МАНАЙ УЛС ВАКЦИНД ЗОРИУЛЖ ДЭЛХИЙН БАНК, ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АССОЦИАЦААС 50.7 САЯ АМ.ДОЛЛАР ЗЭЭЛНЭ

Нийгэм, Эдийн засаг

Дэлхийн банк, Олон улсын хөгжлийн асоциацаас “Монгол Улсад  коронавирусээс  урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийн нэмэлт санхүүжилтээр  вакцин худалдан авахад зориулж 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон.  Энэхүү вакцинжуулалтын төслийн хүрээнд нийт хүн амын 60 хүртэл хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакциныг худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяр түгээх, хянах зэрэг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэх юм. Үүнээс гадна энэхүү “ Ковид-19”  вакцин нь өөрөө шинэ төрлийн дархлаажуулалтын бэлдмэл учир тарилга хийх заалт, тарилгын дараах илэрч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх, хянах, дэмжлэгт хяналт хийх зэрэг арга хэмжээг авахад нийт 8000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Олон улсын хөгжлийн ассоциациас олгох энэхүү хөнгөлөлттэй зээлийн ашигласан үлдэгдэлд тооцогдох зээлийн хүү жилийн 1.25, үйлчилгээний хураамж 0.75, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь тус тус байх аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  КОВАКС  хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс эхний ээлжинд хамрагдах нийлүүлэлт хийхэд шаардлагатай бүх бичиг баримтаа өгсөн байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд“Pfizer” вакцин нийлүүлэгдэнэ. Харин хамтран ажиллах хүрээнд хэд хэдэн улстай вакцин худалдан авахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Англи улсын буюу Бүгд Найрамдах Энэтхэг улсад үйлдвэрлэж байгаа “AstraZeneca” вакциныг худалдаж авахаар бүх бэлтгэл ажлаа хийсэн. Мөн БНХАУ-д ч вакцин худалдаж авах хүсэлтээ илэрхийлэхэд нааштайгаар хүлээн авч тодорхой хувийг үнэ төлбөргүйгээр өгөхөө мэдэгдээд байна. Эхний ээлжинд -70 градуст хадгалах “Pfizer” вакциныг нийлүүлбэл Монгол Улс 1 сая 847 мянган тун, -20 градуст хадгалах “Moderna” вакцин нийлүүлэхэд 2 сая 358 мянган тун, “AstraZeneca” вакцин нийлүүлэхэд 2 сая 516 мянган тунг хүлээн авах бэлэн байдлыг хангажээ.