ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТОВЫГ МЯГМАР ГАРАГТ ТОГТООНО

Улс төр

УИХ-ын даргын зөвлөл  өнгөрсөн баасан гарагт  /2021.01.15/ хуралдаж, шинэ долоо хоногт Байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоогоод байна. Энэхүү дарааллаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Мягмар гарагт буюу нэгдүгээр сарын 19-нд хуралдаж ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг  тогтоох болжээ.  Мөн  Ерөнхийлөгчийн сонгуулиар хэрэглэх техник хэрэгслийн тухай ч хэлэлцэх юм. УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг өнгөрсөн сард хэлэлцэн баталсан ч санал хураалтыг хэдний өдөр зохион байгуулах, энэхүү сонгуулийг зохион байгуулахад хэдий хэмжээний зардал шаардаж байгаа вэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай  УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай  УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр тодорхой болгохоор болсон юм.