ХОЁРДУГААР САРЫН 1-НЭЭС ТАНХИМААР БИШ ТЕЛЕ ХИЧЭЭЛ ОРНО

Нийгэм, Эдийн засаг

Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл хоёрдугаар сарын 1-нээс эхэлнэ.

Цар тахал, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэгт тулгуурлаж зайн сургалт буюу цахим, теле хичээлийн хэлбэрээр явуулахаар болсон байна. Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээлэл өглөө. 

Нэгдүгээрт, Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас хамаарч  2, 3-р сардаа нийслэлд ерөнхий боловсролын сургалтыг танхимаар явуулахад маш болгоомжтой хандана.

Хоёрдугаарт, ойрын 2,3-р сарын цаг агаарын байдал тэр дундаа хоёрдугаар сард их хүйтэн байх учир ханиад томууны дэгдэлтийг цар тахлын үед нэмэгдүүлэхгүй байх нь чухал. 

Гуравдугаарт, өвөлжилтийн их эрсдэлтэй 11 аймаг түүн дотроо 89 сум, эрсдэлтэй 152 сум байна. Үүнд 11 мянга гаруй өрх отроор өвөлжиж байгаа ба цэцэрлэг сургуулийн насны 20 гаруй мянган хүүхдүүд бий. Тэгэхээр танхимын сургалт эхэллээ гэхэд удалгүй цагаан сарын бүх нийтийн урт амралт эхэлнэ. Өвөлжилт хүндрэлтэй бүс нутгийн хүүхдүүд богино хугацаанд хичээлдээ явах, удахгүй бүх нийтийн амралтын өдрүүдэд гэр рүүгээ буцах хүндрэл үүсч болзошгүй байна. 

Мөн улсын хэмжээнд багш, эцэг эх, сурагчдаас нийгэм сэтгэлзүйн байдлын судалгааг авсан ба танхимаар эхлүүлэхийг 16 хувь нь дэмжиж, цар тахал гараагүй бүс нутагт 24 хувь дэмжсэн бол хязгаарлалттай байдлаар хичээлийг эхлүүлээч гэсэн нь 20 хувь гээд нийт хүүхдүүдийн 35 хувь нь дэмжиж, 45 хувь нь эргэлзээтэй хэмээсэн. Тиймээс БШУЯ-наас хоёрдугаар улирлын хичээлийг хоёрдугаар сарын 1-нээс зайн сургалтаар эхлүүлэх аж. 

Танхимын сургалтыг хэзээ эхлүүлэх эсэхийг УОК-т танилцуулж, ЗГ-ын шийдвэрээр гуравдугаар сарын 1-нээс байх уу, хоёрдугаар сарын 15-наас уу гэдгийг албан ёсоор олон нийтэд мэдэгдэх аж.