчин зүйлийг харгалзан үзээд шавилан суудаг газарт нь хамгийн ойр байрлах ямар хотуудад нислэг хийж болох вэ гэдгийг судалж байна. Учир нь ойр байрлах хотууд нь олон улсын нислэг үйлдэгддэггүй учраас нислэгийн зөвшөөрөл авахад хүндхэн байна. Нислэгийн зөвшөөрөл гараагүй учраас хэзээ авах талаар баттай хариулт хэлж чадахгүй” гэдгийг хэлж байв.
0 Сэтгэгдэл