ХҮН АМЫН ТАВАН ХУВЬД ХАЛДВАР ТАРХВАЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР АЧААЛЛАА ДИЙЛЭХГҮЙ

Нийгэм, Эдийн засаг

Монгол Улсын хүн амын таван   хувьд “Ковид-19” халдвар тархахад эрүүл мэндийн салбарын нөөцийн бэлэн байдал илт доголдох тул тархалтыг нэг хувиас хэтрүүлэхгүй байх арга хэмжээ авах хэрэгтэйг судлаачид зөвлөжээ.  Монгол Улсад  тохиолдох коронавирусийн онцлог, халдвар ба өвчлөлийн эмнэлзүй,  оношилгоо, эмчилгээ, эмчилгээний талаар судалгааны 12 ажлыг ЭМЯ  өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлүүлсэн бөгөөд одоогоор дөрвөн судалгааны ажлын үр дүн гарчээ. Монгол Улсад “Ковид-19” халдварын үеийн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг үнэлэх эдийн засгийн зардал тооцох судалгааны зарим дүнг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тус яамнаас танилцуулав. ДЭМБ-аас хүн амын дунд халдвар 1, 5, 10 хувиар тус бүр тархахад учрах зардал дарамтыг тооцох эдийн засгийн  аргачлалыг ашиглан тооцоолж  нотолгоонд суурилсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжийг олгосноороо энэхүү судалгааны ач холбогдол оршиж байна.

Судалгаагаар коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үеийг судалсан байна. Тухайн үед Монгол Улсын хүн амын тоо 3 344 237  байв. Үүнээс хүн амын 1 хувьд халдвар тархахад 33 442 хүн өвчилж, уг өвчилсөн иргэдийн 20 хувь нь эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлж, 80 хувь нь гэрийн тусгаарлалтад хяналтад байна гэж үзжээ. Энэ тохиолдолд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүн ам 6 688, нэг иргэнийг хэвтэн эмчлэх эмчилгээний дундаж өртгийг 9.9  сая төгрөг гэж тооцоход  66 тэрбум төгрөгийг эмчилгээнд зарцуулах байжээ.

Хүн амын таван хувь халдвар авахад 330 тэрбум, харин 10 хувьд халдвар тархахад 660 тэрбум төгрөгийн эмчилгээний зардал тус тус гарах байсныг хэмнэсэн гэсэн тооцоо гарчээ. Хүн амын нэг хувьд халдвар тархахад 26 764 хүн гэрийн тусгаарлалтад эмчлүүлнэ, ХӨСҮТ-д тооцсон өртгийн судалгааны багийн тоон мэдээлэлд үндэслэн нэг хүний эм тариа болон шинжилгээний зардлыг 1.9 сая төгрөг гэж үзвэл 51 тэрбум тэгрөгийн эмчилгээний зардал гарч байна

Харин хүн амын дунд таван  хувьд халдвар тархахад гэрээр эмчлүүлэх шаардлагатай 133 769 иргэн байх бөгөөд эмчилгээний зардал  255 тэрбум төгрөг,  10 хувьд тархвал 509 тэрбум төгрөг тус тус зарцуулнэ гэж судлаачид тооцжээ. “Ковид-19”-өөс шалтгаалсан нас баралтын эрсдэлийг тооцоолоход хүн амын нэг хувьд халдвар тархсан бол 12 685 хүн жилийг алдах эрсдэлтэй. Харин 10  хувьд тархахад 126 859 хүн жилийг алдах эрсдэл учирч болох байжээ. Хүн амын таван  хувьд тархахад 465 тэрбум төгрөг, 10 хувьд тархахад 1.1 их наяд төгрөгийн зардал эрүүл мэндийн салбарт шаардах байснаас сэргийлж чаджээ.

Хүн амын нэг хувь халдвар авах үед 15 824  эмч, сувилагч улсын хэмжээнд хэрэгцээтэй, хүний нөөц энэ үед 90 хувийн чадамжтай байна. Харин хүн амын 5 хувь өвчлөх үед хүний нөөцийн чадамж 18 хувь буюу ачааллаа даах чадамжгүй болох тухай тооцоолол гаргажээ.

Халдвар хүн амын нэг хувьд тархсан үед орны нөөц хангалттай, хүн амын халдвар 5 хувь болох үед улсын хэмжээнд 65 хувь, орон нутагт 42 хувийн тус тус хүрэлцээтэй байна. Эрчимт эмчилгээний орны нөөцийн хувьд халдвар иргэдийн нэг хувьд тархахад 32 хувь байх тооцоо гарчээ.