НИЙТИЙН БАЙРНААС COVID-19-ИЙН ЗУРГААН ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ

Нийгэм, Эдийн засаг

Эрүүл мэндийн яамны /ЭМЯ/ өнөөдрийн /2021.01.25/ 11:00 цагийн мэдээнээс хойш 12 тохиолдол бүртгэгдсэний зургаа нь нийтийн байрнаас бүртгэгджээ. Сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байгаа Covid-19 халдварын тохиодлуудын ихэнх нийтийн байрнаас илэрч байгаа юм.  Тиймээс маргаашаас эхлэн  нийтийн байранд амьдардаг иргэдийг шинжилгээнд хамруулахаар болжээ.

2019 оны байдлаар нийслэлийн хэмжээнд 648 объектод нийтийн байрны үйлчилгээ эрхэлж байгаа гэсэн тоо бий. Нэг нийтийн байранд хамгийн багадаа 20 айл байдаг гэж үзвэл 13000 орчим айл өрх оршин сууж, аж төрж байна.

Нөгөөтэйгүүр нийтийн байрны орчин нөхцөл, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байх ёстой ч бодит байдал дээрээ эсрэгээрээ байдаг. Мэргэжлийн хяналтын байгууллагын тодорхойлсноор хүний амьдрах орчин 18 ам.метрээс багагүй байх ёстой ч  ихэнх нийтийн байрны нэг өрөө 12-15 ам.метр  байдаг аж. Дашрамд дурдахад, өчигдөр Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нийтийн байрнаас халдварын есөн  тохиолдол илэрсэн. Халдварын батлагдсан тохиолдол өвчнийхөө нууц үед тухайн байранд очсонтой  холбоотойгоор дээрх есөн тохиолдол илэрсэн байна. Тиймээс Баянзүрх дүүргийн Онцгой комиссын зүгээс тухайн байрны иргэдийг яаралтай шинжилгээнд хамруулах  үед дээрх 12 тохиолдол бүртгэгджээ.