ХОТОО УДИРДАЖ ЧАДАХГҮЙ МЭЭР, ЭМНЭЛГҮҮДЭЭ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛСЭН ДАРГА ХОЁРООС САЛМААР БАЙНА

Улс төр

Нийслэлд коронагийн халдварын голомт улам хүрээгээ тэлж, байгаа хэдэн эмнэлэг нь бараг л үүдээ барьчихаад байхад Хотын даргын бараа ч харагдахгүй, үг нь ч сонсогдохгүй байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Хүч үзэж барилдах гээд дэвээд гарч ирж чаддаг байсан хүн өнөөдөр цар тахлын өмнө иргэдээ хаян нуугдаж байгаа нь дэндүү арчаагүй дүр зураг. Тэрбээр нийслэлийн бүх л голомт, өвдсөн халдвар авсан, тусгаарлагдсан иргэдийнхээ байгаа газарт очиж ажиллах ёстой. Байгаа байдлыг үзэж харж, шаардлагад нийцүүлэх үүрэг хүлээсэн их Хотын Захирагч хүн. Гэтэл орлогчоо урагш түлхэж, нохойд барьдаг мод мэт хаячихаад өөрөө таг чиг яваад нь харамсч байна. Төр түших их үүргээ хот удирдах том албаар солих хувилбар бол Таны сонголт. Сонгинохайрханыхан Таныг төр түшилц гэж итгэл үзүүлсэн болохоос биш “Хот удирд” хэмээн саналаа өгөөгүй. Тэд Таны мэдлэг, чадварыг дэндүү сайн мэддэг байж. Таны чадал, мэдлэг, цараа даанч жижигдээд байгааг олон олон баримт харуулж өглөө. Цаана чинь иргэн, энэ хотын нэгээхэн хэсэг хохирч байна...

Дөнгөж амаржсан эхийг өвлийн хүйтнээр халат, углааштай нь хүйтэн фургонд суулган тээвэрлэсэн асуудалд олон нийт шүүмжлэлтэй хандаж, Шадар сайд уучлал гуйж, хариуцлага тооцохыг үүрэг болгов. Энэ дагуу Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан салбарынхаа удирдах ажилтнуудтай шөнө дөлөөр хуралдаж, хариуцлага ярьсан. Гэхдээ одоогоор хэнд ямар хариуцлага тооцсон нь   тодорхойгүй байна.

Нэн тэргүүнд хариуцлага яригдах ёстой хүмүүс бол эх, нярайг эмнэлгээсээ гаргаж өгсөн Өргөө төрөх эмнэлгийнхэн юм. Эх сурвалжийн мэдээллээр тус эмнэлгийн тархвар судлаач Э нь "Халдвар илэрсэн эхийг хурдан буулгаж ир" гэдэг үүргийг эх баригчдаа өгч, тэр дагуу эх, нярайг яарч сандран дээд давхраас буулган ирж, машинд суулгажээ. Энэ үйл явдал болох үед төрөх эмнэлгийн дарга Г.Баясгалан ажлын байрандаа байсан боловч уг үйл явдалд оролцоогүй байна. Уг нь эмнэлгийн дарга хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллах ёстой байлаа.

Тус эмнэлгийн дарга нь Г.Баясгалан  эмэгтэй. Тэрбээр жил гаруйн өмнө ажлаасаа халагдсан ч шүүхэдсээр, албан тушаалдаа эргэн ирээд сар орчим хугацаа болж байгаа аж. Тодруулбал, 2018 он буюу өдгөөгөөс гурван жилийн өмнө Өргөө амаржих газрын Нярайн тасгаас нярайд нэн яаралтай амьсгалын аппарат, нярайн шарлагын тоног төхөөрөмж зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд алга болсон асуудал гарч, нийслэлийн Эрүүл мэндийн газраас Г.Баясгалан даргад цалингийн хувь бууруулах сахилгын арга хэмжээ авсан байдаг.

Үүний дараа мөн л тус эмнэлэг нярайн шарлагын аппаратаар үнэ төлбөртэйгээр нярайд үйлчилж байсан нь ил болж, олны шүүмжлэл дагуулж, аппаратыг үнэ төлбөргүй болгож байсныг санаж байна.

Өмнө олон удаагийн асуудалд холбогдон, шүүмжлэл дагуулсан Г.Баясгалан дарга өчигдөр ч ажилдаа хайнга хандаж, дөнгөж төрсөн эхийг өвлийн хүйтнээр халат, углааштай нь эмнэлгээс гаргаад, хүйтэн машинд суулгаад явуулчихсан. Тиймээс хариуцлага үүрэх ёстой хүний нэг яах аргагүй Г.Баясгалан мөн. 

Нөгөө талаас Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад халдвар хамгаалллын дэглэм зөрчигдөж, эмнэлэг дотроос халдвар тархаж байхад, эмнэлгийн үйлчилгээ авахаар ирсэн иргэн УБ хот руу орж чадахгүй 22-ын товчоон дээр амьсгал хураахад яаралтай тусламж үзүүлээгүй нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар хариуцлага хүлээх цаг нэгэнт болсон. Мөн ч их тэслээ. Хэний хаацайлал өмгөөлөлд байдаг байлаа ч НЭМГ-ыг толгойлж байгаа энэ хүн ажлаа өгч, мэддэг, чаддаг сэтгэлтэй хүнийг томилох хэрэгтэй, Хотын дарга аа.

Мөн халдвартай иргэнийг зөөвөрлөн тээвэрлэх ажлыг хариуцдаг ХӨСҮТ-ийн баг ажилдаа хайнга хандаж, эхэд хүнлэг бус хандсан нь яалт ч үгүй ХӨСҮТ хариуцлага үүрэх шалтгаан яах аргагүй мөн шүү. 

“НОХОЙ СҮҮЛЭЭ, СҮҮЛ САНГАРЦГАА” гэдэг шиг хэдэн эмч, сувилагч нарыг идэх хоолноос нь салгаад өнгөрөх вий дээ. Удирдах гэдэг бол ухаан, эрдэм, чадал. Тэгэхээр ухаангүй ноён нь, урагшгүй албаттайгаа хамт хариуцлага хүлээх цаг нь болжээ.