“ЖАРГАХ ЗАМЫН САДАА ЖАРТГАР” ЖАЛТАНГЭРЭЛ

Нийгэм, Эдийн засаг
 
Манай Үндэсний телевизийн мэдээллийн “ММ” агентлагийнхан, одоо бол хоёрдугаар сувгийнхан гэх юм уу даа, парламентын сурвалжлагч Ж.Алтангэрэлийг ийн “УИХ-ын 77 дахь гишүүн, Жалтангэрэл” гэж нэрлэцгээнэ. За бүр, нэгэн цагийн ахлах редактор, найруулагч бид бол “Жаргах замын садаа, жартгар Жалтангэрэл” гэнэ. Хэргийн учир нь УИХ-ын нэгдсэн, байнгын хороодын хуралдаан сунжраад оройтох нь бий. Шугаман монтажаар “Цагийн хүрд” өрдөг байхад утасдаад л “Төрийн ордны сурвалжлага хэдэн минут болох юм” гээд хамгийн эхэнд зай үлдээгээд бусдыг нь өрдөг байсан л даа. Ингэж удаж, хойш татдаг болохоор нь ийн “Жаргах замын садаа...” гэж байгаа нь тэр.
Ингэж байтал л мань хүн унаа дуудаад л давхиж ирнэ дээ... Нэг хар цүнх ууцан дээрээ тохчихсон, үл ялиг далжийгаад, аман дотроо ямар нэг уншаад ч байгаа юм шиг, эсвэл дуу аялж байгаа ч юм уу гэмээр алхалсаар ирэх. Өөдөөс нь хэн нэгэн таарвал амаа том гэгч ангайн инээгээд, мөрөн дээр нь алгадаж ч магадгүй “юу байна...хөгшөөн” гэсээр зөрж одно. Цүнхээ ууцан дээрээ тохчихсон гэхийн учир нь тэр цүнхийг зүгээр нэг үүрч юм уу, хажуудаа барин явна гэж байхгүй, ар ууцан дээрээ тавьчихсан явдгаас тэр.
 
Орж ирээд текст бичнэ энэ тэр гэж цаг үрэн суухгүй. Шууд л дуу оруулах өрөөнд ороод халааснаасаа олон эвхсэн цаас гаргаж ирээд текстээ уншина. Тэгээд гарч ирээд өнөөх дарга нар, УИХ-ын гишүүдийн яриа синхроныг дунд нь тасалж оруулаад л бол оо....
 
Тэр цаасан дээр нь түүний уншаад байгаа тэр текст гэж бүрэн бүтэн бичвэр байхгүй шүү дээ. Энд тэнд нь морь, морины толгой зурчихсан, тэгээд захаар нь дугуйлж хүрээлж байгаад дотор нь жирийсэн нарийн, барагтай хүн гаргахааргүй бичгээр бичсэн хэд гурван өгүүлбэр. Нөгөө буланд нь бас ийм ганц нэг өгүүлбэр. Үүнийгээ эргүүлж, тойруулж байгаад л текст болгоод, дуу оруулчихна.
 
Ер нь Алтангэрэл ямар ч хурал цуглаан яриан дээр суусан тэмдэглэлийн дэвтэр хэрэглэнэ гэж байхгүй, бичгийн цаас нугалаад л морь зурж суух...Тэгснээ өмнө хэлсэн шиг ганц нэг өгүүлбэрийг энд тэнд нь бичээд тойруулан хүрээлэх...
 
Энэ бол нэг талаас асуудлаа сайн мэддэг хүний шинж, нөгөө талаас ой сайтай, мэдээ сурвалжлага авч байхдаа юуг аль талаас нь яаж үзүүлэх, дурдах гэдгээ сайн тодорхойлж, яриа синхроноо оновчтой авдаг чадвартай нь холбоотой л доо.
 
Өнөөдөр бол мэдээ сурвалжлагынхаа текст бичвэрийг Төрийн ордонд сэтгүүлчдийн өрөөнд суугаад биччихдэг, заримыг нь тэндээсээ шууд дамжуулчихдаг болсон. Ажил дээрээ оройтоод очсон ч монтаж шугаман бусаар явдаг болохоор хэдий ч хэмжээний суралжлагыг хаана нь ч оруулчихаж болдог болсон гээд техникийн дэвшил нэвтэрсэн л болохоос биш Алтангэрэлийн ажил яг л хэвээрээ. Өглөө Төрийн ордонд орж ирээд л нэгдсэн чуулган, байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаан, УИХ-ын гишүүдийн өрөөнүүдээр дамжин гүйх...гээд.
 
Яг ийм давтамжтайгаар энэ хүн 25 жил ажилласан байхад, түүний ажил амьдралд туршлага л хуримтлагдсанаас биш нэг их том өөрчлөлт, дэвшил гараагүй л байна.
 
“Парламентын сурвалжлагч” гэдэг ажлыг тэрбээр зарим нэгэн шиг шат ахиж дэвших, хэн нэгэн дарга албан тушаалтны хажуу бөөрөнд наалдах хэрэгсэл болгосонгүй өнөө хүрсэн.
 
Хэд гуравхан жил ийм үнэмлэх өвөрлөж Төрийн ордноор гүйж, цайны газар, баруун зүүн жигүүрт байдаг кафед сууж байгаад нэг мэдэхэд л нэг яамны хэвлэлийн төлөөлөгч, сайдын туслах болчихсон байдаг хүн алийг тэр гэхэв. Манай Алтангэрэлд ийм зан ёстой байхгүй. Иймдээ ч тэр яг л 25 жилийн турш нэг л жимээр явж, нэг л цэг дээрээ байгаа. Мэдээллийн агентлагийн хувьд ч энэ нь, ийм дадлага туршлагатай хүн байсан, байх ёстой байрандаа байх нь ашигтай.
 
Манай Алтангэрэлийн бас сайхан чанар нь зарим нэгэн шиг улстөржиж ямар нэгэн зүйлд туйлшрахгүй, зүгээр л мэдээллийн агентлагийн сурвалжлагч. Яахав, телевиз нь, тэр дундаа мэдээллийн агентлаг нь эрх барьж байгаа намын, Засгийн газрын хараат юм болохоор телевизийн даргаас, агентлаг, сувгийн удирдлагаас “Үүнийг ингэ, түүнээс ийм яриа ав” гэсэн даалгавар бол байхаас яахав, гүйцэтгэхээс ч яахав. Бусдаар зарим нэгэн шиг сенсаац, дуулиан хөөж, энэ тэрнээс элдэв яриа авах гэж гүйхгүй.
 
Зарим телевиз, сонины сурвалжлагч шиг хэн нэгнээс яриа авч байгаа хүн рүү ялаа шиг шавж байж яриа синхрон авахгүй. УИХ-ын аль ч гишүүнээс яриа, сурвалжлага авах бол өрөө тасалгаанд нь очоод л авна.
 
Долоо дахь парламентдаа тогтвор суурьшилтай, ахин дахин “сонгогдон” ажиллаж байгаа түүнийг УИХ-ын 77 дахь гишүүн хэмээж, төрийн түшээд ч огт өөрөөр, хүндэтгэлтэй хандаж, ярих яриагаа цэгнэж, яриа суралжлага авъя гэхэд нь учир зүггүй татгалзаад байхгүй. Иймдээ ч тэр хэрэгтэй гэсэн мэдээлэл, мэдээ сурвалжлагаа бусад сурвалжлагчдаас урьтаж олж авдаг давуу талтай.
 
Ийнхүү Худалдааны техникум төгсөн, сэтгүүлч сурвалжлагч болох сонирхолдоо хөтлөгдөн тухайн үеийн төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины шавь сургалтад сууж сэтгүүлзүйн ланжгарууд болох Ц.Балдорж, Б.Лигдэн нарын гараар орж, мэдээ сурвалжлагын текст бичиж явсан өөлд түмний тасархай, Архангай аймгийн Өлзийт сумын харьяат энэ залуу Төрийн ордны баруун хойд хаалганы босгыг 26 дахь жилдээ элээж байгаа нь энэ дээ.
2021 оны нэгдүгээр сарын 18. Даваа. №005 (5410)