ЭМЯ-НЫ НЭГ АЖИЛТАН КОРОНАВИРУСНИЙ ХАЛДВАР АВЧЭЭ

Нийгэм, Эдийн засаг

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Нэгдүгээр сарын 25-ны 11:00 цагийн байдлаар 7065 хүнд шинжилгээ хийхэд 16 хүнээс коронавирус илэрчээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Шинээр бүртгэгдсэн 16 тохиолдлын тухайд өмнө нь тусгаарлан ажиглах байранд байсан хүмүүсийн хоёр, гурав дахь давтан шинжилгээнээс болон БЗД-ийн 2-р хорооны 4, 5, 8-р хэсгийн голомтод бүртгэгдсэн өвчлөлүүд байна. Мөн Эрүүл мэндийн яамны нэг ажилтан халдварт өртсөн. Эрүүл мэндийн яамны ажилтнууд болох 128 хүнийг шинжилгээнд хамруулахад урьдчилсан байдлаар халдвар илрээгүй ба 5 хүнийг ажиглан тусгаарлах байранд, 28 хүнийг гэрийн ажиглалтад шилжүүллээ. Сүүлийн тохиолдлуудаас БГД-ийн 12-р хорооны 19-р байр, БЗД-ийн 2-р хорооны голомтын өвчлөл идэвхжилтэй байна. Эдгээр голомтоос 11 хүн халдвар авсан нь тогтоогдсон. Хөдөө явахаар шинжилгээ өгсөн хүнээс халдвар илэрлээ. Тухайн хүн батлагдсан тохиолдолтой хавьтал болсон байсан" гэв. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1643 болж, эдгээрийн 1169 нь эдгэрч, эмнэлгээс гарсан бол 461 хүн эмчлүүлж байна. 

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлын тухайд хөнгөн 412, хүндэвтэр 44, хүнд 4, маш хүнд 1 хүн байгаа ажээ.