Өнгөрсөн өдрүүдэд ууланд аялж байсан 1900 иргэнийг буулгажээ

Нийгэм, Эдийн засаг

Сүүлийн 10 хоногт агаарт гарч, аялал хийж байсан 1900 орчим иргэн, 1130 автомашиныг байгаль хамгаалагчид хөдөлгөөнийг хязгаарлан уулнаас буулгаж буцаажээ.

Хуурайшилтын үе буюу зургадугаар сарын 10-ныг хүртэл зусландаа байгаа иргэд Засаг даргийн захирамжийг зөрчихгүй байхыг анхаарууллаа. Нийслэлийн ногоон бүсэд 5000 га газар ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг иргэдэд өгч хариуцлагатай байхыг анхааруулж гарын үсэг зуруулжээ. 

Хаврын хуурайшилттай байгаа үед Засаг даргын захирамжаар иргэдийн хийж болох, болохгүй зүйлийг тодорхой тусгасан байгаа ба хуурайшилтын үе буюу зургадугаар сарын 10-ныг хүртэл аялал хийхийг хориглосон юм. Зөрчил гаргасан иргэнд эхний удаад сануулна. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол зөрчлийн хуулийнхаа дагуу 150 мянган төгрөгөөр торгоно. Тиймээс байгаль хамгаалагчийн шаардлагыг зөрчвөл торгуулна гэдгийг албаныхан хэллээ. Ингэхдээ байгаль хамгаалагчид "Түймрийн баталгаа" гэх маягтыг биедээ авч явж байгаа ба иргэн зөвлөмжийг хүлээн авч гарын үсэг зурчихаад зөрчвөл зөрчлийн дагуу арга хэмжээ авах юм. 

Гагнуур хийж байхад нь сануулаад эргэтэл дахин гагнуур хийгээд гал алдсан хэрэг саяхан гарсан. Тиймээс эхний шаардлагыг л хүлээж аваад зөрчлийн үйлдлээ зогсоохыг анхаарууллаа.

Хэрэв иргэн түймэр гаргавал 150-300 мянган төгрөг, ААН 1,5-3 сая төгрөгөөр торгуулна. Санамсар болгоомжгүйгээс болж хүний амь нас, эд хөрөнгөд онц их хэмжээний хохирол учруулбал эрүүгийн тухай хуулинд 5 жил хүртэлх хорих ялтай, санаатайгаар үйлдвэл 5-12 жилийн ял хүлээхээр байдаг.