Өвгөн партизаны ач хүүд цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр

Говь-Алтай  аймаг Баянхонгор,  Завхан, Ховдтой хил залгаа оршдог. Хөгжил дэвшлийн тухайд тоосонд нь даруулж  үлдсэн алтайчуудын хувь заяа өнөөдөр ч бүрсгэр хэвээр байгаа. Уг нь  алтайн хөх харчуудыг барж ард нь гардаггүй л байсан юм гэнэ лээ.  Халх дөрөв, шавь таван аймгийнхан хөх сарьдаг шиг ээ  хөх салхиндаа ч хөхөрч үлдсэн хөх эрчүүдэд нь цагаахнаар атаархахдаа ийн шүүрс алдсан болов уу.  Гэвч энэ цагт өвгөдийн атаархал  цөхрөлөөр солигдсон нь нутаг орноо өөд татан авч явж чадахгүй байгаа байдал.   Ялангуяа сүүлийн дөрвөн жил засагласан ноёд нь  эрх мэдэл, албан тушаалын төлөө өөр хоорондоо  хэмлэлдэх болсон.  Сар гарангийн өмнө   төр, засгаа дорд үзсэн  засаг ноён нь албан өрөөндөө архидалт зохион байгуулсны улмаас төрийн албан хаагч бүсгүй амиа алдсан хэрэг гарсан байх жишээний.  Ийм зүйл болсон гээд аймаг нь засаглалгүй байлтай биш. Ж. Ганбат хэмээх эрхмийг үүрэг гүйцэтгэгчээр томилоод удаагүй байна. Түүнд итгэл үзүүлэх эсэх нь алтайчуудын хэрэг. Ямартай ч түүний тухай өгүүлэх 24 баримтыг уншигч таны хүртээл болгоё.

 

Баримт 1. Ямартай ч Жигжидсүрэнгийн Ганбат нь  удам сайтай хүний үр аж. Түүний өвөг эцэг хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн  Цэдэндамба  нь  шинэ цагийн Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө халуун ам, бүлээн цусаа хайрлаагүй партизан. Хатанбаатар Магсаржавын холбоочин цэрэг гэдгээрээ БНМАУ-ын түүхийн хуудаснаа алтан үсгээр тэмдэглэгдэн үлдэж. Тэрээр   капитализмыг алгасч социализмд шилжих шилжилтийн он жилүүдэд  харилцаа холбооны салбарыг тэргүүлсэн ахмад холбоочин.  Тодруулбал,  Холбооны яамны дэд сайдаар ажиллаж байсан нэгэн. Нөгөөтэйгүүр, өвгөн буурлыг  Увс аймгийн Баруунтурууны  буурлууд андахгүй. САА-г   байгуулж, анхны даргаар нь ажилласан болохоор тэр шүү дээ.  Ийм  эгэлгүй эрхэм бол Ж. Ганбатын өвөг эцэг.

 

 Баримт 2. Харин  эцэг  Ц.Жигжидсүрэнгийн тухайд эгэл жирийн холбоочин эр. Тэрээр аймгийнхаа холбооны салбарт 30 жил техникчээр ажиллаад тэтгэвэртээ гарчээ.

 

Баримт3.Ээж Жавзмаа нь  бас л алтайчуудын бахархал болсон буурлуудын нэг. Бүхий л насаараа аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажилласан, сайхан зантай ижий бурхан.

 

Баримт 4. Жигжидсүрэнгийнх арван хүүхэдтэй өнөр өтгөн айл. Ганбат тэдний долоо дахь хүү.

 

Баримт 5.  Тэрбээр  Есөнбулаг суманд 1974 оны хоёрдугаар сарын 03-нд  төрсөн.  Цагаан сар болох гээд айл бүхэн бууз, баншаа бэлдэн завгүй харайцгаасан өдөр төрсөн хорвоод дуугаа хадаасан эр.

 

 Баримт 6.   Дээрээ олон ах эгчтэй, доороо гарын үзүүрт гүйлгэх дүү нартай болоод тэр байх  орны хөндийд Ж.Ганбат ном уншаад л хэвтэж байх дуртай хүүхэд байсан гэж ээж нь дурссан байдаг.  Аминдаа арчаатай, цэвэрч хүү байсан тул ангийнхаа ариун цэврийн даргаар сонгогдож байжээ. Гэвч тэрбээр  “ариун цэврийн дарга чинь охидуудын ажил юм байна “гээд албан тушаалаасаа сайн дураараа огцорсон гэнэ.

 

Баримт 7.  Говь-Алтай аймгийн арван жилийн нэгдүгээр дунд сургуулийн босгыг  1982 алхан орж 1992 онд төгссөн. Мань хүний хүүхэд насаар аялах аваас эцэг эхийнхээ чихийг халууцуулж,самбарын өмнө номхон команд дор зогсож байсан түүх байхгүй.   Үеийн хөвгүүдтэй хөл бөмбөг өшиглөж,  гудамжинд өнжин гараа сайрттал гар бөмбөг өшиглөж явсангүй.  Тэгэхээр тэрүүхэндээ амиа бөөцийлөөд явдаг нөхөр байсан байгаа биз.

 

Баримт 8. Тэрбээр 1992 оны хавар ЕБС –иа дүүргэн тухайн үеийн Багшийн дээд сургуулийн хуваарь авч.  Дургүйд хүчгүй гэдгээр хоёр жил сураад сургуулиа орхисон байдаг. Багын мөрөөдөл нь санхүүч болох явдал байсан учраас тэр.

 

  Баримт 9.  Мань хүнд аз тохион   Монгол Улсын Их Сургуулийн харьяа эдийн засгийн сургуульд элсэн суралцах боломж олдов.  Амжилттай  төгсч, эдийн засагчийн диплом  өвөртлөсөн байна.

 

Баримт 10. Төрд алба хашихад  хос дипломтой байж гэмээнэ давуу тал болдгийг мэдэрсэр тэрбээр  Удирдлагын академийг  Төрийн удирдлагын менежерээр 2007 онд төгсчээ.

 

Баримт 11. Түүнийг сэнтийд залрахын  одонд төрсөн гэж хэлж болохоор. Хашсан албан тушаалууд нь дандаа дарга. Тодруулбал,

 

–      2000-2002 онд Алтай трейтин ХХК-нд  Менежер

 

–       2002-2013 онд Эрдэнэт хивс ХХК-нд Салбарын захирал

 

–       2006-2008 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Орлогч

 

–       2008-2017 онд Говь-Алтай аймгийн Говь-Ноос ХХК-ий Захирал

 

–       2013-2016 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга

 

–       2016-оноос Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч гэхчилэн хөврөх аж.

 

 Баримт 12. Бизнест  зүтгэсэн он жил нь цөөн ч эрхэлж байсан бизнес нь цагаан юм даа, аз болж.

 

Алтайн малчдаас Жигжидсүрэн гуайн хүүг таних уу гэхээр Засаг даргын орлогч гэхээс илүүтэй ноосны Ганбат уу гэх юм билээ. Түүхий эд болгоё гэхээр ажиллагаа ихтэй, зах зээлд борлуулая гэхээр  250 төгрөг хэмээн  ад үзэгдэн хорооны мухарт хураалгаастай хэвтэх хонины ноосыг кг –ыг нь 3000 төгрөг болгосон ачтан бол “Эрдэнэт хивс”ХХК-ий салбарын захирал Ж.Ганбат.  Ноос боловсруулах анхан шатны үйлдвэр ашиглалтад  оруулснаар 100 гаруй хүн ажлын байртай болж.  Эрдэнэт хивс өдгөө ч зах зээлд эрэлттэй байдгийн цаад утга нь  алтайн  хонины ноосны чанарт оршиж буй хэрэг.

 

 Баримт 13. Түүний улс төрд зүтгэж эхэлсэн үе нь 2006 оноос эхтэй. Сумынхаа ИТХ-д нэр дэвшин ялалт байгуулж Есөнбулаг сумын Засаг даргын орлогч, Засаг дарга гээд анхан шатны нэгжээс улстөрчийн гараагаа эхлүүлэн  аймгийн Засаг даргын орлогч хүртэл дэвшсэн нэгэн.

 

  Баримт 14. Ж.Ганбат аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурвантаа сонгогдсон түшээ.  Орон нутгаа  өөд татсан, сонгогч олныхоо төлөө хэр санал санаачилгатай ажилласан эсэх тухайд би биш нутгийн түмэн дүнгээ тавих  учраас ингэсхийгээд орхиё.

 

Баримт 15.  Гэхдээ түүнд Есөнбулагийнхан хайртай юм билээ.  Сумын Засаг даргаар ажиллаж байхдаа тэрбээр хавтас сугавчилж, аймгаас ирсэн төлөөлөгч нарыг угтаж үдсэн нэр төдий Засаг дарга байгаагүй хэмээн  шадарлаж явсан нөхөд нь хэлсэн.

 

Баримт 16.  Алтай хотыг удирдан засаглаж явсан үе түүнд бий.  Түүний намтарт Алтай хотын захирагч хэмээх гоё өгүүлбэр бий. Улаанбаатар хотын мээртэй улс төрийн албан тушаалын хувьд ижил зиндааных гэж ойлгоход гэмгүй.

 

Баримт 17. Говь-Алтай аймаг хөгжил дэвшлээрээ 21 аймгийн 21-т жагсч буйг тэрбээр “ Дэд бүтцийн хөгжил орчин цагтай хөл нийлэх боломжийг хойш татсаар ирсэн” хэмээсэн.  Үнэний хувь ч бий л байх.  Зам дагаж хөгжил гэдэг. Тиймээс  ажлаа хүлээж авсан даруйд дэд бүтэцтэй холбоотой асуудалд анхаарлаа хандуулан 2020оны наймдугаар сарын 30 гэхэд Баянхонгор, Говь-Алтай чиглэлд тавигдах цардмал замыг ашиглалтад оруулах зорилго тавин ажиллаж байгаа аж.

 

Баримт 18 Гэхдээ түүнд өөрөөр нь овоглогдон үлдсэн хэд хэдэн томоохон ажил буй.  Алтай хот хаа очиж гэрэлтүүлэг сайтай юм билээ. Үнэгэн харанхуйд очсон ч зочид буудлаа түвэггүйхэн олчих жишээний.  Есөнбулаг, Алтай хотын захирагчаар ажиллаж байхдаа Хот тохижуулахаас гэрэлтүүлгийг салгаж, мэргэжлийн байгууллагад хандсанаар хотын гэрэлтүүлгийг хоёр дахин нэмэх нөхцөл бүрдсэн аж.

 

 Баримт 19. Алтай хот Ховдыг бодвол жижигхэн байж мэднэ. Гэхдээ л явган хүн нэг хорооноос нөгөө хороо руу явахын тулд хөөрхөн алхах хэрэгтэй болно. Үүнийг шийдэж, нийтийн тээврийн үйлчилгээг ашиглалтад оруулсан нь өдгөө ч иргэдэд үйлчилсээр байна.

 

 Баримт 20. Хөгжлөөрөө 21-т бичигддэг алтайчуудаас сурах зүйл байна аа. Тэр нь иргэдийн дундын хуримтлал. Түүнээсээ ядарч зүдэрч, орон гэргүй болсон иргэндээ тусламж үзүүлдэг байна.  Хашаа хороогоо будаж өөд татах хэрэг гарвал дундын хуримтлалын сандаа хүсэлт гаргаснаар шийдэгддэг аж. Автор нь мань хүн.

 

Баримт 21.  Говь-Алтайчууд  цахилгааныхаа асуудлыг хамгийн сүүлд шахуу шийдсэн. Тодруулбал, олон жил яригдсан Тайширын усан цахилгаан станц ашиглалтад орж гэмээнэ  сумын төвийнхөн дизиль асахыг хүлээн арга үйлээ бардаг зовлонгоосоо салсан явдал.

 

Баримт 22. Алтайчууд ундны цэвэр усны эрэлд 60 жил мордож буй гэвэл үнэнд нийцэнэ. Ундны ус  муу тул иргэд нь нутгаа хөгжүүлэх бус эрүүл мэндээ бодон Улаанбаатарыг зорих нь элбэг. Эдүгээ ч зорьсоор байгаа. Харин энэ хавраас “Тайшир-Алтай” төслийг хэрэгжүүлж эхэлсний үр дүнд энэ асуудал бүрэн шийдэгдэх аж. Үүнийг  хэрэгжүүлэх гол хүн нь Ж.Ганбат юм билээ.

 

 Баримт 23. Говь-Алтай аймагт дулааны цахилгаан станц баригдахаар болсон сурагтай.  Ж.Ганбат хэр самбаачилга гаргаж хөөцөлдөнө тэр хэрээр асуудал шийдэгдэнэ гэсэн үг.  Хөндлөнгөөс бас нэг зүйлийг нэмэхэд  энэ аймаг өлийн цагаан оготнод сүүлийн хэдэн жил дээрэлхүүлсээр ирсэн. Энэ хавартаа багтаж  дайснаа дарж авна.  Хэрхэн яаж гэдгийг нь алтайнхнаас асууна биз.

 

 Баримт 24. Алтайчууд хөгжлийнхөө гарц биш орцыг уул уурхай биш аялал жуулчлал гэж тодорхойлжээ. Учир нь Улаан номд бүртгэлтэй мазаалай, тахь, хулан, хавтгай, хар сүүлт зэрэг ховор амьтдаараа дэлхийн жуулчдын нүдийг хужирлах гэнэ. Бас болоогүй ээ, адал явдалт аялалыг  баячуудад санал болгохоор төлөвлөжээ. Тэрбээр гэргий хоёр хүүхдийн хамт амьдардаг.  Цагаан бизнес хийж явсан болохоор ноосны буянаар амьдрал ахуйгаа хөөрхөн өөд татаж чадсан Засаг даргын орлогчийн тухай өгүүлэхэд ийм байна.