СӨХӨРЧ БИШ СӨРЖ Л ЯВАА БУУРАЙ

Нийгэм, Эдийн засаг
Монгол Улс дотооддоо Govid -19 халдвар бүртгэгдсэн өдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс эхлэн хэд хэдэн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг хязгаарласан билээ. Тэгвэл 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс ТҮЦ нээгдэж тэд өдрийн орлоготойгоо залгасан. Жиндүү өвлийн хүйтэнд амин зуулга болж байсан худалдаа маань 60 хоног зогсчихоор “жинхэнээсээ туйлдлаа” шүү хэмээн халагласаар угтсан, 76 настай Бүжинлхам гуай 2015 онд 36 сараар тэтгэврийн зээл авч долоон сая төгрөгөөр ТҮЦ худалдан авч худалдаа үйлчилгээ эрхлэх гараагаа эхэлж байжээ.
 
Эхний жилүүдэд бараа ихтэй, үйлчлүүлэгч ч олонтой, ёстой “бурзайна” гэгч болж байв. Гэвч хүний амьдрал санаснаар болдоггүй болохоор /одоогийн/ МУБИС-ийг улаан дипломтой төгссөн амин хайртай хүү нь цус харваж, охин нь савны хорт хавдраар өвдөөд нэг л өдөр амьдрал нь орвонгоороо эргэх шиг болж, яаж амьдарна аа гэсэн бодол толгойд нь зурсхийх шиг болсон гэдэг.
 
Гэлээ гээд Бүжинлхам гуай өвдөг сөхрөөгүй, өөрийг нь гэсэн түмэн олны хайр ивээл дор гал алдалгүй тоотой хэдэн бараагаараа өнөөдөр ч амьдралаа залгуулаад явж байна. Эл буурайг сайхан зантай болохоор тэр хавийн оршин суугчдаас эхлээд хорооных нь ажилтнууд хайрлаж, хүндэлж, тусалж дэмжих дуртай юм билээ. “Намайг хааяа харагдахаа байчихаар эмээ маань хаачив аа. Та бие муутай хүн эрсдэлд орчих вий гээд дор бүрнээ санаа нь зовдог.
 
Энэ бүхэн надад өглөг өгснөөс илүү сэтгэлийн дэм болдог. Гэлээ гээд би бусдаас үнэгүй юм хараад зүгээр суухыг боддоггүй, орлого багатай ч ТҮЦ-ээ ажиллуулж олонтойгоо бужигнаж байх нь хөдөлгөөн эрүүл мэнд болж, өвчнөө ч мартдаг хэмээн” хуучилсан. Өнгөрсөн жилээс коронавирус гээд өдрийн орлого нь урьдынхаас багасчээ.
 
Гэвч амьд хүн аргатай гэдэг шиг тэрбээр хүний бараа зарж өгч, өдөрт 10000- 15000 төгрөг олдог байна. Хамт амьдардаг хүү маань 350000 төгрөгийн халамжаараа эм тариагаа авна. Бие муутай ч хүү нь ээждээ гадаах цасыг нь арилгаж,ойр зуурын барааг нь зөөхөөс эхлээд их тусална.
 
Бүжинлхам гуай хоёр удаа жижиг дунд төслийн зээлэнд ороод бүтэхгүй болохоор ТҮЦ-ээ зогсоочихгүйн тулд хувь хүнээс өдрийн арван хувийн хүүтэй мөнгө зээлджээ. Заримдаа дампуурна, заримдаа гайгүй гээд хүн амьд явахын тулд ихийг үздэг юм байна, насаараа л сайхан явах юм шиг бодож явлаа хэмээн нулимс дуслуулсан. Нөгөө талаас хүүхдүүд маань яагаад хүнд өвдөв гэдгийг өдөр бүхэн бодож гутарсаар байгаад тэрбээр долдугаар сард мөн л цус харважээ.
 
Гэсэн ч сэтгэлийн хатаар амьдралтай тэмцсээр өнөөдөр гайгүй болчихоод сууж байгаа нь энэ аж. Бүжинлхам гуай Баянхонгор аймгийн уугуул. Анх нутгаасаа хотын хүн болж ирээд яслид цэвэрлэгчээр орсон. Удалгүй дарга удирдлагадаа сайшаагдан сайн ажиллаж хажуугаар нь / тухайн үеийнхээр/ ТИС-ийн нийтийн хоолны ангид оройгоор сураад мэргэжилтэй болов. Энэ үе түүний ажиллаж хөдөлмөрлөх эрмүүн эрч хүч, сайхан он жилүүд байсан гэдэг. Сургуулиа амжилттай төгсөөд “Монгол” хоолны газарт долоон жил ажиллажээ.
 
Энд 18 аймгаас ирсэн мах, цагаан идээг өглөө эрт зарна, сайхан хоолтой болохоор тамирчид их орно. Өглөө 006.00 цагт хамгийн эхний автобусаар ажилдаа ирж, шөнийн 12.00 цагт бууна. Хариад унтахгүй ээ, хичээлээ уншина, маргаашийнхаа хоолны цэсийг гаргана гээд Бүжинлхам гуай өглөөнөөс үдэш хүртэл өчүүхэн ч чөлөө завгүй.
 
Нэг удаа ажилдаа ядарсан юм болов уу даа өвгөнөө Орост сурч байгаад амралтаараа ирэхэд нь “Би тогооч болж чадахгүй юм шиг байна аа” гээд уйлж байлаа хэмээн дурссан. Дараа нь тэрбээр “Нэгдэлчин” зочид буудалд тогоочоор очжээ. Энэ буудалд Оросууд их байрлана.
 
Гэвч мэргэжлийн ажил учраас яаж ийгээд л хэл үгээ ойлголцчихно гээд түүнд залуу насны ажил амьдралын сайхан дурсамжууд олоон олон. Улам л ажилдаа гаршиж туршлагажаад хөдөө аж ахуйн мастер тогооч болоод, Герман улсын нэгэн амралтын газар нэг тогооч, нэг зөөгч хоёрыг авч явж дадлагажуулжээ. Ингэж 29 жил “Нэгдэлчин”, “Мандухай” зочид буудалд ерөнхий тогооч, буудлыг эрхлэгч хавсарч хийж байгаад 1990 онд дөрвөн хүүхдээрээ насныхаа тэтгэвэрт суусан. Мөн л Урт цагаанд 700 метр квадрат оёдлын үйлдвэрийн байрыг хүүхдүүдийн хамт засч янзалж хоол хийгээд нэг сарын дараа баар, цайны газар, биллиардтай болов.
 
Ийн шинэ ажил нь ид сайхан ундарч байтал “Жуулчны гудамж” болно гэхээр нь дахиад л тогоо, шанагаа зөөгөөд гуравдугаар хороололд дэлгүүрийн үүдний хэсгийн талбайг түрээслэн, хуушуур хийжээ. Тендерт оролцож шалгараад дээд сургуулийн цайны газар таван жил ажилласан. Ийнхүү тогоочоор ажиллаж байхдаа дэндүү сайхан байсан ч эдүгээ насны эцэст дутагдаж гачигдахын зовлонг үзэж л явна. “Гэхдээ хүн ажлыг голохгүй хөдөлж л байвал эрүүл байна, төр улс минь тогтвортой байвал болох нь тэр ээ” гэсэн Бүжинлхам гуайн өөдрөг сайхан үгээр өндөрлөе.
 
Д.ГЭГЭЭ
 
2021 оны нэгдүгээр сарын 26. Мягмар. №008 (5413)
#МонголынМэдээСонин #ИймНэгэнАмьдрал