ПРОКУРОР Х.ӨРЕН ХОХИРОГЧ, ХЭРГИЙН ОРОЛЦОГЧДЫГ ЯС ҮНДСЭЭР НЬ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ БАЙНА

Нийгэм, Эдийн засаг
Өмгөөлөгч Ц.МОНГОЛ
 
Ховд аймгаас Баян-Өлгий аймаг руу явах замд  Саяси Нурболат гэгч нь 2020.08.29-ны өдөр замын хөдөлгөөний дүрэм зөрчин, хурд хэтрүүлэн замын хажууд зогсож байсан машиныг маш их хурдтайгаар мөргөж, уг машин 13 метр хол шидэгдэж, хүний амь нас хохироосон,  0-5 насны 3 хүүхэд, 1 том хүнд гэмтэл учруулсан  ноцтой гэмт хэрэг үйлдсэнийг Цагдаагийн газар мөрдөн шалгаж тогтоосон.
 
Гэтэл энэхүү хэрэгт хяналт тавьж байгаа Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен хохирогчын хүсэлтийг шийдвэрлэхгүй, 2020.11.05-нд 48-р тогтоол гаргасан гэх боловч хариу мэдэгдээгүй, нуун дарагдуулж хохирогчдын эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Тэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2.9-д “Эрүүгийн хэргийн оролцогч, гэрчийн олонхи байгаа газарт эсвэл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн хэргийн Шүүхийн харьяаллыг прокурорын саналыг үндэслэн Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн Танхимын тэргүүн өөрчлөн тогтоож болно” гэж заасны дагуу хэргийн харьяаллыг Дээд шүүхээр тогтоолгох үүрэгтэй боловч хоёр хохирогч, түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, хуульд зааснаар хариу өгөх үүргээ огт биелүүлээгүй, мэдэгдээгүй. Хамгийн гомдмоор зүйл нь бол хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тогтоолдоо “ ... холбогдох хэргийн хувьд хэргийн оролцогч гэрчийн олонхи нь Ховд аймагт байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул” С.Нурболат-д холбогдох эрүүгийн хэргийн харьяаллыг Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн Шүүхэд шилжүүлэх үндэслэлгүй байгаа гэж улаан цайм бичсэн байна. Гэтэл хохирогч “Э” нь 0-5 насны 3 хүүхдийн хамт болон хоёр гэрч Ховд аймагт байдаг болох нь хавтаст хэрэгт авагдсан тэдгээрийн мэдүүлэг, нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, Увс аймагт хохирогч “Э” болон иргэний нэхэмжлэгч, мөн 4 гэрч байгаа нь тогтоогдсон байдаг.  Хэргийг хянаж байгаа прокурор хүн ингэж бодит байдлыг илтээр үгүйсгэж байгаа нь санаатай үйлдэл мөн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл ганцхан яллагдагч л Баян-Өлгий аймагт амьдардаг. Прокурорын энэ илтэд худал дүгнэлт нь нэр бүхий хэргийн 9 оролцогч 0-5 насны 3 хүүхдийн, аав ээж, ах дүү төрөл төрөгсдийнх нь эрх ашгийг хохироосон, илтэд нэг талыг барьсан, эдгээр хүмүүсийг хэргийн оролцогч гэж үзээгүй нь хуулийн өмнө бүгд эрх тэгш байх хуулийн зарчмыг санаатайгаар зөрчиж, яс үндсээр нь ялгаварлан гадуурхаж, хүний эрхийн түгээмэл тунхаг, Монгол Улсын Үндсэн Хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, Прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн.   Хуулиа дээдлэн, хүний эрх, эрх чөлөөг хангах нь ардчилсан нийгмийн оршин тогтнох үндэс суурь юм. Хүний эрхийн гол зарчим бол хүний бие, сэтгэл, соёлын болон нийгмийн ялгаанаас үл хамааран бүх хүнд адил тэгш нөхцөл, боломж бий болгоход орших төдийгүй бүх төрлийн ялгаварлан гадуурхалтаас ангид байхыг Монгол Улс Үндсэн хуулиар тунхагласан.  Ялгаварлан гадуурхалт нь аливаа хүнийг арьс өнгө, хэл соёл, угсаа гарал, нас, хүйс, үзэл бодлоор нь ялгаварлан дайсагнах үзэл юм.
 
Монгол хэлний их тайлбар толинд дурдсанаар энэ нь бусдыг ялгавартай үзэх; гадуурхах; ад үзэх гэсэн утгыг илэрхийлдэг байна. Харин хууль зүйн утгаараа хувь хүнийг эсхүл хэсэг бүлэг хүмүүсийг дараах онцлог шинжээс нь хамаарч тэдэнд шударга бус, тэгш бус хандахыг “ялгаварлан үзэх үзэл”, “ялгаварлан гадуурхалт” гэдэг.
 
Хуулийн байгууллагын ямар ч ажилтан  ”Би хуулийн дагуу л ажилладаг” гэдэг. Харин “Би алдаа гаргасан, хууль  зөрчсөн” гэж хэлдэггүй. Гэтэл хүн л ажиллаж байгаа юм хойно үйл ажиллагааны явцад алдаа гардаг. Гэхдээ санаатайгаар байгаа зүйлийг , хавтаст хэрэгт бичгийн баримтаар тогтоогдсон, бүр хэргийн оролцогчдыг “оролцогч биш” гэж илтээр үгүйсгэсэн нь санаатай үйлдэл, ёс зүйн зөрчил, тангараг өргөсөн хуульчид байж боломгүй үйлдэл. Ялангуяа прокурорын байгууллага нэг талдаа ялладаг. Нөгөө талдаа хохирогчийн зөрчигдсөн эрхийг хамгаалдаг. Гэтэл Х.Өрен эсрэгээрээ, яллах ёстой этгээдийнхээ эрх ашгийг хамгаалж, хохирогчийг хохироож, хохирогчтой заргалдаад явж байгааг хэрхэн ойлгох вэ? Арай дэндэж байгаа юм биш үү? Тэр хяналтын процессд хэргийн оролцогчдын эрхийг хамгаалах, хэргийн харьяаллыг зөв тогтоох асуудал дээр ч гэсэн хяналт тавихаар хуульчлагдсан юм шүү дээ.
 
Тэгэхлээр, аливаа хүнийг ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхаж болохгүй гээд маш тодорхой  хуулийн заалт бэлээхэн бий. Дээрээс нь ялгаварлан гадуурхахын эсрэг конвенцид манайх нэгдсэн. Товчхондоо, ялгаварлан гадуурхалт хаана ч байж болохгүй. Ер нь хэн ч байсан  хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй л байх ёстой.
 
Прокурор хохирогчийн гомдол гаргах эрхийг ноцтойгоор зөрчин хэргийг Шүүхэд шилжүүлснийг мэдсэний дараа Шүүхэд гомдол гаргасан ба  Шүүх хэргийг “хохирогчийн хэргийн материалтай танилцуулаагүй, хүсэлтийг шийдвэрлэж тогтоолоо гардуулаагүй, иргэний нэхэмжлэлийг шийдээгүй” зэрэг үндэслэлүүдээр прокурорт буцаасан. Гэтэл Х.Өрен, яллагдагч нар үгсэн тохирсон мэт яг л адил төстэй гомдол гаргаж, Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь бус, хохирлыг барагдуулахгүй гэсэн санаагаар эсэргүүцэл , гомдол гаргаж байгаа нь Эрүүгийн хэргийг шийдвэрлэхгүйгээр хугацаа хожих гэсэн, мөн прокурор нь Төрийн нэрийн өмнөөс хохирогчийн эрх ашгийг хамгаалах байтал, эсрэгээрээ яллагдагчтайгаа нэгдсэн нөхцөл байдал нь түүнийг энэ хэргийг шударгаар шийдвэрлэж чадахгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхээр байна. Хохирогчийн хохирлыг Эрүүгийн хэрэгтэй нь хамт шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, хохирлын материалыг бүрэн бүрдүүлээгүй мөртлөө Шүүх бүрдүүл гэсэн Захирамж гаргахад эсэргүүцэж байгаа нь нэг талыг барьж хохирогчдыг хохироох гэсэн санаатай үйлдэл мөн. 
 
Х.Өрен нь өөрөө эмэгтэй хүн байж 0-5 насны 3 хүүхэдтэй хохирогчийг хохироож, хань нөхрийнх нь амь насыг хохироосон С.Нурболат гэх  этгээдийн тав тухыг хангаж алс холын Баян-Өлгий аймаг руу хохирогчдыг \очих боломжгүйг нь мэдсээр байж\ болон хэргийн олон оролцогчдыг олон удаа Шүүх хуралд явуулах гэсэн хүйтэн цэвдэг сэтгэл гарган ялгаварлан гадуурхаж, эрх тэгш байх зарчмыг зөрчиж байгаа үйлдэл нь саяхан Улсын Онцгой Комисс-оос дөнгөж төрсөн эхийг гэрийн углааштай нь өвлийн хүйтэнд гаргасантай адилтгамаар жигшүүртэй үйлдэл гэж үзэж байна. 
 
Эрх тэгш байх ойлголтын талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан. Энэ заалт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор оршин сууж байгаа бүх хүнд адилхан олдсон, ашиглаж, эдлэх ёстой боломж юм. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэдэг нь хууль тогтоох, шүүх засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аль ч хүний хувьд эрх, үүрэг, хариуцлага гэдэг гурван ойлголтыг ямар нэг ялгаваргүй тогтоох хэрэглэх үндсэн зарчим болдог. 
 
Улс хооронд ялтан солилцоход Эрх зүйн тусгай гэрээгээр зохицуулдаг, их ээдрээтэй асуудал байдаг. Гэтэл Монгол улс дотроо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу харьяаллыг шийдэх асуудлыг ингэж хүндрүүлж, яс үндсээр нь ингэж илтээр ялган  гадуурхаж, огт үндэслэлгүйгээр хэргийн 12 оролцогчийг хохироож тэдний  эрхийг ганцхан яллагдагч, хэрэгтний эрхээс доогуур тавьж байгааг ялгаварлан гадуурхсан, гэж үзэхээс өөр аргагүй. 
 
Хохирогчийн өмгөөлөгч би Х.Өренийг татгалзсан боловч Шүүх хүлээж аваагүй, Улсын Ерөнхий Прокурорын ёс зүйн хороонд хүсэлт өгөхөд шалгахгүйгээр, зөрчил гаргаагүй гэх хариу өгсөн. Х.Өрен нь одоо хохирогчдыг даажигнан өмгөөлөгчийг нь ёс зүйд өгнө гээд тохуурхаж байна. Хуулийн байгууллага нь хууль зөрчиж, хэргийн оролцогчдыг ялгаварлан гадуурхаж байгаа ажилтнаа үндэслэлгүйгээр хамгаалж байгаа тул олон нийтийн дэмжлэгийг хүсэж та бүхэнд хандаж байна. Бидэнд хууль зөрчсөн, хүний эрх зөрчсөн албан тушаалтан бүр хариуцлага хүлээлгэдэг тийм тогтолцоо амин чухал. Иймд Х.Өренийг огцруулж, хариуцлага тооцуулах ёстой. Эрүүгийн хэргийн харьяаллыг Улсын дээд Шүүхээр тогтоолгох ёстой.
 
Монгол Улсын Ерөнхий­лөг­чийн зарлигаар баталсан прокурорын ёс зүйн дүрмийн 3.1-д  прокурор нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч, түүний өмгөөлөгчтэй харилцахдаа ямарваа ялгавартай байдал гаргахгүйгээр тэ­дэнд хүндэтгэлтэй хандаж тухайн хэргийг шударга зөв шийд­вэр­лүү­лэх итгэл үнэмшлийг төрүүлж чадахуйц мэдлэг, харилцааны соёлтой гэжээ. Хаана байна тэр шударга ёс нь?  Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг Прокурор нь хэрэгжүүлэхгүй юм бол өөр хэн хэрэгжүүлэх вэ?