Хөвсгөл аймагт өчигдөр /2020.05.14/ түр зуурын хүчтэй шороон шуурга шуурч, секундэд 24 метр хүрч ширүүсчээ. Хүчтэй шороон шуурганы улмаас тус аймгийн Тариалан, Рашаант сум тог цахилгаангүй болоод байна гэдгийг албаныхан мэдээллээ.
Цаг агаарын нөхцөл байдлын талаар ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга дарга Л.Оюунжаргалаас тодрууллаа. Тэрбээр “Хөвсгөл, Завхан, Булган, Баянхонгор, Өвөрхангай аймагт өчигдөр борооны өмнөх хүчтэй хуй салхи босч, түр зуурын шороон шуурга шуурсан. Шороон шуурга секундэд 24 метр хүрч ширүүсч, ойролцоогоор 26 минут үргэлжилсэн” гэв.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч Л.Бямбасүрэнгээс тодруулахад “ОБЕГ-аас 15.00 цагийн үед мэдээлэл хүргүүлсний дагуу аймгийн ЦУОШГ-тай хамтран 23 сум, нэг тосгон, 13 албадаар дамжуулан аж ахуй нэгж, иргэдэд урьдчилан сэргийлэх албан мэдээг хүргүүлсэн. Өчигдөр орой 21.00 цагийн орчимд аймгийн хэмжээнд түр зуурын шороон шуурга шуурч, 16-24 метр секунд хүрч ширүүссэн. Ойролцоогоор 10-13 минут үргэлжилсэн. Түр зуурын хүчтэй шороон шуурганы улмаас томоохон гамшиг, осол бүртгэгдээгүй. Харин Их-Уул сумын нутагт Эрдэнэт, Булган чиглэлийн өндөр хүчдэлийн шугамын шон унасан. Одоогоор Тариалан, Рашаант сумын тог цахилгаан тасраад байна. Ажлын хэсэг гараад ажиллаж байна” гэж мэдээллээ.
Онцгой байдлын ерөнхий газраас Цаг уур орчны шинжилгээний газартай хамтран өчигдөр /2020.05.14/ мэдээлэл хийхдээ маргаашнаас эхлэн нийт нутгаар эрс хүйтэрч, орон нутагт хүчтэй шороон болон цасан шуурга шуурахыг анхааруулсан. Тухайлбал, энэ сарын 14-15-нд шилжих шөнө баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 15-ны өдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар 16,17-ны өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж салхи секундэд 18-20 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 24-26 метр хүрч ширүүсч онц хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Энэхүү байгалийн гамшигт үзэгдэл нь 2008 оны тавдугаар сарын 26, 27-нд болсон цаг агаарын онц аюултай үзэгдэлтэй төстэй байна гэж ЦУОШГ-аас онцолсон юм. Өнөөдөр /2020.05.15/ Хэнтий, Сүхбаатар, Говь сүмбэр, Дорноговийн нутгаар Төв Дундговийн зүүн хэсгээр салхи 26-28 метр ширүүсч зарим үед 34м/с хүрч гамшигт үзэгдэл болох төлөвтэй байна. Мөн Төв аймаг, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурах байгалийн гамшигт үзэгдэл ажиглагдах аж.
0 Сэтгэгдэл