ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН АМЬДРАЛ ХАР ДАНСАН ДЭЭР ДЭНЖИГНЭЖ, ХАР АМИА ХООХОЙЛОГЧИД ХАЛАМЖИНД БЯЛУУРСАН ЦАГ

Улс төр
-Эгч ээ, хамгийн жижиг савтай масло, нэг “Атар” талхтай авмаар байна... хэмээн сулхаан дуугарах залуухан бүсгүй рүү харснаа доош тонгойн лангууны араас навсайсан хавтастай дэвтэр гаргаж ирэн:
 
-Танай өр нэмэгдээд л байна даа... гэх худалдагчаас харц буруулан байж:
 
-Одоо удахгүй ажил цуглах байх аа, эгч ээ. Гурван хүүхэд идэх талхны ч булангүй болчихлоо хэмээн учирлав.
 
-Үсчин мөд ажиллах юм болов уу? Одоо яаж “Үгүй” гэх вэ дээ... гэснээ тооны машинд хэдэн тоо хийгээд “Танай өр 100000 хүрэх нь байна шүү гээд талх, масло авюч өгсөн худалдагчид:
 
-Баярлалаа, эгч ээ. Би ч ажил хийж байвал өрөө дор дор нь өгдөг юм аа. Үсчин ажиллуулахгүй болохоор ямар ч орлогогүй боллоо гээд яаран гарлаа.
 
Тэр хоёрын ийн ярихыг сонсон, ийш тийш холхин байсан настайвтар эр ирснээ:
 
-Чамаас ч гуйлга тасрахгүй байгаа биз. Манай хүргэн таксинд явж хэдэн төгрөг олдог байсан чинь одоо бүр нам суусаан. Хоногийн хоолны махгүй болоод хэцүүдэж байна. Амаа хөдөлгөх нь олон мөртлөө муу хүргэн минь л хоол залгуулдаг байж. Ганц цувдай, хоёр кг гурил өгөөд, манай хар дансан дээр өртгийг нэмээд биччих... гэв.
 
Худалдагч өрийн хар дансаа сөхөж, үнийг нэмж бичив бололтой санаа алдсанаа хөлдүү цувдай, цаасан ууттай хоёрдугаар гурил авч өглөө. Гурилын бололтой жижиг цагаан шуудай руу зээлээр авсан гурил, цувдайгаа хийгээд хөл нь хөнгөрсөн мэт гарч одох тэр хүнийг гэрт нь ач, зээ үр хүүхэд гээд хэдэн хүн хүлээж байгааг хэн ч эс мэднэ.
 
Хотын зах, гэр хорооллын орчимд хүнсний дэлгүүрийн хар данс зузааран иймэрхүү л маягтай байна.
 
Засгийн газраас цар тахлын хүндрэлийг даван туулахад зориулан авч байгаа эдийн засаг, нийгмийн арга хэмжээнүүд иргэд болон аж ахуйн нэгжүүдийн амьдралд нэмэр болж байгааг огт үгүйсгэхгүй. Гэхдээ төдийгөөс өдий хүрэхэд байж боломгүй гаж арга хэмжээ зонхилоод байна. Тухайлбал, нэг хэсэг нь өгдөг, нөгөө хэсэг нь зөвхөн алгаа тосоод сууж байдаг халамжийн хавтгайрсан хэлбэр нь залхуучуудаа дэмжсэн, тэднийг өөгшүүлсэн л хэрэг болоод байна. Халамжаар бөмбөгдөж, өнөө маргаашийг зөвхөн хоолтой байлгах үүднээс биш маргааш хоол ундтай, хүний гар харахгүйн тулд хэрхэх талын бодлого, төлөвлөгөөтэй сөн бол жижиг худалдаачид, хувийн хэвшлийнхнээ хог руу түлхсэн мэт харагдахгүй байлаа. Тэдний ард хэдэн хүн амьжиргаагаа залгуулж, тэд хичнээн хүн тэжээж явдгийг тооцох учиртай. Өдрийнхөө орлогоор амьдралаа авч явдаг үйлчилгээ, худалдааныхан олон. Тэд улсаас нэг төгрөг ч гуйлгүй, улсаас халамж огт хүртэлгүй явдаг гэдгийг Засгийн газар тооцсонгүй. Тэд бол төрийн үүрэх ачааг хөнгөлж, өөрөө өөрсдөө бас өчнөөн хүний амьдралыг үүрч явдаг улс.
 
Амьдрал эрээнтэй, бараантай. Яг адилхан биш л дээ. Гэвч амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах ... эрх нь иргэн бүрт адилхан.
 
Зайсангийн хойно байх “Номин” супермаркет түүний ойролцоохь “Имарт” дэлгүүрийн гадна талбай машин олонтой байлаа.
 
Худалдааны танхим руу ороход хөл хөдөлгөөн ихтэй. Касс орчимд үйлчлүүлэгчид дугаарлажээ. Түрдэг том сагсаар дүүрэн шахам бараа бүтээгдэхүүн бичихэд хугцааа ордог учраас ийм урт дараалал үүсэхээс яахав.
 
Жаахан хүүгээ дагуулсан эхнэр, нөхөр бололтой залуухан хос дөрвөн уут хүнс аваад гарахдаа 350 гаруй мянган төгрөг төлөөд гарав.
 
Дарааллын дагуу нас тогтсон эмэгтэй, охиныхоо хамт кассан дээр ирэв.
 
-Гахай, тахианы болоод хонь үхрийн ангилсан уут уутаараа, хэдэн төрлийн хиам, хоёр торх өндөг... Том савлагаатай ундаанаас эхлээд ариутгал цэвэрлэгээний материал эгнүүлэн тавьж байгаад тооцоог хийхэд үнийн дүн бараг хагас сая төгрөгөнд дөхөж очлоо.
 
-Бонусаа авах уу гэх кассчны асуултанд:
 
-Үлдээнэ... хэмээн дуугарсан охины зүүсэн амны хаалт хүртэл арай л өөр. Энэ бол улаанбаатарынхны уншлага болсон хоёр гүүр давж амьдардаг хосгүй баячуудын дүр зураг. Нийслэлийн оршин суугчдын амьдрал ийнхүү ордог дэлгүүр, оршин суудаг газраараа ялгарах болсон. Тиймдээ ч өнөөдөр хөл хорионы гадна үлдсэн томоохон хүнсний дэлгүүр, зарим нэг үйлдвэрлэгчдийн орлого өсчээ. Орлого нь өссөн эдгээр үйлчилгээ, худалдааны ард өнөө л төрийн томчуудын нэр байгааг харахаар дургүй хүрнэ. Томчуудын эрх мэдэлтний дэлгүүр худалдаа үйлдвэрлэл хөл хорионы үед ч ашигтай байхад хэн нэгэн иргэний ажил үйлчилгээ яагаад нам зогсов. Улс оронд аль ашигтай бүхнийг эрх мэдлийнхээ эр бяраар өөрийн болгодгийн жишээ нь л энэ. Тэгэхэд адилхан ажиллаж байгаа мөртлөө гэр хороолол орчмын хүнсний дэлгүүрүүдийн өрийн хар дэвтэр зузаарсннас биш орлого ашиг нэмэгдсэнгүй. Хамгийн ашиг орлого олсон “Имарт”, “Номин”, “Оргил” худалдааны төвүүдэд өр тавьж бараа авдаг хүн байхгүй. Өндөр үнэтэй ч байсан үйлчлүүлдэг хэсэг бүлгийнхэнд эхнээсээ зориулсан дэлгүүрүүд. Цар тахлын үед ч ашигтай ажиллана аа гэдгийг томчууд олж хараад, тийм том том дэлгүүр худалдаагаа нээдэг болохыг сая олж харсан тухайгаа ярьж байгаа худалдаачны үг сэтгэл сэмрүүлэв.
 
Мөнгө босгож, үйлдвэрлэдэг төр гэж хаана ч байхгүй. Мөн­гийг хувийн хэвшлийнхэн, биз­несүүд, үйлдвэрлэгчид босгодог. Өөрөөр хэлбэл, төрийн захиран зарцуулдаг мөнгийг татвар төлөгчид бий болгож өгдөг. Тэд­нийгээ өнөөдөр хог дээр хаях мэт орхиж болно гэж үү. Үгүй, харин ч хамгаалалтдаа авч гэмээнэ олон олон иргэний амьдралыг төр биш тэд авч явдаг юм.
 
2021 оны нэгдүгээр сарын 18. Даваа. №005 (5410)