ХАЛААС СУЙЛСАН ХАРАЛГАН ТӨР

Улс төр

Нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувь нэмэгджээ. Нэмэх гэж байхад нь бидний хэн ч анзаарааггүй байж мэдэх. Яагаад гэвэл, ингэж нэмэх нь байна хэмээн хэлж, ярьж санал бодол сонсдог байгууллага, хүн байхгүй. Харин ч бүр эсрэгээрээ сиймхий харж байгаад бараг сэмээрхэн батлаад гаргах ухаан бол тэдэнд байдаг. Өнөөдөр Монгол Улсын төсвийн алдагдал хэдэн зуун их наядаар тоологдож, нийгмийн даатгалын сан нь халаасаа гөвчихөөд сууж байгаа. Бүр илүү тонгойгоод харахаар энэ сангийн мөнгөөр хэн хэрхэн тоглож, эцэст нь 40 сая төгрөгийн торгуулийн хуудсаар хаачихаад байгааг мартаагүй байна.

Тэгтэл хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч таны халаас руу төр аль хэдийнэ гар дүрээд, алдагдлаа нөхөх арга замаа сүвэгчилсэн байгааг анзаарсан уу. Цар тахлын энэ хүнд хэцүү цаг дор санхүү эдийн засгийн хувьд ёстой л сөхөрч байх үед НДШ гэх суутгал нэмэгдсэнд иргэд бухимдаж байна. Бухимдахаас ч аргагүй. Учир нь, энэ шимтгэл суутгалынхаа хувь хишгийг эргүүлээд хүртэх боломж бололцоо байдаггүй, харалган бодлогод гинжлүүлэн ийм олон жил явж байгаа шүү дээ.

Сар болгон таны цалингийн гуравны нэг буюу 1000 000 төгрөгийн цалинтай хүнээс 300 000 төгрөгийг төр татдаг байх нь. Та 25 настай эрэгтэй хүн бол 35-40 жил тогтмол энэ мөнгийг суутгуулна аа гэсэн үг. Нийлбэр дүнгээрээ 144,000,000 төгрөг. Банкны хадгаламжийн хүүгээр бодвол бараг 500.0 сая төгрөг.

Монгол эрэгтэй хүний дундаж насыг 66 гэж үзэхэд 65 насандаа тэтгэвэрт гараад жилийн дараа талийгаад өгнө. Тэгвэл 30, 40 жил хуримтлуулсан мөнгө улсын орлого болж, түүгээр дарга нар гадаад, дотоодод зугаалах нь байна. Хэрэв та 65 хүрэлгүй нас барсан бол мөн адил улсын орлого болно. Таны хуримтлуулсан энэ мөнгө таны ар гэрийнхэнд өвлөгдөх хууль, эрх зүйн орчин байхгүй.

Эсэн мэнд энх тунх яваа хэнд нь ч мөнгөний хэрэгцээ гарахад та өөрийнхөө энэ мөнгөнд гар хүрэх эрхгүй. Банкнаас өндөр хүүтэй зээл авахаас өөр гарц танд байхгүй. Зээлээ төлж чадахгүй унаад өгвөл таны үр хүүхэд өрийг чинь төлөх ёстой болдог. Өв хөрөнгө мөнгө нь өвлөгддөггүй атлаа өр зээл нь өвлөгдөн үлддэг харгис хууль дор амьдарч байгаа, бид.

Ядаж 40 жил цуглуулсан мөнгөнийхөө тал хувийг ар гэрийнхэндээ өвлүүлж ч болохгүй, чадахгүй. Яагаад гэдгийг хэн ч асуудаггүй. Угтаа бол энэ таны л мөнгө, төр засгаас нэг ч төгрөгийн оролцоогүйгээр хөдөлмөрийнхөө хөлснөөс цуглуулсан хөрөнгө тань шүү дээ...

Бид өөр өөрсдийнхөө төлөө дуугарахгүй, шаардахгүй, нэхэхгүй бол өөр хэн ч санаа зовохгүй. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах, энэ даатгалын сангаас эргээд хувь хүртдэг тогтолцоог өөрчлөхөд сэтгэл зүтгэлээ зориулах хүн энэ төрд байхгүй гэж үү. Улай үзсэн элээ мэт уул уурхай тойрон хэрэлддэг шигээ иргэдийнхээ төлөө энэ талаар дуугарах хэрэгтэй байна.

#МонголынМэдээСонин #MongolianNews #Дугаарын60мөр