ӨГЛӨӨ НҮД НЭЭНГҮҮТ ӨР ЗЭЭЛ НЭХЭЭД, ХООЛОЙДОО ХУТГА ТУЛГУУЛСАН ЮМ ШИГ Л АМЬДАРЧ БАЙНА

Нийгэм, Эдийн засаг

Бид төр засагтаа итгэх итгэлгүй болж байна. Өөрсдөө бизнес хийж үзсэн хүн бол хэзээ ч худалдаа наймаа, бизнес эрхэлдэг энгийн ард түмнээ ийм хүнд байдалд оруулахгүй байсан. Бид олон сар түрээсийн төлбөр, банкны зээлийн дарамтад орж яахаа ч мэдэхгүй байна. Би өвлийн хувцсаа авсан үнээсээ ч доогуур худалдаад  хамаагүй зээлээ төлөхийг чармайж байгаа. Гэтэл аль ч банк ялгаагүй зээл төлөлт хийх өдөр өршөөлгүй залгана. Өглөө нүд нээгээд л залгана. Орой унтах цаг болсон ч залгана. Өнөөдөр ийм дарамтад ороогүй бизнес эрхэлдэг хүн тун цөөхөн л байгаа болов уу. Манай "Sun­day Plaza" худалдааны төвд 900 орчим лангуунд давхардсан тоогоор 1500 орчим иргэн өдрийн орлогоороо амьжиргаагаа залгуулдаг байсан. Өнөөдөр тэд бүгд л орлогогүй болсон. Энэ хүмүүс багадаа нэг, байг гэхэд хоёр хүүхэдтэй байгаа. Ингээд бодохоор 4000 орчим хүний амьдрал яригдана. Энэ мэтчилэн томоохон зах худалдааны төвд худалдаа эрхэлдэг хүмүүсийн амьдрал өнөөдөр дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, хоолойдоо хутга тулгуулсан мэт л байна. Банк, банк бусаас зээл авахаас гадна өдрийн зээл авсан ч хүмүүс байгаа. Тэд байгаа бүхнээ барьцаанд тавьсан. Тэр хүмүүсийн хувьд асуудал бүр ч хүнд байгаа. Бид өнөөдрийг хүртэл төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэж дуугүй байсаар ирлээ. Цаашид бид амьдрахын тулд дуугарахаас, тэмцэхээс өөр аргагүй боллоо. Худалдаа эрхлэгчид бид групп чаттай. Тэр чатанд өрнөж байгаа асуудлын 80-90 хувь нь банк, зээлтэй холбоотой байна. Бид бодит байдлыг ойлгож, хүлцэнгүй хандсан. Одоо бид өр зээлийн дарамтаас гарч, идэх хоолтойгоо байхын тулд тэмцэхээс өөр аргагүй боллоо. Бид өвлийн зарагдаагүй хувцас, өр зээлтэй л үлдлээ. Дараа жилийн өвлийг хүлээгээд суух юм уу. Одоо яаж хаанаас мөнгө олж, дараагийн улиралд зарах бараагаа татах билээ. Бид үнэхээр туйлдаж байна” хэмээн тус худалдааны төвд бизнес эрхлэгч Т.Отгонсүрэн хэллээ. Худалдаа эрхлэгчдийн бодит байдал ийм л байна. Эцэст нь Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэр гаргах түвшинд ажиллаж, бодлого тодорхойлогчдод ийнхүү худалдаа эрхлэгчид үгээ дайсан юм.