НӨАТ-ЫН СУГАЛААГ БОЛИУЛАХ САНАЛ ХҮРГҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ

Нийгэм, Эдийн засаг

Шударга, өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас өчигдөр (2021.01.25) НӨАТ-ын сугалааны тохирол явуулах ажилд хяналт хийжээ. 

Тус газраас НӨАТ-ын сугалаа шударга явагддаг эсэхэд Стандарт хэмжил зүйн газар, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтарсан ажлын хэсэг байгуулж, хяналт, шалгалтын ажлыг эхлүүлсэн. Мэдээлэл технологийн (IT) болон урьд нь их хэмжээний мөнгө хожсон, олон удаагийн азтан болсон хүмүүсийг шалгах ажлыг мөн явуулж байгаа юм. Энэ 7 хоногт хяналт шалгалтын дүн нэгтгэгдэн эцэслэгдэх ажээ.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ энэ талаар "Шалгалтын дараа бид Монгол Улсын Шадар сайдад хяналт, шалгалтын дүнг нэгтгэн хүргүүлнэ. Мөн НӨАТ-ын сугалааг болиулах саналаа хүргүүлнэ. Анх НӨАТ-ын хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хөшүүрэг болгох зорилготой байсан бол тодорхой цаг хугацааг туулж, хангалттай үр дүнг өгсөн гэж харж байна. Мөн тус сугалаанаас үлгэрлэн нийгэмд, ялангуяа сошиал орчинд их хэмжээний азтан шалгаруулах сугалаа явагдах болсон бөгөөд Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна. Маш олон иргэн хохирч байна" гэлээ.