ШАЛТАГ, ШАЛТГААНААР ӨӨРИЙГӨӨ ХААЦАЙЛАН, ХАРИУЦЛАГААС МУЛТАРЧ ЯВАА Л.ТӨМӨРБААТАР

Нийгэм, Эдийн засаг
 
Коронавирусийн халдвар идэвхжсэн энэ үед Нийслэлийн эрүүл мэндийн газар үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн мэдээлэл хийх үеэр НЭМГ-ын газрын дарга гэх нөхрийн гэгээн дүрийг харахаас өөр хийсэн, хийж байгаа оновчтой ажил алга. Яагаад гэвэл, энэ хэцүү хүнд цаг үед хамгийн хариуцлагатай, хамгийн шуурхай байж хүн амын олонхи амьдарч буй нийслэлийнхээ иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах учиртай байгууллага нь НЭМГ. Гэтэл нийслэлд тархаж буй коронагийн халдвар улам идэвхжсээр, тархсаар байна.
Яг үнэнийг хэлэхэд халдвар тээгч хаана, хэд байгааг тодорхойлох ямар ч боломжгүй болчихсон нь бодит үнэн. Учир нь нийслэлд байгаа зарим эмнэлэг, байгууллагаас үүдэлтэй халдварын тохиолдлын цар хүрээ тэлээд байхад НЭМГ-ыг толгойлж байгаа Л.Төмөрбаатар гэгчийг ажил үүргээ хийж чадаж байна гэж хэлэх үндэслэл алга. Нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Ачтан эмнэлэг халдварын том голомт болчихлоо.
Дээрээс нь нэмээд ХӨСҮТ болон ХСҮТ, за тэгээд өчигдөрхөн Нэгдүгээр эмнэлэг буюу УКНЭ-т халдвар бүртгэгдлээ. Эдгээр эмнэлэг халдварын хамгийн том, хамгийн замбараагүй голомт гэдэг нь ил харагдаж байхад НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар гэгч хүн ямар хариуцлага хүлээж, юу хийж байгааг ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Амаржаргалаас асуумаар байна. Хүмүүс холхисон хүнсний зах, дэлгүүр, баар, ресторанаас халдвар голомтлоогүй. Хүн ардынхаа эрүүл энхийг сахин, хамгаалах учиртай эмнэлгүүд нь халдвар түгээдэг голомт болсонд асуудлын гол нь байгаа юм.
НОК дээр асуудлыг сөхөж, хаана хариуцлага алдсан, хойшид хэрхэх тухай яриа үүсэнгүүт Л.Төмөрбаатар өөрийгөө хамгаалах өчнөөн шалтаг тоочдог нь баг хамт олноор ажиллаж байгаа нөхдийгөө цөхрөөж байгаа гэдэг. Өөрийгөө өмгөөлж, өчүүхэн улаан амиа бодож яваа хүн нийслэлийнхний эрүүл мэндийг энэ цаг үед хамгаалж чадахгүй нь ойлгомжтой боллоо. Тухайлбал, Тохижилт үйлчилгээний компанид ажиллагсдыг дөнгөж сая л нэг юм шинжилгээнд хамруулахад эхний 56 хүний дундаас тав нь халдвар тээгээд явж байж. Халдвар тээсэн нь тэдний буруу огтхон биш ээ.
Үүрийн нөмгөн харанхуйгаас үдшийн бүрий болтол цан хүүрэг татуулан энэ хүйтэнд улаан гараараа ажиллаж яваа тэднийг хамгийн түрүүнд шинжилгээнд хамруулах ухаан Л.Төмөрбаатар даргад байсангүй. Одоо бусад дүүргийн ТҮК-ийнхан дунд хэдэн хүн ажлаа хийж яваад халдварт өвчинд өртчихсөн байгааг таахад бэрх. Хөл хорионы гадна ажил үүргээ хийсээр яваа тэднийг шинжилгээнд хамруулж чадаагүйнхээ төлөө Л.Төмөрбаатар болон ийм чадваргүй, сэтгэлгүй хүнийг энэ албан тушаалд томилсон ЭМЯ-ны хамсаатан нь огцрох ёстой юм биш үү. Ар өврийн хаалга, алив тал тохой татсан арчаагүй байдлаас чинь болоод иргэд эрүүл мэндээрээ хохирч байна. Коронагийн халдвар голомтлон тархаж байгаа энэ цаг үед мөнгө, хөрөнгөөрөө нүүрээ тахалж, ажил албан тушаал дээр очсон хүмүүс ингэж ажил унагаж, ард нь иргэд хохирдгийн тод жишээ энэ.
Халдвар багц хэлбэрээр болон голомтлон тархсан Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Дорноговь аймгийнхан шуурхай, оновчтой арга хэмжээ авснаар халдварыг дарж, өнөөдөр ногоон бүс болон иргэд нь хэвийн амьдралдаа орчихоод явж байхад нийслэл дэх хэдэн эмнэлэг нь халдварын голомт болчихсон НЭМГ яг юу хийж, ямар дорвитой арга хэмжээ авсан юм бэ.
Цаашид энэ байдлаар удаан үргэлжилбэл ажил үүргээ гүйцэтгэж яваа хэдэн ч иргэн халдвар тээгч болохыг таашгүй. Эрсдэл бүхий бүлгүүдийг тодорхойлоод, эхний ээлжинд шинжилгээ үйлчилгээнд хамруулсан бол ТҮК болоод автобус бааз, тэгээд нийслэл дэх хэдэн эмнэлэг нь коронагийн голомт болохгүй л байсан. Л.Төмөрбаатар Та шалтгаан биш шалтаг тоочин утсан улаан амиа хоохойлохын оронд энэ ажил албыг залгуулж чадахгүй нь гээд чаддаг хүнд нь өгчих чадал ядаж алга уу.
2021 оны нэгдүгээр сарын 18. Даваа. №005 (5410)