НИЙСЛЭЛИЙН НАЙМАН БАЙРШИЛД АГААРЫН БОХИРДОЛ БАГА БАЙНА

Нийгэм, Эдийн засаг
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 07:00 цагийн байдлаар ихэнх байршилд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 103-169 байна. Тодруулбал, нийслэлд байрлах агаарын чанарын мэдээллийн 12 хэсгээс Баянхошуу, МҮОНРТ, Толгойт, Амгалан зэрэг найман байршилд агаар бага бохирдолтой байна. Харин Нисэх, Мишээл экспо, 100 айл, Бөхийн өргөө орчмын агаар хэвийн буюу чанарын индекс 85-97 гарчээ.
Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна. Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг.